Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Батцогт: Цэцэрлэгийн барилгын явц 40-50 хувьтай байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4, 21, 28, 7 дугаар хороонд баригдах цэцэрлэгийн асуудал ямар шатанд явж байгаа талаар Хот төлөвлөлт, дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогтоос тодрууллаа. 

-Дүүргийн хэд хэдэн хороонд цэцэрлэг баригдана гэж байсан. 2013 он дуусах нь. Энэ ажил ямар шатанд явж байна вэ?
-Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн огт цэцэрлэггүй 4, 21, 28 гэсэн гурван хороонд 150 хүүхдийн, харин  дугаар хороонд 100-150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг 2014 онд ашиглалтад орох юм. 2013 онд эдгээр цэцэрлэгийг барих газрын асуудал, дулаан цахилгааны зөвшөөрөл гэх мэт асуудлыг шийдвэрлэсэн. Эдгээр цэцэрлэгүүд канад технологиор баригдаж байгаа. Тиймээс барилгын карказ угсрах ажил одоо ч гэсэн хийгдэж байна. Өнгөрсөн даваа гарагт дүүргээс томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаа болон барилгын ажлын явцтай танилцаад ирсэн. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэл 40-50 хувьтай явж байна.

-Нийт дөрвөн цэцэрлэг 2014 онд ашиглалтад орох байх аа. Угсралтын ажил 40-50 хувьтай явагдаж байна гэхлээр бүрэн гүйцэтгэл нь хэзээ байх бол. Мэдээж төлөвлөгөө байгаа байх?
-Барилгын үйл ажиллагаа 2014 оны наймдугаар сард бүрэн дууссан байх ёстой. Тиймээс бид бүрэн баригдсан, 100 хувийн гүйцэтгэлтэй цэцэрлэгүүдээ  2014 оны 8 дугаар сарын 25-нд хүлээн авна. Харин 8 дугаар сарын 25-наас хойш шинээр ашиглалтад орсон цэцэрлэгүүд  хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд, канад технологиор баригдаж байгаа болохоор ажлын гүйцэтгэл хурдан байдаг юм байна. Тиймээс заавал наймдугаар сарыг хүлээхгүйгээр, гүйцэтгэл нь 100 хувь хийгдчих юм бол 4-5 сард хүлээн авч, ашиглалтад оруулах боломж байгааг гүйцэтгэгч тал болон захиалагч тал болох манайх аль аль нь хүлээн зөвшөөрч ажиллаж байна. Аль болох хурдан, бас чанарын өндөр төвшинд баригдсан цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулах нь захиалагчийн ч гүйцэтгэгчийн ч зорилт юм.

-Улирал хамаарахгүй барьж болдогоороо канад технологийн давуу тал байх. Тиймээс ажлын гүйцэтгэлийн хугацаа наашаа татагдаж байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Гол давуу тал. Түүнээс гадна, гүйцэтгэгч компани чанарын өндөр төвшинг бидэнд амалсан. Бид итгэж байгаа. Хүүхдүүдийн хүмүүжиж, хичээллэж, сурч амьдралынхаа багагүй хэсгийг өнгөрүүлэх цэцэрлэгийн орчин зэрэглэл өндөртэй, чанартай байх ёстой. Энэ бүхнийг бидэнд амалж, ажлаараа харуулж байгаа гүйцэтгэгч компанид талархаж байна. Өнгөрсөн даваа гарагт дүүргийн Тамгын газраас томилогдсон ажлын хэсгийнхэн барилгын ажил явагдаж байгаа үйлдвэр дээр очиж, танилцсан. Модон барилгын угсралтын ажил явагдаж байгаа болохоор одоо ч гэсэн үйлдвэрлэл зогсоогүй ажиллаж байна.  Хамгийн гол нь гүйцэтгэгч талаас амалж байгаа чанарт бид итгэж байна. Барилгын хавтан модыг Канад улсаас оруулж ирэн энд угсардаг. Ингээд  төмөр рамтай, канад модон барилга босч байна гэсэн үг. Сүүлийн үеийн барилгын материалуудын чанар сайжирч, илүү дэвшилтэд технологиор хийгддэг болсон. “Сигма” гэж нэрлэгддэг канад технологийн  хавтан нь галд маш тэвсэртэй, шохойтой мод байдаг.

-Дүүргийн зүгээс барилгын явцад байнга хяналт тавьж чадаж байгаа юу?
-Хүүхдийн цэцэрлэг ийн барилгад маш нарийн стандарт шаардагддаг. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс барилга барьж байгаа компанийн ашиглаж байгаа материал, ажлын гүйцэтгэл, угсралт гэх мэтээр шат шатанд нь хяналт тавьж ажиллаж байна. Мэдээж, энэ хяналт барилгын гүйцэтгэлийн дараа тавигдсаар байх болно.

-Барилгын гүйцэтгэлийг ямар  компани хийж байгаа бэ?
-Баянзүрх дүүрэгт баригдах дөрвөн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлд тендер зарласан. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгч болох “Изо хаус” компани тендерт шалгараад канад технологиор цэцэрлэгийн барилгыг барьж байна. Үнэ өртгийн хувьд харьцангуй хямд баригдаж байгаа.

-Баянзүрх дүүргийн 10 хороонд төрийн өмчийн цэцэрлэг байдаггүй гэдэг. Одоо баригдаж байгаа дөрвийг хасахаар зургаан хороо цэцэрлэггүй үлдэж байна. Магадгүй эдгээр хороонд ирээдүйд баригдах цэцэрлэгүүд канад технологийг сонгож болох юм?
-Дүүргийн зүгээс дахин 2 хороонд энэ технологиор цэцэрлэг барих боломжтой гэж үзэн техник эдийн засгийн үндэслэл, зураг, төсөв, газрын асуудлыг ч бүрэн шийдвэрлэсэн байгаа. Бид Боловсролын яаманд хандаж, хөрөнгө оруулалт хүссэн. Он гараад шийдэгдэх байх гэж найдаж байна.  Бидэнд бэлэн хоёр зураг байгаа болохоор үүнийгээ ашиглачихвал цаг хугацааны хувьд маш их хэмнэлттэй. Өөрөөр хэлбэл, шинээр зураг төсөл гаргах, газрын байрлал зэрэг олон асуудлыг шийдвэрлэх зэргээр цаг хугацаа болон хөрөнгө мөнгө их шаардах асуудалгүйгээр дахин хоёр цэцэрлэг барих боломж бидэнд байна. Харин хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдчихвэл  24, 25 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгт болох боломж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан