Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ё.Манлайбаяр: 2015 он гэхэд “УБТЗ”-ын ачаа тээвэрлэх хүчин чадал 70 хувиар нэмэгдэх боломжтой

ОХУ-ын Москва хотноо Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын 17 дугаар хуралдаан амжилттай өндөрлөсөн. Өнгөрсөн сарын 26-27-ны өдөр үргэлжилсэн хуралдааны Монголын талын хэсгийг Шадар сайд Д.Тэрбишдагва ахлан оролцжээ.
Энэхүү хурлын үеэр  зам, тээврийн салбартай холбоотой ямар асуудал хэлэлцсэн талаар Зам, тээврийн яамны  Далайн тээвэр, төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяртай ярилцлаа.  

-Орос-Монголын Зас­гийн газрын хоорондын Ко­миссын ээлжит хуралдаан өнгөрсөн сард боллоо. Өмнөх хуралдаануудаасаа ямар онцлогтой болов?
-Энэ удаагийн хурал­дааны гол онцлог нь  хоёр улсын тээврийн салбар, түүний дундаас “УБТЗ”-ын техникийн шинэчлэлийн талаар нааштай ойлголцолд хүрсэн явдал байлаа.
“УБТЗ”-ын шинэчлэлийн ерөнхий зарчмуудаа тогтлоо. Хоёр улсын Засгийн газар хоо­рондын Комиссын хурал­даанаар хэлэлцэх асууд­луудын анхаарлын төвд  Орос-Монголын хувь ний­лүүлсэн “УБТЗ“ нийгэм­лэ­гийн асуудал байдаг л даа. Зохих хэмжээнд анхаарал хандуулдаг гэсэн үг.
Энэ удаагийн хуралдааны үеэр төмөр замын тээвэртэй холбоотой 17 асуудал хэлэлц­сэний ихэнх нь буюу арав гаруй нь “УБТЗ”-тай холбоотой байсан.  Хамгийн гол асуудал нь саяхан болж өнгөрсөн “УБТЗ”-ын Ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэгдсэн зүйл. Энэ нь “УБТЗ”-ын техни­кийн шинэчлэлийг эхлүүлэх тухай юм. Эхний ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцсан.

-“УБТЗ”-ын техникийн ши­нэчлэлийг хоёр үе шат­тайгаар хэрэгжүүлэх тухай хэлэлцсэн гэлээ. Хэдий хугацаанд хэрэгжүүлэх вэ?
-2015 оныг дуустал эхний үе шатны шинэчлэл хийгдэнэ. Хоёр дахь үе шат буюу 2020 он хүртэл “УБТЗ”-ын техникийн шинэчлэлийг хийхийн тулд Техник эдийн засгийн үндэслэлийг 2014 оны эхний хагас жилд багтаан боловсруулахаар тохирсон.
Орос-Монголын  Засгийн газар хоорондын комиссын дарга нар, түүний дундаас Оро­сын талын дарга С.Е.Донской “УБТЗ”-ын тех­­никийн шинэчлэлийг хэр­хэн хийх талаар талууд тохи­ролцоонд хүрсэнийг онцлон тэмдэглэж байсан.

-Эхний үе шатанд  хэ­рэг­жих “УБТЗ”-ын тех­ни­кийн шинэчлэлд хэдий хэмжээний хөрөнгө оруу­лалт шаардлагатай вэ. Тодорхой ямар ажлууд хийхээр тохиролцов?
-“УБТЗ”-ыг хөгжүүлэх эхний үе шатны хугацаанд нийт 257 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Үүнээс Монголын Засгийн газраас “УБТЗ”-ын дүрмийн санг нэмэгдүүлэх 125 сая ам.доллар техникийн шинэчлэлийн нэгээхэн хэсэг болно. Мөн 70 гаруй сая ам.долларыг “УБТЗ” өөрөө гаргана. Түүнчлэн Зам, тээврийн яамнаас “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах  дэд хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол банк”-ны санхүүжилтээр  “УБТЗ”-д хөнгөлөлттэй зээл олгохоор гэрээ байгуулсан. Энэ хүрээнд  зохих хэмжээний хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэнэ.

