УБТЗ-ын “Улаанбаатар” төв буудлын дарга А.Арвинчимэгтэй энэ онд амжуулсан ажил, хийсэн тохижилт, үйлчилгээнийх нь талаар ярилцлаа.
-Аливаа баяр ёслол болохоор Замын-Үүдийг зорих галт тэрэгний тасалбар олдохгүйгээс урт дараалал үүсч хонож өнжих явдал гардаг. Үүнийг яаж зохицуулж байна вэ?
-Баяр ёслол дөхөх, оюутан сурагчид амрах үеэр зорчигчийн урсгал ихэсч тасалбарын эрэлт нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор гомдол, санал нэлээд гардаг л даа. Иймд тасалбар худалдаалах программдаа өөрчлөлт оруулж нэг л регистрийн дугаараар өдөрт нэг тасалбар худалдаж авах хязгаарлалт хийж өгсөн.
-Галт тэрэгний “Улаанбаатар” төв буудлаар өдөрт хэдэн хүн үйлчлүүлдэг вэ?
-Өдөрт 15000 хүн үйлчлүүлдэг. Үүнд, зорчигч, үдэн гаргагч, угтагч бүгд орно. Манай байгууллага аравдугаар сарын 26-наас өвлийн цагийн хуваарьт шилжсэн. Зорчигчийн аялах хугацаа ч багассан. Жишээлбэл, Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 276 дугаар галт тэрэг 16.30 цагт хөдлөөд маргааш өглөө нь Замын-Үүдэд 07 цаг өнгөрөөгөөд очдог байв. Одоо Улаанбаатараас 17.20 цагт гараад маргааш өглөө нь цагтаа очдог болж байгаа. Иймд зорчигчийн аялах хугацаа нэг цаг орчмоор багассан. Үүнийг манай төмөр замын хөдөлгөөний албаныхан галт тэрэгнийхээ хөдөлгөөнийг харж зохицуулсан юм.
-Тэгэхээр та байгууллагынхаа ажлын чиг үүргийн талаар тодруулж өгөөч?
-Манай “Улаанбаатар” төв буудал төмөр замын бүх чиглэлийн олон улс, орон нутгийн зорчигч, тээврийн галт тэрэг ирж, буцдаг газар. Иймд үйл ажиллагааны хувьд орон нутгийн галт тэрэгний тасалбар худалдаална. Мөн орон нутаг, олон улсын ачаа тээшийн цогц үйлчилгээ үзүүлдэг юм. Цогц гэдэг нь тээвэрлэх тээш хүлээн авч, холбогдох тооцоог хийж бичиг баримтжуулаад галт тэргэнд ачиж илгээнэ. Тэгээд хүрэх өртөөндөө очсон хойно нь хүлээлгэн өгдөг. Тэгэхээр бидний үйл ажиллагаагаар иргэд Улаанбаатар төмөр замын өнгө төрх, үйлчилгээ, төсөөллийг тодорхойлдог гэж хэлж болно. Ийм учраас манай хамт олон зорчигч үйлчлүүлэгчиддээ хөнгөн шуурхай, найдвартай үйлчлэхийг зорьдог.
-Тэгэхээр хүмүүсийн сэтгэлд нийцсэн ямар, ямар үйлчилгээ нэвтрүүлээд байна вэ?
-Бид нийгмийн хариуцлагаа биелүүлж, энэ онд амрах байраа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тусгай зориулалтын сандал, суултуур зэргээр тоноглосон. Тухайлбал, тэргэнцэртэй хүмүүст юу хэрэгтэй байна, тэр бүгд нь байгаа. Био оо, насилк гээд шаардлагатай зүйлс бий. Мөн амрах байранд гэр бүлийн өрөөг тусад нь тохижуулсан. Энэ өрөөнд төрөл бүрийн тоглоом, хүүхэд хөлд оруулдаг тэрэг, зурагт, DVD тоглуулагч, хүүхэлдэйн кино, ор, буйдан зэрэг эд зүйлс тавьсан.
-Амралтын өрөөнд ороход үйлчилгээний хөлс төлөх үү. Төлдөг бол ямар үнэтэй байдаг вэ?
-Гэр бүлийн амралтын өрөөнд нэг хүн нэг цагт 1000 төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, хүүхэд, том хүн ялгаагүй орсон хүн бүр л энэ тарифаар хөлс төлдөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх 1500 төгрөгийн тарифтай. Гэхдээ асран хамгаалагчтай яваа бол тэр хүн нь мөнгө төлөхгүй. Үүнээс гадна нийт ажилчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах дохионы хэл заасан. Жишээ нь, тасалбар түгээх цэг, лавлах дээр очоод үйлчлүүлэхэд ямар ч саадгүй.
-Галт тэрэгний буудалд нэлээд тохижилт хийсэн гэсэн. Тухайлбал, ямар ямар тохижилт хийв?
-Галт тэрэг зогсох замын хажуугийн тавцанд нэвтрэхийг хориглосон аюултай бүсийн зураас байдаг. Энэ зураасыг харааны бэрхшээлтэй иргэд мэдрэхээр арзгар шар өнгийн хавтангаар хийсэн. Мөн тасалбар түгээх газрын хаалгаар орж, гарах тусгай замыг стандартын дагуу налуулж тохижуулсан. Үүнээс гадна тасалбар түгээх газартаа дэлгэц байрлууллаа.
Ингэснээр зорчигч тасалбар захиалахдаа борлуулагчийн амыг харалгүйгээр өөрөө суух вагон, суудлаа сонгох боломж олгож байна. Энэ дэлгэц дээр тухайн галт тэрэг хэдэн цагт хөдлөх, ямар ямар суудал сул байгаа, нэр регистрийг нь зөв бичиж үү, хэдэн төгрөг гээд бүх мэдээлэл нь ил тод гарна. Энэ үйлчилгээ нэвтрээд гурван сар болж байгаа. Бас “ТҮЦ” машиныг тасалбар түгээх төвийн нэг давхарт байрлуулсан. Иргэд энэ машинаар үйлчлүүлж, хорооны тодорхойлолт, гэр бүлийн, иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа авах гэж зорьж ирдэг болсон. Энэ машинаар долоо хоногт дунджаар 90 гаруй хүн үйлчлүүлдэг тооцоо бий. Галт тэрэгний буудалд “Миком нет”-ээс үнэгүй Wi Fi тавиуллаа. Шинэчлэлийн Засгийн газраас томоохон үйлчилгээний газруудад үнэгүй интернэт тавиулсан. Үүний нэгд нь, галт тэрэгний “Улаанбаатар” төв буудал орсон.
Ингээд иргэд тасалбар түгээх төв, авто зогсоол, зорчигчийн тавцан зэрэг газраас үнэ төлбөргүй интернетэд холбогдож болно. Ажил жижигддэггүй. Учир нь, иргэд тасалбар түгээх төвд борлуулагчтай цонхны жижиг нүхээр тонгойж харилцдаг байсан. Үүнийг нь дээшлүүлж босоо нарийн зайтай болгож өгснөөр тонгойж бус зогсч байхдаа ярилцаж болдог болсон. Зам тээврийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу УБТЗ-ын удирдлагууд хагас тэрбум төгрөгөөр Улаанбаатар төмөр замын гадна тохижилт хийсэн. Тухайлбал, гадаа талбайд 10 саравч байрлууллаа. Саравч болгон дөрвөн сандалтай. Мөн дахин боловсруулах, боловсруулахгүй гэсэн тэмдэгтэй эко хогийн сав байрлуулсан. Мөн гаднах гэрэлтүүлгээ нэмэгдүүлж, зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангах нэг нөхцөл бүрдүүлсэн юм.