Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУРАМЧ ПАДААНААР “БӨМБӨГ” ТОГЛОГЧИД 13.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРААС БУЛТЖЭЭ

Хууль эрх зүйн мэдлэг дутмаг иргэдийг ашиглаж нэр дээр нь ямар ч ажилчингүй, зөвхөн НӨАТ-ийн падаан хуурамчаар бичдэг компани байгуулаад татвараас  бултах хэрэг сүүлийн жилүүдэд тасрахгүй байгаа талаар Татварын ерөнхий газраас /ТЕГ/ мэдээллээ. Тухайлбал өнгөрсөн жил ТЕГ, УМБГ-тай хамтарч 2000 гаруй аж ахуйн нэгжийн НӨАТ-ын хуурамч бичилттэй падаанд шалгалт хийсэн байдаг. Гэвч энэ зөрчил тасрахгүй байгаа тул  Татварын ерөнхий газар энэ онд хуурамч падааны зөрчилтэй аж ахуйн нэгж, иргэдийг илрүүлэх байнгын ажиллагаатай тусгай нэгж байгуулсан байна.
Уг ажлын хэсэг нийслэлийн дүүргүүдэд  ажиллаж  өндөр дүнтэй бараа бүтээгдэхүүний  худалдаа хийсэн компаниудад нь шалгалт хийсэн аж. Ингээд НӨАТ-ын падаан зараад түүнээс шимтгэл авдаг бизнес болгосон бүлэглэл, компанийн эздийг нь ч бас  тогтоожээ. Мөн “хүүхэлдэй” болж иргэний бичиг  баримтаа ашиглуулсан хүмүүс ч цөөнгүй байж.
Ингээд өнгөрсөн  есдүгээр сараас хойш хуурамч байж болзошгүй аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын падаан бичилтийг хааж тайлагнах эрхийг нь түдгэлзүүлжээ.  Өнөөдрийн байдлаар 90 аж ахуйн нэгжийн НӨАТ-ын тайлан өгөх, тоон гарын үсэг эзэмших эрхийг нь түдгэлзүүлээд байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд татварын албанаас хийсэн шалгалтаар бараа бүтээгдэхүүний борлуулалтын үнийн худал дүнтэй падаан ашигласан нь тогтоогдов. Тэдний   40 аж ахуйн нэгжийг нь шалгажээ.
Эдгээр аж ахуйн нэгжийн хоорондоо бичилт хийсэн болон бусад компанид хуурамч борлуулалт хийсэн мөнгөн дүн 319.3 тэрбум төгрөг боловч улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй байна. Энэ хуурамч борлуулалтаас улс 134.3 тэрбум төгрөгөөр хохирсон аж. Үүний НӨАТ болох 13.4 тэрбум төгрөгийг зувчуулсан байх үндэслэлтэй баримт бидэнд бий  хэмээн татварынхан мэдэгдэв.  Жишээлбэл НӨАТ-аас ингэж бултаж мөнгө зувчуулахын тулд  Сүхбаатар дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт 20 компани байгуулжээ. Эдгээр компанийн 32-ыг  нь нэг бүлэглэлийнхэн  нийлж байгуулжээ. Уг компаниуд Л.Эрдэнтуяа, Л.Эрдэнэсувд, Б.Нямсүрэн гэдэг  эзэнтэй. Сард 1-10 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийдэг  тайлан өгдөг байж. Гэвч ажилчин албан хаагчгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Энэ  компанийн эзэд гурвуулаа Сүхбаатар дүүргийн Бэлх, Согоотын гэр хороололд аж төрдөг амьдралын боломж тааруу иргэд ажээ.  Тэдэнтэй ТЕГ-ын эрэн сурвалжлах албаныхан очиж уулзжээ. Гэтэл тэд хууль эрхзүйн мэдлэггүйгээс болж ийм байдалд орсноо хүлээн зөвшөөрсөн байна. Тэд “Таны нэр дээр компани байгуулъя, нэг компанид нь 20 мянган төгрөг өгье” гээд 640 мянган төгрөг өгч иргэний бичиг баримтыг нь ашиглсан хэмээн мэдүүлжээ.  Одоогоор тэдний бичиг баримтыг ашиглаж хуурамч компани байгуулсан хүмүүсийг хууль хяналтын байгуулагад шалгуулахаар өгөөд байгаа юм.
