“Зээл” гэдгийг хүн бүр өөрөөр хардаг, ойлгодог. Зарим нь “боломж” гэж харж байхад, нэг хэсэг нь “өр”, ирээдүйн дарамт гэдэг. Айл өрх ч гэсэн зээлээр л байр, автомашин гээд жаахан ч болов өмч хөрөнгөтэй болдог. Зээл авч, түүгээрээ баялаг бүтээж, хөл дээрээ тогтдог нь байгууллага, аж ахуйн нэгжийн алтан зарчим болсон цаг. Улс орон ч ялгаагүй гадаад, дотоодын зах зээлээс мөнгө босгож байж бүтээн байгуулалтын ажлуудаа хөдөлгөөд эхэлчихлээ. Тийм ч болохоор энэ эрчээ алдахгүйн тулд дахиад зээл авах тухай хөндөж эхэлсэн. “Өргүй бол баян”, “Өртэй хүн өөдөлдөггүй” гэдэг хэлц орчин үед эсрэг утгаар хэрэглэгдэж буй. Гэвч өөдрөгөөр төсөөлж, бүтээн байгуулаад байна гээд хэмжээ хязгааргүйгээр өр тавьж, зээл авсаар байвал өрөнд баригдсан улс болохыг үгүйсгэхгүй. Тэгвэл зээлийн тухай парламентад суугаа намууд, эрх баригчид болон сөрөг хүчин, гурав дахь хүчин ямархуу байр суурьтай байгааг сонирхвол.
АН-ынхан юуны өмнө өр гэж харахгүй байгаагаа хэлдэг. Авсан зээлээ төлж чадахгүйд хүрвэл тэр нь өр болно гэсэн. Одоогоор авсан зээлүүдээ нэгийг нь ч өр гэж харахгүй гэдгээ Засгийн газрын тэргүүн тайлбарласан. Тиймээс УИХ дахь АН-ынхан зээлийг боломж болгон харж, түүгээр бүтээн байгуулалтын хүлээгдсэн олон ажлаа явуулах нь хамгийн зөв алхам гэж үзжээ.
Эдийн засгийн бололцоондоо тулгуурлаж, гадаадаас хүү багатай, урт хугацааны зээл авах нь зөв гэж АН-ынхан үзэж буй. Маш олон бүтээн байгуулалт зөвхөн хөрөнгө мөнгөө хүлээж байхад өрийн хувь хэмжээг багаар тооцох нь тэр хэрээр ажил саатуулна гэсэн. Зээлээр бий болсон зүйл өөрийх нь өмч болж үлддэг. Монголын өмч Монголдоо үлдэх гарц нь урт хугацааны хүү багатай зээл гэж АН-ынхан хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай зүйлүүд харийнхны л өмч. Улс орноор дүүрэн гадаадынхны өмч тарвал аюултай гэж тэд сануулсан. “Хойч үедээ үлдээж байгаа өр гэж зээлийг харах нь бий. Энэ бол гутранги үзэлтнүүдийн бодол. Тиймээс Монголын ирээдүйн төлөө гэж шалтаглан өнөөдөр олдож байгаа боломжийг сүйтгэж болохгүй. Монголоо үнэ цэнэтэй, иргэдээ өмчтэй байлгах, баялаг бүтээгчидтэй болгох, дэд бүтэц хөгжүүлэх, үндэсний үйлдвэрүүдтэй болох боломж” гэж өөдрөгөөр харж буйгаа АН-ын бүлгийн дарга илэрхийлсэн.
Том ажлууд, төслүүдээ бодит ажил болгохын тулд АН-ынхан зээл авахыг бүх талаар нь дэмжиж, санаачилгатай ажиллах нь.
