Сансрын пуужин үйлдвэрлэл дөнгөж үүсэн бий болж байсан үедээ төр тоож хардаггүй, зөвхөн үнэн итгэлтэй сонирхогчид өөрсдийн хөрөнгө мөнгөөр аз туршин ажилладаг салбар байлаа. Гэвч удалгүй энэ салбар батлан хамгаалах салбарт ихээхэн ач холбогдолтой болох нь ойлгомжтой болсон тул төр анхааралдаа аван санхүүжүүлдэг, тусгайлан энэ салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлддэг болсон.
Удалгүй сансрын пуужингийн даац, боломж нэмэгдэхийг дагаад зөвхөн төр л дааж чадахуйц их хэмжээний хөрөнгө мөнгө үрдэг болж энэ чиглэлд төр давамгайлж эхэлсэн. Хоорондоо хол байрласан хоёр их гүрэн болох Америк, Орос хоёр цөмийн зэвсэг тээсэн сансрын пуужингаар нэгнээ богино хугацаанд найдвартай устгах гэж асар өндөрлөгт хүртэл хөгжүүлж чадсан юм. Удалгүй Орос, Америк хоёрыг дагаад Хятад, Энэтхэг, Франц гэсэн орны Засгийн газрууд багагүй мөнгө үрж, цаг зарцуулж байж сансрын пуужинтай болж.
Гэхдээ пуужингаар зөвхөн цөмийн зэвсэг гэлтгүй хиймэл дагуул, сансрын станц хөөргөж болох нь ойлгомжтой болсноор хүн төрөлхтөн “Спутник” нэртэй хиймэл дагуул, анх сансарт ниссэн Гагарин, саран дээр анх буусан Армостронг нарыг мэддэг болсон. Мөн төр нь хувийн компаниудын захиалгаар тэдний хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргадаг болсон.
Гэвч хүйтэн дайн дууссанаар сансарт хиймэл дагуул гаргах, хүн хөөргөхөд нэлээд өөрчлөлт орсон билээ. Юуны өмнө заналт дайснууд байсан улсууд энэ салбарт хамтран ажилладаг болов. Оросууд Америкчуудтай, Францчуудтай хамтран ажилладаг төрийн оролцоотой хамтарсан компаниудыг байгуулж цэвэр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг болсон.
Эндээс олсон ашгаар пуужин үйлдвэрлэлийн салбар дахь төрийн зардлын нэлээд хэсгийг дааж байна. Хаана их ашиг олох боломжтой бизнес явж байна тэнд яваандаа хувийн салбар түрэн орж ирдэг нь бичигдээгүй хууль. Тиймээс сүүлийн хэдхэн жилийн дотор пуужин үйлдвэрлэдэг хувийн компаниуд хүч түрэн орж ирсэн.
Эдгээрээс хамгийн ажилттай ажиллаж байгаа нь “SpaceX” компани юм. Хамгийн анх 2010 онд пуужингаа амжилттай хөөргөснөөр энэ салбар дахь их гүрнүүдийн ноёрхол дууссан болохыг дэлхий дахинаа зарласан. 2010 оноос хойш удаа дараалан пуужингаа амжилттай хөөргөсөн бөгөөд “NASA”-ийн захиалгаар, өөрөөр хэлбэл улсын захиалгаар хиймэл дагуул гаргаж байлаа. Ингэж байгаад энэ оны есдүгээр сард анх удаагаа хувийн компанийн захиалгаар хиймэл дагуул тойрог замд амжилттай гаргасан. Ингэснээр хиймэл дагуул тойрог зам гаргах салбарт төрийн мэдлийн компаниудтай амжилттай өрсөлдөх боломжтойг харуулсан.
Хоёр өдрийн өмнө “SpaceX” компанийн “Falcon 9” пуужин “SES 8” хиймэл дагуулыг тойрог замд амжилттай гаргалаа. Харилцаа холбооны мэдээлэл дамжуулах “SES 8” хиймэл дагуулыг “Orbital Sciences” компани холбооны “SESWorld Skies” операторын захиалгаар үйлдвэрлэсэн аж. 3,2 тонн жинтэй энэ хиймэл дагуул 15 жилийн турш тойрог замд байж Энэтхэг ба Зүүн Өмнөд Азийн хэрэглэгчдэд үйлчилнэ.
100 сая ам.долларын үнэтэй “SES 8” хиймэл дагуулыг тойрог замд гаргасны төлөө “SpaceX” компани 55 сая ам.доллар авсан байна.
Үүнээс өмнө арилжааны хиймэл дагуул тойрог замд гаргах салбарт “Ariane 5” пуужинтай Францын төрийн мэдлийн “Arianspace” компани, “Протон-М” пуужинтай Орос-Америкийн хамтарсан “International Launch Service” компаниуд л хоорондоо өрсөлддөг байсан юм. Ингэхдээ Францын пуужингаар хиймэл дагуул тойрог замд гаргахад 200 сая ам.доллар, Оросын пуужингаар хөөргөхөд 80-100 сая ам.доллар төлдөг байв. Гэхдээ арай хямд гэдгээрээ дийлэнх захиалгыг Орос Америкийн хамтарсан компани авдаг, тэдний ашигладаг пуужинг үйлдвэрлэдэг “Роскосмос” корпораци ихээхэн ашиг олдог байв.
Одооноос “SpaceX” компани ийнхүү хиймэл дагуулыг хоёр дахин бага үнээр сансарт амжилттай хөөргөх чадвартай гэдгээ харуулснаар энэ салбарт өрсөлдөөн эрс нэмэгдэх нь гарцаагүй. Ялангуяа сүүлийн 20 жилийн турш бараг өрсөлдөгчгүй шахам байсан Оросуудын хувьд энэ тун таагүй мэдээ.
Ямар ч байсан ээлжит амжилттай хөөргөлтийн дараагаар “SpaceX” компани нь нийт дөрвөн тэрбум ам.доллараар 50 удаа пуужин хөөргөж хиймэл дагуул дэлхийн тойрог замд гаргах захиалга авсан тухайгаа мэдэгдлээ. Тус компанийн захирал Гвинн Шотвелл “Бид ойрын хоёр улирлын дотор жилдээ 18 пуужин үйлдвэрлэдэг хүчин чадалтай болох зорилготой байгаа. Улмаар 2015 оноос эхлэн жилдээ 24 пуужин үйлдвэрлэж сардаа хоёр удаа хөөргөлт хийдэг болно” гэсэн байна.
Цаашдаа сансрын пуужин үйлдвэрлэх, хөөргөх салбарт хувийн өөр олон компани орж ирэх нь гарцаагүй. Ингэснээр сансарт хиймэл дагуул хөөргөх зардал эрс буурах нь манайх шиг хиймэл дагуултай болохыг мөрөөдөж байгаа жижиг орнуудад ихээхэн боломж олгож байгаа юм. Сансрын пуужин үйлдвэрлэдэг хувийн компаниудыг дагаад сансарт жуулчдыг зөөдөг хувийн компаниуд гарч ирэх нь мэдээж. Саяхны хүртэл сансарт жуулчид аялуулдаг цорын ганц компани нь Оросын “Роскосмос” байсан. Жуулчид сансарт нисэхийн тулд 20 сая ам.доллар төлж 1-2 жил бэлтгэл хийсний дараа нисдэг. Хувийн компаниуд түрэн орж ирж өрсөлдөөн нэмэгдсэнээр төлбөр, бэлтгэлийн хугацаа багасч зөгнөлт зохиол дээр гардаг биш хүн хүссэн үедээ сансарт нисэх боломжтой болох үе ойртсоор байна.