-Тэгвэл 2015 онд “УБТЗ”-ын техникийн ши­нэч­­­лэл, ямар  төвшинд хүр­­сэн байх бол. Ачаа, тээв­­рийн хүчин чадлын тухайд?
-“УБТЗ”-ын техникийн шинэчлэлийг хэрхэн хийх талаар нарийвчлан, төлөвлөж, тодорхой ярилцсан. Эхний үе шатыг 2015 он хүртэл хөгжүүлэхдээ санхүүжилтийг тодорхой болгосон. Техни­кийн шинэчлэлтэй холбоо­той цөөнгүй ажил хийгдэнэ. Тухайлбал, эхний ээлжинд 70 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “УБТЗ”-ын дохиолол, холбоонд техни­кийн шинэчлэл хийх юм. Хөд­лөх бүрэлдэхүүн нэмж авах, зургаан өртөөнд өргөтгөл хийх зэрэг ажил бий. Мөн зорчигчийн вагон, хот дотор явах рейлбус худалдаж авах гэх мэт өргөн хүрээний арга хэмжээнүүд болох юм. 2015 онд “УБТЗ”-ын техникийн шинэчлэлийн хөгжлийг хэрэг­жүүлж дууса­хад тус тө­мөр замын ачаа тээвэрлэх, нэвтрүүлэх хүчин чадал 70 хүртэлх хувиар нэмэгдэнэ. “УБТЗ” 2012 онд 20 сая тонн ачаа тээвэрлэсэн. 2013 онд 21 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, тех­никийн шинэчлэл хийг­дэж, хөтөл­бөрийг бүрэн хэ­рэг­жүүлсэнээр “УБТЗ” 2015 онд жилд 34 сая тонн ачаа тээвэр­лэх хүчин чадалтай болох юм.


Нийгмийн ачааллыг “УБТЗ” үүрч байна

-Хоёр улсын хувь ний­лүүлсэн нийгэмлэг гэ­дэг утгаараа “УБТЗ” шийд­вэрлэх “дотоод”-ын ямар асуудал байна вэ?
-“УБТЗ”-ын тээврийн зарим тарифын тухай Засгийн газар хоорондын Комиссийн хуралдааны үеэр хөндөгдсөн. Тухайлбал, 2012 онд “УБТЗ” 20 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэндээ байгаагүй дээд амжилт  тогтоосон шүү дээ.
Хувийн бизнесийн бай­гууллагын хувьд хэдий хэмжээний их ажил хийнэ, төдий чинээгээрээ ашиг орло­го нь нэмэгддэг. Энэ бол бизнесийн зарчим. Гэтэл “УБТЗ” дээр  нийгмийн чиглэлийн ачаа, тээвэрлэлт байдаг. Жишээ нь, зорчигч тээвэр, “ТЭЦ”-үүдийн нүүрс­ний тээвэрлэлтийг нэрлэж болно. Тус төмөр замд бай­даг нийгмийн шинж чанартай тээврүүд нь “УБТЗ”-ыг алдаг­далд оруулдаг.

-Хэдий хэмжээний алдагдлыг энэ жил “УБТЗ” хүлээж байна вэ?
-Энэ жил гэхэд “УБТЗ” зорчигч тээврээсээ 24 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж  байгаа юм.  Цахил­гаан  станцуудын нүүрс тээвэр­­лэлтээс 11 тэрбум  төгрөгийн алдагдалтай гэх зэргээр дотоодын тээврийн алдагдалтай тарифаас болж, “УБТЗ” 2013 онд 44 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Товчхондоо, “УБТЗ” өөр дээрээ нийгмийн ачааллыг үүрч байна гэсэн үг. Дээр өгүүлсэнчлэн ачилт нь, ажил нь нэмэгдээд байдаг. Ашиг орлого нь дагаж өсөхөөсөө илүүтэй алдагдал нь нэмэгдэх болсон.

