Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Батгэрэл: Цэвэр органик бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой

Монгол Улсад аж үйлдвэрийн салбарыг дэмжин хөгжүүлэх зорилгын хүрээнд өнгөрөгч тавдугаар сард  Монголын үйлдвэржилт, хөгжлийн төв ТББ-ыг нээн ажиллуулж эхэлсэн. Үйлдвэрлэлийн салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн зорилготой уг төвийн цаашдын үйл ажиллагаа болон Монголын үйлдвэржилтийн өнөөгийн байдал, ирээдүйн талаар тус төвийн захирал Р.Батгэрэлтэй ярилцлаа.


-Монгол Улсад үйлдвэрлэл дорвитой хөгжихгүй байгаа шалтгааныг хямд өртөг бүхий зах зээлтэй, том улстай хиллэдэгтэй холбон тайлбарладаг. Зах зээлээ хамгаалахын хажуугаар үйлдвэрлэлийг үр дүнтэй хөгжүүлэх ямар гарц байгаа талаар бодлоо хуваалцана уу?
-Манай улс томоохон хэмжээний зах зээл бүхий хүчирхэг хоёр том гүрэнтэй хил залгаа оршдог нь харин ч манай давуу тал гэж боддог. Үйлдвэрлэл, ялангуяа химийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн оронд үйлдвэрлэлийнхээ процессыг товчлох, дахин боловсруулах, түүхий эдийг орлуулах бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон аргаар үйлдвэрлэл явуулж, хямд бүтээгдэхүүн гарган авч байна. Энэ нь бидний ярьж ойлгож байгаагаар хиймэл бараа, бүтээгдэхүүн юм. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн дээр энэ асуудал дэлхий нийтээр ярьж, зарим хуурамч бүтээгдэхүүн хүний бие организм, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа олон арван жишээ байнга сонсогдож байна.
Дэлхий нийтээр химийн найрлагагүй цэвэр органик бүтээгдэхүүн рүү хошуурч байгаа энэ цаг үед манай улс түүхий эд, эрдэс баялгийн арвин нөөцдөө тулгуурлан үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлж, оргинал, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн  дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад энэ имижээрээ дэлхийн зах зээлд гарч ирэх өргөн боломжтой. Аль ч улс орон өөрийн үндэснийхээ зах зээлийг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хамгаалсан бодлого барих ёстой. Гадаадын буюу хөрш орнуудын зүгээс орж ирж буй чанарын шаардлага хангахгүй хэт хямд бүтээгдэхүүнээс импортын гаалийн татварын бодлогоор зохицуулалт хийн үндэснийхээ үйлдвэрлэл буюу дотоодын зах зээлээ хамгаалах хэрэгтэй.
Нөгөө талаас нэмүү өртөг шингэсэн хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  хөрш зэргэлдээ орших хоёр том зах зээл рүү экспортлох боломж бидэнд байна.

-Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлбэл ажлын байрны чанар дээшилж, ажилгүйдэл буурдаг гэдэг. Гэтэл бид хүнд үйлдвэр хөгжүүлнэ гэж нүсэр төлөвлөлт хийгээд байдаг. Нөгөө талд уул уурхайн ашиглалт хэчнээн нэмэгдлээ гээд ажилгүйдэл хангалттай буурахгүй байна. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Үйлдвэрлэл хөгжих хөрс суурь нь өөрөө хүнд үйлдвэр юм. Хүнд үйлдвэрлэлийг дагаж бусад хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл хөгждөг. Иймд хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого, зорилтыг би хувьдаа дэмждэг. Ер нь үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд жижиг дунд, эсвэл хүнд, хөнгөн гэхээсээ илүү түүхий эдийн нөөц бололцоо, газар нутгийн харьцангуй давуу байдалдаа тулгуурлан системтэйгээр цогцолбороор нь хөгжүүлэх хэрэгтэй.
Үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнуудын туршлагаас харахад үйлдвэрүүдийг зохион байгуулалттай аж үйлдвэрийн цогцолбор, үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлэх нь үр дүнтэй болохыг харуулж байна. Үйлдвэрлэл, технологийн паркын хүрээнд олон жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ  даган хөгжиж, бүхэл бүтэн суурьшлын бүс бий болж байдаг. Ингэснээр тухайн бүс нутгийн хөгжлийг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийн зардлыг бууруулах зэрэг давуу талууд бий болно.

-Үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотоод зах зээлээс татах боломж хомс байдаг. Банк өндөр хүүтэй зээл олгож байгаа энэ үед эх үүсвэрийг хэрхэн шийдэх боломж байгаа вэ?
-Банкны зээлийн хүү өндөр байгаагаас шалтгаалан дотоод зах зээлээс санхүүжилт босгох боломж хомс байгаа нь үнэн. Төр засгаас үйлдвэрлэл хөгжүүлэхэд зориулж олон төрлийн зээл, бонд, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, зээлийн батлан даалт гэх мэт дэмжлэг үзүүлж байгаа ч хангалттай биш. Манай байгууллагаас энэ чиглэлээр нэг ажил зохион байгуулж байна.
Үйлдвэрлэгчид маань өөрсдөө тоног төхөөрөмж оруулж ирэх гээд дангаараа гадаадын импортын банкуудтай уулзаж, зээл хүсэхээр тэр бүр авч хэлэлцдэггүй. Харин түүний оронд салбарын хэмжээнд үйлдвэрийн тоног төхөөрөмжөө үнэлж, зээл хүсвэл өөр хэрэг. Жишээлбэл, ноосны салбарт хэчнээн төгрөгийн хэрэгцээ байна вэ. Бид жилд 17 мянган тонн ноос авдаг юм бол үүнд таарсан хэчнээн хэмжээний тоног төхөөрөмж салбарын хэмжээнд байгаа юм бэ. Ноос угаах тоног төхөөрөмж олон янз байгаа. Тэр болгоны нэгдсэн үнэлгээг гаргаж чадвал үйлдвэрлэлийн салбарт гаднаас 85 хувийн санхүүжилтээр тоног төхөөрөмжийн зээл оруулж ирэх боломжтой.

-Аливаа улсад төр засгийн зөв бодлоготой уялдан “Үйлдвэржилтийн оргил үе” тодорхой хугацаанд тохиодог. Бидний хувьд тийм үе хэзээ ирнэ гэж боддог вэ?
-Зах зээлд шилжсэн сүүлийн 20 гаруй жил манай улсад үйлдвэрлэлийн цогц бодлого алдагдаж, социализмын үед байгуулагдсан дийлэнх үйлдвэрүүд нь хувьд шилжиж,  зах зээлийн шуурганд хаалгаа барьсан. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газрын бүтцэд үйлдвэрийн асуудал эрхэлсэн яамыг байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч “Ардчиллын 2 дахь үе шат бол үйлдвэрлэл” гэж зарлан, Үйлдвэржилтийн тухай хууль батлан гаргахаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас мөн “Үйлдвэрлэлийн шинэ эрин үе” арга хэмжээг зохион байгуулж, ҮХААЯ-наас хүнд, хөнгөн үйдвэрлэлийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Үйлдвэрлэл, технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Энэ бүхнээс үзвэл Монгол Улсад “Үйлдвэржилтийн оргил үе” одоо тохиож байна гэж бодож байна.

-Үйлдвэржилт түүний хөгжлийн асуудалд танай төвийн оролцоо, санаачилга ямар түвшинд байгаа вэ?
-“Монголын үйлдвэржилт хөгжлийн төв” ТББ нь үйлдвэрлэлийн бүхий л салбарт суурь болон бодлогын судалгаа хийх, хүнд, хөнгөн үйлдвэрийн технологи дамжуулах, нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн кластерын болон инновацийн загвар төсөл боловсруулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах үндсэн зорилготойгоор байгуулагдан багагүй хугацаанд үр дүнтэй ажиллаж байгаа.
Дээрх зорилгын хүрээнд www.uildverjilt.mn цахим хуудсаар дамжуулан  үйлдвэрлэлийн бүх төрлийн тоног төхөөрөмж, монгол орны нөхцөлд тохирсон техник технологи болон үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зөвлөгөө, туршлага, арга ажиллагаа,  шинэ мэдээ мэдээллээр хэрэглэгчдийг хангах үйл ажиллагааг явуулж байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, дамжлагын өртөг зардал, үнэ ханш, үнэн бодит мэдээллийг ард түмэнд  хүргэхийг зорьж байна. Цаашид үйлдвэржилт, үйлдвэр эрхлэлтийг илүү үр дүнтэй, эмх цэгцтэй, өргөн цар хүрээтэйгээр дэмжихийн тулд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн бүртгэлд хамруулах зайлшгүй шаардлага гарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан