Манай улсын эдийн засаг энэ онд нэлээд хүндхэн сорилт давж байна. Хэдийгээр улсын орлого багасч эдийн засгийн өсөлт буурах байсан ч барилгын салбарын өсөлт өөд нь татсан гэдэг. Иймд тус салбар манай эдийн засагт томоохон байр суурь эзлэх болсон билээ. Өнгөрсөн бямба гарагт “Барилгын салбар ба засаглал” форум боллоо. Энэ форумоор барилгын хөрөнгө оруулалт, орон сууцны үнэ өртөгийн талаар хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, барилгын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгож сайн засаглал төлөвшүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын менежмент, чадавхиа хэрхэн сайжруулах талаар шүүн ярилцсан юм. Тухайлбал, барилгын бүх компани НӨАТ-ын 10 хувь төлснөөр барилгын салбар, улсын төсөв, орон сууц худалдан авах иргэдэд эерэгээр нөлөөлөх талаар ярилаа.
илгын материалуудад татвар бүрэн гүйцэд ногдох болно. Ингэснээр чанаргүй барилгын материал орж ирэхгүй, үнэ тогтворжих аж. Мөн шинээр орон сууц худалдан авч буй иргэд НӨАТ-ын эргэн төлөлтөөс орон сууцны үнийн 10 хувиа буцаан авах бололцоо бүрдэх юм. Жишээ нь, 100 төгрөгийн орон сууц худалдан авсан иргэн НӨАТ-ын эргэн төлөлтөөс 10 төгрөг буцааж авах ажээ. Ингээд тус форумын үеэр тодруулга авснаа дор хүргэе.
Монголын Барилга үйлдвэрлэгчдийн холбооны /МБҮХ/ удирдах зөвлөлийн гишүүн Ц.Эрдэнэбаяр.
-Улаанбаатарт олон барилга босч байна. Гэтэл цахилгаан, дулаанаар хангаж хүчрэхгүй тал ажиглагдах боллоо. Энэ талаар барилгын салбарын хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь, дэд бүтцийн хүрэлцээ муугаас дулаанаар хангахгүй байх, ачаалал нь хүрэхгүй байгаа нь барилгын үнэд нөлөөлөх том хүчин зүйлийн нэг нь. Нэгэнт хөрөнгө оруулалт хийгээд баригдаж байгаа барилгуудад ийм хүндрэл гарвал барилгын компани цаг хугацаа алдана. Мөн тухайн орон сууцанд орно гээд захиалга өгсөн иргэд том хохирол амсдаг. Энэ бол хэн нэгэн санаатай хийсэн зүйл биш. Өнөөдөр Улаанбаатар хотын дэд бүтцийн хангамж дээд хэмжээндээ тулах шахаж, хүндрэлтэй байгаа. Иймд дэд бүтэц, эх үүсвэрийн өргөтгөлийн ажил хийхээс нааш шийдвэрлэх боломжгүй учраас зарим барилгад дулаан өгч чадаагүй. Ирэх онд дулааны хүрэлцээний асуудал гайгүй болно гэж бодож байна.
Хоёр цахилгаан станцын өргөтгөл, Амгалангийн дулааны станц ашиглалтад орвол дулаан хангамж сайжрах хүлээлт бий. Барилгад хөрөнгө оруулж буй хүмүүс төсөл хэрэгжүүлэхдээ ойрын нэг хоёр жилд дэд бүтцийн хүрэлцээгүй байдлыг тооцохгүй бол эрсдэл хүлээх, хүндрэлд орох тал ажиглагдаж байгаа.
-Ирэх жил хэчнээн барилга ашиглалтад орох төлөв байна вэ?
-Судалгаагаар ирэх онд улсын хэмжээнд 34 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Гэвч бодит амьдралд яаж хэрэгжихийг нь хэлэхэд эрт. Гэвч ингэж чадвал өмнөх жилүүдээс нэлээд өндөр нийлүүлэлт болно.
-Барилгын үнэ огцом нэмэгдчихлээ. Ер нь, үнэ буурах бололцоо бий юү?
-Үнийн бага зэрэг хөөс байна гэдэг. Гэхдээ шууд ингэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл, барилгын өртөгт нөлөөлж байгаа харагдах, харагдахгүй олон төрлийн зардал байдаг. Иргэд нэг байшин бариад хорь, гуч, дөч, тавин хувийн ашиг олдог гэж ойлгодог. Барилга босох өртөгийн задаргааг хийгээд үзвэл, үнэндээ тийм биш. Дэд бүтцийн хангамж сайжраад шинээр суурьшлын бүс тогтоож, томоохон хорооллууд бий болж олон мянган орон сууц баригдвал үнэ буурах бололцоо бий. Мөн барилгын технологи хямд төсөр, улирлаас хамаарах мөчлөггүй тасралтгүй барьдаг болбол нийтийн орон сууцны үнэ одоогийн төвшнөөс өсөхгүй, бага зэрэг буурах боломжтой.
-Газар олголт, барилгын зөвшөөрөл авах асуудал хүндрэлтэй гэсэн яриа гардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Урьд өмнөхөө бодвол харьцангуй сайжирсан. Тухайлбал, барилгын зураг батлуулах, барих зөвшөөрөл авах ажлыг тодорхой хугацаанд шийддэг боллоо. Хамгийн гол нь, компаниуд норм, дүрмээ зөрчөөд болж бүтэхгүй зүйл хийх гээд байхгүй л бол хурдан хугацаанд зөвшөөрөл гардаг болсон. Өмнө нь норм хэмжээ, зай талбай зөрчсөн зүйл хийх гэж оролдоод тэр нь бүтэхгүй бол аргалаад хийгээд сурчихсан байсан. Үүнийгээ болж байна гэж боддог. Одоо ийм зүйл байж болохгүй гэхээр хүнд сурталтай байна гэх тал бий.
-Иргэд худалдаж авсан орон сууцны ашигтай талбай нь заасан ам метртээ хүрэхгүй байна. Ам метрийг нь тогтоохдоо барилгын ханын гадна талаас нь хэмжээ авчээ гэсэн гомдол нэлээд гаргадаг. Үнэхээр ийм зүйл байдаг уу?
-Энэ бол бизнесийн ёс зүйн асуудал. Бодит хэмжээнээс илүү тооцож хүнд худалдана гэдэг нь хэтэрхий ёс зүйгүй явдал. Ийм үйлдэл гаргасан барилгын компаниуд байвал шударгаар буруугаа хүлээх ёстой. Ашигтай талбайг нь хэмждэг тодорхой аргачлал байдаг. Хоёр тал худалдах, худалдан авахдаа хэмжээг нь яаж тооцно гэж тохирсон, үүнийгээ зөрчөөд захиалагчаа хууран мэхэлбэл бусдын хөрөнгөд халдаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, хууран мэхэлж залилахтай адил юм. Ийм зүйл хэзээ ч байж болохгүй.
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, МБҮХ-ны ерөнхийлөгч О.Чулуунбат.
-Барилгын салбарын өнөөгийн байдлын талаар ярилцаж байна. Энэ салбарт ямар хүндрэл бэрхшээл бий гэж та үзэж байна вэ?