-Үүнээс гарах  гарц нь юу вэ?
-“УБТЗ” тээврийн тари­фынхаа асуудлыг өнөөдрийн бодит байдалд нийцүүлж, өөрчлөх шаардлагатай. Ашигтай нь байг гэхэд ядаж алдагдалгүй ажилладаг байх ёстой. Ийм саналыг Засгийн газрын хоорондын комиссын хуралдааны үед ОХУ-ын талаас тавьсан.

-Төмөр замын дотоо­дын тээврийн тарифын алдагд­лыг нөхөхөд Зас­гийн газар дэмжлэг үзүүлэх боломж хэр байдаг вэ?
-Тээврийн тарифаа “УБТЗ” өөрөө тогтоодог. “УБТЗ”-ын тогтоосон тарифыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар батлах болдог. Гэвч болгоомжтой хандах зүйл бас байна. Тухайлбал, цахилгаан станцуудын нүүрс тээвэрлэлтийн үнийг нэмэхэд, эрчим хүчний үнэ нэмэгдэх эрсдэлтэй. Зорчигч тээвэрт ч ялгаагүй. Зорчигчийн зорчих тасалбарын үнэ нэмэгдэнэ.

-Гэхдээ “УБТЗ”-аар зорчигчид аюулгүй, бас хамгийн  хямд өртгөөр зорчиж байгаа шүү дээ?
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас Замын-Үүд орох зорчигчийн галт тэрэгний плацкартны ваго­ноор зорчих тасалбарын үнэ 9600 төгрөг байна. Гэтэл Улаанбаатарын төвөөс “Чингис хаан” олон ул­сын нисэх буудал руу очиход таксины төлбөр 20 мянган төгрөг. Ингээд харьцуулахаар харьцангуй бага үнээр галт тэргээр зорчиж байгаа юм.

-Төмөр замаар тээвэр­лэх ачаа тээврийн үнэ ч зөрүүтэй байгаа болов уу?
-Ачаа  тээвэрлэлтийн хувьд ч үнийн  зөрүү бий. Төмөр замаар тээвэрлэдэг ачааны үнэ, авто замаар тээвэрлэгддэг ачаанаас 15 дахин бага юм. Дахин хэлэхэд төмөр зам айхавтар ашиг олохдоо биш.


Ерөөсөө л алдагдалгүй байх гэсэн зүйл хэлэх байна

-Ингэхэд Оросын Зас­гийн газрын комиссоос “УБТЗ”-тай холбоотой ямар асуудлыг Монголын Засгийн газарт хандаж тавьсан бэ?
-Зүтгүүрийн дизель түлш­нээс татвар авдаг байд­лыг Засгийн газрын хоо­рондын хэлэлцээрийн дагуу авахгүй байх ёстой. Энэ татварыг зогсооно уу. Түүнч­лэн шатахуунаас Гаа­лийн татвар авах тухай яригдаж байна. Үүнийг 1949 оны хэлэлцээр болон Олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ үү гэсэн хүсэлт уламжилсан. Энэ мэт хэд хэдэн асуудал яригдсан.

-Монголчуудын ан­хаарлыг татдаг гол асууд­лын нэг нь  Зөвлөлт-Мон­голын хооронд байгуул­сан 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх эсэх тухай. Зас­гийн газрын хоорондын комиссын хуралдаан бо­лох бүрт л анхаарал хандуулдаг?
-Ер нь, 1960-аад оноос хойш л  Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэм­лэгийн 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх хү­сэл­тийг Монголын талаас тавьсаар өнөөг хүрсэн байдаг.
Хожим 1990-ээд оноос Монгол Улсын Засгийн газраас хэлэлцээрийг ши­нэч­лэх хүсэлтийг нэлээд эрчимтэй тавьж ирсэн ч, харамсалтай нь Оро­сын Засгийн газраас идэвхгүй байр суурьтай байж ирсэн. Энэ удаа ч гэсэн бид  “УБТЗ”-ыг байгуулах 1949 оны хэлэлцээрийг шинэчилье гэдэг хүсэлтийг  уламжилсан.