Тэгвэл МАН-ынхан зээл авсан л бол өр болно гэж тайлбарлаж буй. Өрийн хэмжээг ирэх онд 40 хувьдаа байхад хангалттай гэж үзсэн. Засгийн газар их хэмжээний хөрөнгийг ашиглах ямар ч тооцоо, судалгаа, бэлэн төсөлгүй. Одоог хүртэл “Чингис” бондын хөрөнгө оруулалтаар хийж буй ажлуудад тэд шүүмжлэлтэй ханддаг. Улсын өрийн хэмжээг нэмсэнээр үр хойчдоо өрийн дарамт үлдээх, эдийн засгийг эрсдэлд оруулна гэдэг МАН-ын баримталдаг байр суурь. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээнд өөрчлөлт оруулж, 60 хувь болгохыг эсэргүүцэж, улмаар энэ өөрчлөлт батлагдаагүй. МАН-ынхан өрийг ингэж нэмэгдүүлэх нь Монголд орох хөрөнгө оруулалт буурах, хийсэн хөрөнгө оруулалтын эрсдэл улам нэмэгдэнэ гэж болгоомжилсон хэрэг. Зээлийн хүү өсөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжууд буурч, эдийн засаг, бизнесийн тодорхой бус байдлыг бий болгоно гэсэн юм. Ингээд тэд “Чингис” бонд болох Хөгжлийн банкны бондын зарцуулалттай холбогдон гарсан ҮАБЗ-ийн шийдвэрийг ханган ажиллаж чадахгүй байгаа учир 3.5 тэрбум ам.долларын бонд нэмж гаргахыг дахин нухацтай хэлэлцье гэж буй.
Саяхан тэд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 40 хувиар тусгасан ДНБ-ий өрийн хэмжээг УИХ-ын дарга, Төсвийн байнгын хороо засварлаж 60 хувь гэж оруулсан талаар шуугиан дэгдээсэн. Гэвч Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Хуульд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Сангийн сайдын үр дүнгийн үзүүлэлт дотор 60 хувь хүртэл гэж заасныг ташаа ойлгосон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа 40 хувьд хязгаарлагдаад явна” гэж тайлбарлав.
Эндээс МАН-ын бүлэг Засгийн газрыг дахин зээл авахгүй, өр нэмэхгүй байх байр сууриа хатуу хамгаалах нь харагдаж байгаа юм.
Хамтарч засаг барьж байгаа ч парламентын “Шударга ёс” бүлэг нь зарим асуудалд өөр байр сууринаас ханддаг. Гэхдээ өр, зээлийн тухайд тэд дундыг баримталж байгаа. Тэд улсын онцлог, нийгмийн хөгжлийн төвшин, ойрын жилүүдэд эдийн засгаа тэлэх, тогтвортой байдлыг хадгалж үлдэхэд бодлого байх ёстой. Ингэхийн тулд гадаад, дотоод зах зээлээс хямд үнэтэй санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэхийг дэмжихээ “Шударга ёс” бүлгийнхэн хэлж байгаа. Гэхдээ эрсдэлийг тооцож, өр нь яван явсаар дампуурал руу хөтөлчихөөргүй, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүргэхгүйг анхаарахыг сануулсан. Тийм ч болохоор тэд өрийг ДНБ-ий 60 хувьд хүргэх саналыг дэмжиж байсан юм. Энэ өөрчлөлтийг парламент дэмжээгүй ч тэд өрийн менежментийг өөрчлөх саналтай гэдгээ бүлгийн дарга Н.Батцэрэг хэлсэн. Өрийн менежментийн тухай шинэ хууль боловсруулж буйгаа ч Засгийн газрын тэргүүн, Сангийн сайд хэлж байсан. Хэрэв ийм хууль орж ирвэл “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн дэмжихээр нь Монгол Улс өрийн шинэ менежменттэй болж, эдийн засагт занал учруулахгүй барьж чадах хэрэгтэй гэж байгаа юм. Асуудалд аль нэг талыг дагаж хошуурахгүй, өөрсдийн гэсэн байр суурьтай гэдгээ үүгээр тэд илэрхийлэв. Ямар ч байсан “Шударга ёс” эвсэлийн бүлэгт өр зээлээс айлгүй авч, түүндээ эргээд хариуцлагатай, хяналттай ажиллах юм байна.