Дээрх 32 компани дараах байдлаар хоорондоо  гүйлгээ хийдэг байж. Жишээлбэл аравдугаар сарын тайлангаар “А” компани 30 тэрбум төгрөгийн хуурамч бичилттэй НӨАТ-ын падаан тараахад улсад төлөх НӨАТ-ын 10 хувийн татвар  нь  гурван тэрбум төгрөг болно.  Өөрөөр хэлбэл “А” компани нь  татварт ийм хэмжээний өртэй хэмээн тайлагнана гэсэн үг. Ингээд татварын алба танай компани гурван тэрбум төгрөгийн татварын өртэй байна. Үүнийгээ тушаа гэдэг шаардлага тавихаас өмнө “Б” компаниас дахин 30 тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ. Тэгэхээр  “А” компанийн татварын гурван тэрбум төгрөгийн  өр нь арваннэгдүгээр сард “Б” компанид шилжинэ гэсэн үг юм. Дараа нь арван хоёрдугаар сард “С” компани нь дээрх маягаар “Б” компаниас худалдан авалт хийж татварын өрийг нь шилжүүлж авдаг аж. Ингээд тасралтгүй үргэлжилж улсад хэзээ ч төлөгдөхгүй мөнгө болж хувирдаг байна. Тэгэхээр дээр дурьдсан 134 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүний борлуулалтаас улсад төлөгдөх ёстой 13.4 тэрбум төгрөгийн НӨАТ-ын татварыг хоорондоо гүйлгэдэг болсон гэсэн үг.  
Үүнээс гадна 60 гаруй аж ахуйн нэгжийг нарийвчлан шалгаж буй юм. Мөн дүүргийн татварын албад огцом борлуулалт, НӨАТ-ын өндөр дүнтэй худалдан авалт  хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг ч бас шалгах болжээ. Шалгалтад хамрагдсан 40 компанийн гурвынх нь тайланг нэг бүрчлэн дэлгэрэнгүй шинжилж судалгаа хийв. Гэтэл тэднээс хуурамч падаан авсан 832 аж ахуйн нэгж  байж. Одоогоор тэдний 258 компанийг нь бүрэн шалгасан байна. Тэгээд энэ онд багтаж буй учир эдгээр компанийн тайланд засвар хийлгүүлж улсын төсөвт 1.1 тэрбум төгрөгийн татвар оруулах болжээ. Үүнээс одоогоор 400 гаруй сая төгрөг нь улсын төсөвт орсон аж. Үүнээс гадна 2011, 2012 оны зөрчилд нь 709.6 сая төгрөгийн акт тавьсан байна.  Энэ бүгдээс үзэхэд татвараас бултах ийм нарийн арга аль эртнээс нэвтэрсэн тодорхой харагдана. Ирэх оноос татварын алба цахим тайлангийн системд бүрэн шилжинэ. Тэгээд хуурамч падаан ашигласан татвар төлөгчийн мэдээллийг ил тод цацах болжээ.
Татварын ерөнхий хуульд татвар ногдох орлогоо нуусан  татвар төлөгчийн зөрчлийн дүн 175 сая төгрөгөөс доош бол татварыг нөхөн төлүүлж төлөх ёстой татварын 30 хувьтай тэнцэх торгууль ногдуулдаг аж. Хэрэв зөрчлийн дүн нь дээрх мөнгөн дүнгээс илүү бол эрүүгийн хэрэг үүсгэдэг байна.
Дашрамд дурдахад, манай улсын хэмжээнд өнөөгийн байдлаар НӨАТ төлөгч 20 мянга гаруй аж ахуйн нэгж, иргэн бүртгэлтэй юм. Энэ онд татварын алба НӨАТ-аас улсын төсөвт 724.1 тэрбум төгрөгийн орлого оруулах төлөвлөгөө бий. Одоогоор хүлээгдэж буй гүйцэтгэлээр 551 тэрбум төгрөг оруулна хэмээн тооцож байна.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Luivarchdiig zarla! Al# kompani be? Harin neree ashigluulsan irgediig hengen shiitgeh,luivarchdaar tatbariig uag gyitsed telyyleh heregtei!!!
Luibarchdiig tyrgen zarla! Al# kompani be? Harin ner ashigluulsan irgediig baga hemjeegeer torgo!Luibarshdaar tatbariig byren telyyleh heregtei!
NOAT iin talaar todorhoi medeelel avmaar baina. yag yamar zorilgotoi tatvar be. irged bolon biznes erhlegchded yamar ashig tustai yum be.
Хамгийн их уншсан