-Өөр шийдвэрлүүлэх чухал ямар хүсэлт илэр­хийлэв?
-Үүний зэрэгцээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр төмөр замаар тээвэрлэх, дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын хэлэлцээрээ үр­гэлж­лүүлэх санал тавьсан. Мон­голын талаас Засгийн газрын хоорондын комиссын хурал­даанд оруулах бүх асуудлаа уламжилсан.

-Транзит тээвэр анхаа­рал татах болсон. Зардал багатай, ашиг өндөртэй гээд. Засгийн газрын хоо­рон­дын комиссын ху­рал­даанаар ч яригдсан бо­лолтой.
-Европ-Ази тивийг хол­­бо­сон төмөр замын хамгийн дөт шугам Мон­гол Улсаар дайран өнгөр­дөг. Саяхан Замын-Үүдийг Улаанбаатартай хол­бос­­ноор  Ази-Европыг хол­бо­сон хамгийн дөт хатуу хучилттай авто замын сүлжээ ашиглалтад орлоо.
Зам, тээврийн яамны зүгээс ч тэр  төмөр замаар дамжих транзит тээврийг дэмжиж, сүүлийн үед нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар авто зам, төмөр зам, нефть дамжуулах хоолой, байгалийн хий дамжуулах хоолой, эрчим хүчний шугам гэсэн “Таван шугам” бодлогыг танилцуулсан юм. Оросын талаас Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг тө­мөр замын шугамыг ашиг­лан БНХАУ руу явах транзит тээврийг хөгжүүлье гэдэг саналыг дэмжихээ илэрхийлсэн гэсэн үг. Түүнчлэн гурван талт зөвлөлгөөнийг  дэмжиж оролцохоо ч мэдэгдсэн. ОХУ-аас гурван талт уг зөвлөлгөөнд Зам, тээврийн  яамны дэд сайд нь оролцохоо мэдэгдсэн.  “Таван шугам”-ын тухайд Монгол Улсад бодитой байгаа  хоёр гол шугам нь төмөр зам, хатуу хучилттай авто зам юм. Тиймээс төмөр замын гол шугамаа түшиглэж, транзит тээврийг хөгжүүлье гэдэг яриа өрнөсөн.

-Дахин нэг зүйл тод­руулах гэсэн юм. “УБТЗ”-ын гол  шугамыг хос болгоход асар их хөрөнгө  оруулалт шаардлагатай нь тодорхой. Цаашид төмөр замаа сайжруулан, засварлаад явах болов уу. “УБТЗ”-ын хэтийн төлөв­лөгөөнд хэрхэн тусах вэ?
-2014 оны эхний хагаст “УБТЗ”-ын цаашдын хэтийн хөгжлийн төлөвийг батлах тухай яриандаа дурдсан. Тэр үед, гол шугам болсон төмөр замыг хос болгох, жилд хэрхэн 100 сая  тонн ачаа тээвэрлэдэг болох  гэсэн асуултуудын хариулт улам тодорхой болно. Хэтийн төлөвлөгөөнд тусна. Хос замтай болоход их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана.

-Зам, тээврийн яам бие даан байгуулагдсанаас  хойш хийсэн, эхлүүлсэн то­моо­хон бүтээн байгуу­лалтуудын нэг нь Таван­ толгой-Гашуунсухайт чиг­лэ­­лийн төмөр замын ажил. Энэ өвөл хэдэн хувьтай өндөрлөж байна вэ?
-Шинэ төмөр замын газар шорооны буюу далангийн ажил энэ өвөл 73 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Цаг агаарын байдлаас шалтгаалан энэ жилийн ажлыг зогсоогоод байна. Хавар цаг агаараас шалтгаалж хэдэн сараас ажил эхлэх нь  шийдэгдэнэ.

0 Сэтгэгдэл
dargaa tsalingaa awaamaar b.a ilvv ajilcan tsagiin mungiig xvvxdvvdee beleg awch ugmuur b.a
Хамгийн их уншсан