Орчин үед хүний амьдралыг компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Харин компьютерийг маус буюу хулганагүйгээр бүр ч төсөөлшгүй. Тэгвэл 1968 оны энэ өдөр түүхэнд анх удаа компьютерийн хулганыг олон нийтэд танилцуулж байсныг та мэдэх үү? Хожим 1970 онд “маус” нэртэй энэ нэн чухал хэрэгслийг зохион бүтээсэн эрхийг Дуглас Энгельгарт авч байлаа. Маусын хамт зарагддаг хамгийн анхны компьютер нь 1981 онд худалдаанд гарсан “Xerox 8010 Star Information System“ гэдэг бичил компьютер байлаа. “Xerox” компанийн маус нь гурван товчлууртай байсан бөгөөд 400 ам.долларын үнэтэй байсан нь 2012 оны ханшаар бараг 1000 ам.доллартай дүйцэх юм. 1983 онд “Apple” компани ганц товчлууртай “Lisa” гэдэг өөрийн маусыг худалдаанд гаргаснаар энэ чухал хэрэгслийн үнийг 25 ам.доллар хүртэл бууруулж чаджээ. Маус нь “Apple Macintosh”, “Windows” үйлдлийн систем бүхий “IBM”-ийн компьютерүүдэд өргөнөөр ашиглагдах болсноор дэлхийн нийтээр түгэн тарж өнөөдөр ширээний компьютерийн салшгүй хэсэг болсон билээ.