-Барилгын салбар Монгол Улсын эдийн засгийг тодорхойлж буй гол зүйлийн нэг. Ерөнхийлөгч саяхан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн хөтөлбөр дэвшүүллээ. Энэ хөтөлбөр барилгын салбарт чухал ач холбогдолтой. Барилгын компаниуд бизнес төслүүдээ хэрэгжүүлэхдээ ёстой нөгөө том төрийн их хүндрэлтэй тулгардаг. Жишээлбэл, нэг барилгын зөвшөөрөл авах гэж хоёр жил зарцуулдаг байсан. Одоо төр засагтай хэл амаа ололцох гэж сүүлийн жилүүдэд идэвхтэй ажилласан дүнд авдаг зөвшөөрлийн тоо хоёр, гурав дахин буурлаа. Манай барилгын компаниудын ур чадвар, техник, технологи арав хорин жилийн өмнөхтэй харьцуулашгүй болсон. Тухайлбал, нэг барилгын зөвшөөрлийг хоёр жил хөөцөлдөөд зургаан сарын дотор барьчихаж байна. Иймд төр энэ салбарт хэтэрхий оролцдогоо хязгаарлах ёстой. Тэгвэл барилгачид Улаанбаатарын өнгө зүсийг өөрчлөх ажлыг улам хурдан, үр бүтээлтэй хийх бололцоо бий.
-Барилгын салбарт тэр дундаа орон сууцны нэг ам метр талбайн үнэ огцом өсч хөөсөрлөө гэдэг. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Үнийн хөөс их байгаа. Гэхдээ үнийн өсөлтийг хоёр талаар ойлгох хэрэгтэй. Иргэд өндөр үнэтэй орон сууц зээлээр аваад арав, хорин жилийн хугацаанд үнийг нь төлөхөд хүндрэл учирч байна. Нөгөө талаар, өнөөдөр орон сууцтай болсон өрх 300-аад мянга байна. Жилд шинээр 20 мянган орон сууц баригдаж буй. Энэ жил 7-8 мянган орон сууц худалдаалж, урьдчилгаа төлбөрөө төлсөн судалгаа бий. Үлдсэн 10 гаруй мянган орон сууцыг худалдан авах гээд чадаагүй иргэдэд төр засгаас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм. Орон сууц худалдан авсан өрхүүдийг харахад амьдралын баталгаа нь дээшилж байна. Үүнийг барьцаалж бизнес хийх хөрөнгийн эх үүсвэртэй болж болно. Эсвэл хадгаламжинд мөнгө хийснээс орон сууц худалдаж авах нь илүү ашигтай байж мэднэ шүү дээ. Тэгэхээр үнэ өсч болно. Гэхдээ хөөсрөлт байж болохгүй. Энэ нь их болох тусам тухайн салбараа, улс орны эдийн засгаа унагах аюултай.
-Төрийн зүгээс ямар дэмжлэг байх ёстой юм бол?
-Санхүүгийн хамгийн сайн зах зээл бүрдүүлж өгөх ёстой. Тухайлбал, бид моргейжийн зах зээл гэж ярьдаг. Сайн зах зээл бүрдүүлж чадвал гадаад, дотоодоос мөнгөн хуримтлал төвлөрнө. Гэтэл бид энэ тогтолцоог бий болгох гэж их удаж байна.
-Улсын комисс хүлээж аваагүй барилгыг худалдаалж буй зөрчил, маргаан нэлээд гардаг. Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ?
-Энэ нь, мөнгө босгох, төслөө хурдан хэрэгжүүлэх нэг арга хэлбэр. Хөрөнгө оруулалтын сангийн хууль саяхан батлагдлаа. Өөрөөр хэлбэл уг хууль батлагдахаас өмнө барилгын компаниудын хөрөнгө татах бүдүүлэг хувилбар гэж болно. Одоо дээрх хуулиар зохицуулагдаж явна.
-Манай улс цахилгаан, дулааны хомсдолд орсон гэж яриа гараад буй. Ирэх онд үүнийг хэвийн болгох талаар ямар, ямар хөрөнгө оруулалт хийх вэ?
-Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамж хүчин чадлынхаа дээд хэмжээнд тулчихаад байгаа. Иймээс “ТЭЦ-5”, нийслэлтэй ойрхон эрчим хүчний эх үүсвэр барихаар боллоо. Мөн дулааны “7-15” гээд томоохон шинэ төсөл хэрэгжинэ. Хүчин чадлын хувьд ойрын 5-10 жилийн цахилгаан, дулааны хэрэгцээг хангах тооцоо бий.