Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ХОНИНЫ ЭЭЛЖ”-ТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД

Хэрэгжиж эхлээд хэдхэн хонож буй “Сургуулийн эргүүл” төсөлтэй танилцаж сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсроход хэрхэн нөлөөлж буйг сурвалжлахаар БГД-ийн ерөнхий боловсролын 113 дугаар дунд сургуулийг зорьсон юм. Эл сургууль нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх төслийг санаачлан хэрэгжүүлэхээс ч өмнө сургуулийн орчинд сурагч болоод багш, эцэг эхээр эргүүл хийлгэдэг уламжлал тогтсон байж. Эцэг эхчүүдийн эргүүлийн 07:30 цагаас эхэлдэг учир үүр цайхаас өмнө эртлэн гэрээс гарлаа.
Дуг нойрондоо дугжран буй нийслэл хот дуниартан сааралтах утаан дундаа бүдэг бадаг сүүмийх гэрлүүдээс өөр амьтай зүйлгүй мэт. Утаатай хэр нь “эрүүл” агаараар уушгиа цэнэглэн явсаар зорьсон газраа нэлээн ойрхон ирэв.
Төд удалгүй, хичээл сургуульдаа яарсан багачууд хэсэг хэсгээрээ, ганц нэгээрээ гарч ирсээр гэр хорооллын захад байх 113 дугаар сургуулийн зүг зургаа, долоотой балчруудаас хүүхдээ хөтөлсөн хөгшид гээд хэн хүнгүй л цувж эхлэв. Явсаар сургуулийн урд ирвэл шар хантаазаар ижилссэн хоёр хүн гартаа “Зогс, хүүхэд” гэсэн бичигтэй анхааруулах дохио барьсаар автозамын хоёр талд зогсч байв.
Энгэртээ “Эргүүл” гэсэн бичигтэй өмсгөл нь  фосфортон харагдах нь нүднээ содон тусна. Эцэг эхчүүдийн эргүүл хичээл орохоос өмнө хэдийнэ эхэлсэн нь энэ. 113 дугаар суруультай хаяа нийлсэн зам хальтиргаа гулгаагүй ч хуучин нийгмийн үед баригдсан болохоор элэгдэл, хорогдол ихтэйгээс гадна хоёр машин зөрөхөд хэтэрхий нарийн. Тийм ч учраас энэ зам дээр аваар осол гарах эрсдэл ч ихтэй гэнэ. Эргүүл хийж буй эцэг эхчүүдийн төлөөлөл болох 2а ангийн сурагч Даваажаргал, Галбадрах нарын ээж, аав О.Лхагважав, Н.Алтаншагай хоёртой уулзлаа. Хамт эргүүл хийж ажил албыг нь сурвалжилж болох уу гэвэл дуу нэгтэйгээр зөвшөөрч байна. Өглөөний 07:30-08:00 цаг бол сургууль цэцэрлэгийн орчим хүний хөлд дарагддаг ид ачааллын үе. Эргүүлийн албыг эцэг эхчүүдтэй хамт хийхээр болсон би багийн ахлагч О.Лхагважаваас гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу зааварчилгаа авав.
Дээр хэлсэнчлэн хичээл эхлэх болоод тарах үед хөл хөдөлгөөн ихтэй байдаг учир сургуулийн хажуугийн зам дээр гурвуул зогсч сурагчдыг зам гарахад нь туслахаар болов. Зориулалтын хувцас хэрэглэл дохиотой болохоор О.Лхагважав, Н.Алтаншагай нар гарцны хоёр талд зогсоно, Миний хувьд хажуугийн цэцэрлэгийн шатаар бууж буй сурагчдыг хөтлөхийг нь хөтөлж, тэврэхийг нь тэвэрсээр өндөр шатаар буухад нь туслана. Сургуулийн хажуугийн зам руу сул шороо, хайрга чулуу нурах нь их бөгөөд зам дээр байгаа чулуу хурдтай явж буй машины дугуйнд шидэгдэн хүүхдүүдийг онож гэмтээх аюултай. Тиймээс урт зам дагуу уруудсаар зам дээрх чулуунуудыг зайлуулах ажил надад ногдов. Ойролцоогоор цаг орчим орчин тойрны чулууг зайлуулж, ганцаараа явж буй сурагчдыг гарцаар гарахад нь тусалсаар хичээл ч эхлэх нь тэр.
Завсаргүй хөврөх машин тэрэг, зайгүй үргэлжлэх сурагчдын хөдөлгөөн багасч хичээл орсон хойгуур Н.Алтаншагай бид хоёр эргүүлд гарахаар боллоо. Энэ нь сургуулийн орчин тойронд хичээлээс хоцорсон, тасалсан сурагч байгаа эсэх, түүнчлэн ахлах ангийнхан архи, тамхи хэрэглэх цаашилбал бага ангийн сурагчдын утас, мөнгө төгрөгийг дээрэмдэх, зодож цохих тохиолдол гардаг болохоор ийнхүү эргүүл хийдэг аж.
113 дугаар сургуульд БГД-ийн 9, 10, 12 дугаар хороонд  харьяалал бүхий 1196 хүүхэд  суралцах бөгөөд нийт 132 багш ажилтантай. Ажлын таван өдөр эцэг эхчүүд, багш ажилчид нийлсэн 4-6 хүний бүрэлдэхүүнтэй баг өдөр бүр хоёр ээлжээр эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Надтай хамт эргүүлд гарсан хоёр өглөөнөөс аваад 13:00 цаг хүртэл үүргээ гүйцэтгээд дараагийн ээлжиндээ ажлаа хүлээлгэн өгнө. Өдөрт хоёр ээлжээр нийт дөрвөн хүн эргүүл хийсээр нэг ангийн эцэг эхчүүд тухайн долоо хоногоо дааж авдаг гэнэ. Хичээлийн жил эхэлхээс дуусах хүртэл нэг хүн нэг л удаа эргүүлийн ажил хийх бөгөөд үүнд нийт эцэг эхчүүдийн 40 орчим хувь нь хамрагддаг аж. Тухайн долоо хоногт эргүүл хийх ээлжтэй ангийн эцэг эхчүүдийг ангийн багш нь хэзээ эргүүл хийхийг нь хувиарлах ба эцэг эхчүүд ч цаг заваа бодолцон хоорондоо тохирч ээлжээ солилцох боломжтой гэнэ. Н.Алтаншагайгийн хувьд эрхэлсэн ажилгүй учир энэ албанд сайн дураараа зүтгэсэн бол барилгын компанид менежер хийдэг О.Лхагважав ажлаасаа чөлөө авсан аж. Эргүүл хийж буй эцэг эхчүүд эл ажил үүргээ “Хонины ээлж” хэмээн нэрлэсэн нь нүдээ олсон ч юм шиг. Дэггүй жаахан сурагчдыг дэгтэй байлгахаас гадна аюулгүй байдлыг нь хангах үүрэг хүлээсний хувьд хоньчин мэт байнгын сонор сэрэмжтэй байхыг шаардана. Тиймдээ ч “Хонины ээлж” хэмээн нэрлэсэн эргүүлийн ажилд эцэг эхчүүд идэвхитэй оролцдог гэнэ.

Алтаншагай бид хоёр сургуулийг нар зөв гороолж ойр орчмыг нэгд нэгэнгүй шалгав. Ахлах ангийнхан хичээл таслан энд тэнд тамхи баагиулж зогсдог нь бий. Сургуулийн арын гудамжинд шар сүүлт зуусан 17, 18 орчим насны гурван хүүхэд байсантай таарч сурагчийн үнэмлэхийг нь шалгавал өөр сургуулийн сурагч  болох нь тогтоогдов. Тэдэнд хичээлдээ явахыг зөвлөөд эргэн эргүүлдээ гарлаа. Онцын зөрчил дутагдал илрээгүй учир сургуулийн авто зогсоолд хүүхдээ хүргэж өгөхөөр ирсэн эцэг эхчүүдэд машинаа байрлуулахад нь тус болж хэсэг саатав.
Энэ мэт эргүүл хийсээр их үд ч ойртсон байв. Лхагважав бид хоёр их завсарлагааны үеэр зам дээр гарч гарцаар гарч буй сурагчдын аюулгүй байдлыг хангахаар болов. Харин Алтаншагай сургууль дотор их завсарлагааны үеэр эмх замбараагүй бужигнах сурагчдыг бага ч болов зохьцуулахаар орлоо. Энэ хооронд Лхагважавтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тухай цөөн хором ярилцсан. БГД-ийн гуравдугаар хороолол буюу бидний мэдэх хорооллын эцсээс 113 дугаар сургуулиас хойш гэр хороолол руу хүн зөөж такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нар хурд хэтрүүлэн давхих нь их байдаг аж. “400-ын унаа” хэмээн нэрлэгддэг эдгээр таксиныхан замын хөлөлгөөний наад захын соёлгүйгээс гадна зорчигчийн тоог хэтрүүлэн суулгах тохиолдол элбэг. Тэр тусмаа өглөө эрт. Сургуулиас хойш хоёр км орчим үргэлжлэх гэр хорооллын дундах зам явсаар 9 дүгээр хорооны эцэст байх улаан худаг хүртэл хөврөнө. Өглөө эрт, ажил сургуульдаа яарсан хүмүүс өнөөх “400-ын унаа”-гаар үйлчлүүлэх нь их учир жолооч нар зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хүн суулгадаг аж. Жолоочийн хажуугийн суудал дээр хоёр хүн суулган хөдөлгөөнд оролцох ч бий. Мөн хорооллын доторх замаар хурд хэтрүүлэн давхидаг нь осол аваар гаргаж цаашлаад түүнд нь сурагчид өртөх магадлал элбэг.
Эл асуудлаар сургуулийн Нийгмийн ажилтантай уулзахаар эргүүлийн ажлаасаа түр чөлөөлөгдөв. Эргүүлийн ээлж солигдохоос өмнө Нийгмийн ажилтан Х.Отгонцэцэгтэй уулзлаа. “Манай сургууль харьцангуй залуухан сургууль. Байгуулагдаад таван жил л болж байна. Одоохондоо сурагчдаас авто осолд өртсөн тохиолдол гараагүй ч эрсдэл ихтэй. Сургуулийн хажуугийн зам бүхэл бүтэн гэр хороолол руу хөтлөх ганц гарц учраас энэ замын хөдөлгөөн өглөөнөөс үдэш болтол тасардаггүй. Мөн замын төгсгөл хэсгийн эргэлт дээр засварын газар, граж байрладаг нь жолооч нарын харах орчинг хязгаарладаг. Мөн “400-н унаа”-ны жолооч нар хурд хэтрүүлэх нь хэрээс хэтэрсэн. Тиймээс осол гарахгүй гэх баталгаагүй. Манайхаас дүүргийн Замын цагдаагийн тасагт дээрх асуудлыг нэг тийш болгож өгнө үү хэмээн бичиг хүргүүлсэн ч одоогоор хариу ирээгүй байна” хэмээсэн юм.
Нийгмийн ажилтны хэлснээр цагдаагийн хэлтэст хүргүүлсэн бичгийн араас БГД-ын Замын цагдаагийн тасаг руу явахаар шийдэж “хонины ээлж” таарч хамт эргүүл хийсэн хоёртойгоо салах ёс хийгээд Төмөр замд байрлах БГД-ийн Замын цагдаагийн тасгийг зорилоо.

Б.Мянарбат: Жолооч нарт арга хэмжээ авч болно

-БГД-ийн Замын цагдаагийн тасгийн ахлах дэслэгч Б.Мягмарбаттай 113 дугаар сургуулийн асуудлаар цөөн асуултад хариулт авсан юм.

-Би 113 дугаар сургуулийн эцэг эхчүүдтэй эргүүл хийсэн юм. Тэр хавийн замын хөдөлгөөний ачаалал ихтэйгээс гадна жолооч нар хурд хэтрүүлэх нь элбэг гэнэ. Энэ талаар танайхаас ямар арга хэмжээ авч байна?
-Бидний зүгээс шаардлагатай гэсэн бүхий л ажлыг хийж байна. Замын тэмдэг тэмдэглэгээнээс гадна ирэх хавраас сургуулийн хажуугийн зам дээр хурд сааруулагч хийлгэхээр Нийслэлийн авто замын газарт захиалга өгчихөөд байгаа. Мөн өнгөрсөн намар тэр хэсэгт нэг ч тэмдэг, тэмдэглэгээ байгаагүйг нь зам засварын ажлын далимд хийж гүйцэтгүүлсэн. Бидний зүгээс Замын хөдөлгөөний тухай хуулийн хүрээнд сургуулийн орчинд, гарц, гармын тэмдэг, хурд саруулагч гэх мэт хийгдэх ёстой ажлын зааварчилгаа, зураг төсөл байршлыг нь гаргаж өгдөг. Харин гүйцэтгэл болоод хөрөнгө мөнгийг нь авто замын газраас гаргадаг юм. Хурд сааруулагч, гарцын цагаан шугаман тэмдэглэгээний хувьд дулааны  улиралд, +15 хэмээс дээш дулаантай байхад хийхгүй бол асвальтаар цутгадаг тул хагарч гэмтэх цаашлаад насжилт нь богиносдог. Тиймээс ирэх хавраас энэ ажил хийгдэнэ. Бусад тэмдэг тэмдэглэгээ хийгдчихсэн.
-Тэр замаар зорчдог “400-ын унаа”-ны жолооч нар хурд хэтрүүлэх нь их байдаг тухай сургуулийн зүгээс мэдэгдсэн гэсэн. Энэ талаар ямар ажил хийгдэх ёстой юм бол?
-Бидний зүгээс тэднийг хүн тээвэрлэхийг нь хориглож арга хэмжээ авах үндэс байхгүй. Харин хурдны хэмжээг хязгаарлаж замын эхлэл болоод бусад хэсэгт хорооллын доторх зам гэсэн тэмдэглэгээ хийж, хурдны дээд хэмжээг нь 20 км/цагаар тогтоож болно. Энэ ажил удахгүй хийгдэнэ. Манайхаас шаардлагатай байгаа тэмдэг, тэмдэглэгээг хаана хийх тухай зураг гаргаж тасгийн даргаар батлуулж, Замын цагдаагийн газар хянуулсны дараа Нийслэлийн автозамын газар тавих эсэхийг нь шийддэг. Мөн зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүн тээвэрлэсэн, давхарлаж суулгасан жолооч нарт арга хэмжээ авч болно.
-Сургуулийн урд, замын төгсгөлийн эргэлт хэсэгт граж, авто засварын газар байрладаг нь үзэгдэх орчинг хязгаарладаг гэсэн?

-Тэр гражийг зайлшгүй буулгахаас өөр аргагүй. Энэ талаар дүүргийн газрын албанд үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсэг учир гражийг буулгаж өгнө үү хэмээн аравдугаар сарын 18-нд зураг хөрөгтэй нь хавсран бичиг хүргүүлсэн. Удахгүй нэг тийш шийдэгдэх байх.
Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан