Мах, махан бүтээгдэхүүн бол хүний анхдагч хэрэгцээ бөгөөд өдөр тутмын эрч хүч, илчлэг калорийг махнаас түлхүү авдаг. Аялал, амралт зугаалга, баяр ёслолын үед хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг нь хиам. Мэдээж чанартай, эрүүл гаралтай, баталгаатай байх нь хиаманд тавигдах анхдагч шаардлага. Харин энэ шаардлагаа 100 хувь биелүүлэх нь хиам үйлдвэрлэгчээс үйлчлүүлэгч, хэрэглэгчээ хүндэлж буйн илэрхийлэл. “Мах Импэкс” хувьцаат компани яг л энэ зарчимтаа үнэнчээр сүүлийн жарныг элээхдээ яван чангарч ирснийг түүх нотлон харуулна. Тэд улсын тэргүүний үйлдвэр хэмээх ард түмнээс олгосон алдрын эзэн гэдгээ цаг ямагт батлахын төлөө бүх чадлаараа хөдөлмөрлөж яваа аж. Дуу нүргэлсэн үйлдвэрээр орж, машин ажилласан тасгуудаар зочилж хүн бүрийн амтархан иддэг хиам хэрхэн бүтэж байгаатай танилцсанаа та бүхэнтэй хуваалцъя.
Бидний хэлж заншсанаар нэг “годгор” хиам үйлдвэрээс гарч, хэрэглэгчид хүрэхэд гурван хоног шаардагддаг байна. “Дээж”, “Зочид”, “Аялал”, “Онцгой”, “Салями”, “Нүүдэл”, “Малчин”, “Чанар” гээд аль нь ч бай нэг ширхэг хиам үйлдвэрлэх нь олон цагийн дараалсан хөдөлмөрөөр бүтдэг. Нийт 10 шахам дамжлагатай хэдий ч анхны ажил мал төхөөрөхөөс эхэлнэ.
“Мах Импэкс” хувьцаат компани нь Монгол орны үржил шимт хөрсөнд ургасан өвс ногоогоор тарга тэвээрэг авсан монгол малыг түүхий эдээрээ сонгодог үндэсний компани. Гулуузалж хөлдөөсөн махыг -2 хэмээс +2 хэмийн хооронд хэлбэлзэх сэрүүхэн танхимд алгуурхан гэсгээнэ. Ингэснээр махны шүүс урсахгүй, хэт гэсэхгүй сайн талтай. Эндээс шулах шатанд шилжиж ариун цэврийн шаардлага хангасан туршлагатай ажилчид хонины гулуузыг хормын дотор шулж орхино. Нэг тийш яс, нөгөө тийш мах нь “урсах” бөгөөд малын махыг ангилагчид тус тусад нь ялгаж бэлдэнэ. Хэрэв ангилсан махаа нөөцлөх шаардлагатай бол “Cool Tek” брэндийн Финландад үйлдвэрлэсэн хэвэнд оруулж хөлдөөдөг машин руу хийнэ.
Энэ нь гүн хөлдөөлтийнх бөгөөд “Мах Импэкс” хувьцаат компанид хоёр ширхэг бий. Нэг нь л 1.7 тонн махыг зургаан цагийн дотор тэс хөлдөөгөөд нөөцөлж болдог. Нөөцлөхгүй гэвэл шулсан махыг хиамны нэр төрлөөс хамааруулан ангилж ялгаад хэрчигч машин руу хийнэ. Автомат машинаас гарч ирэхдээ давсалсан байх бөгөөд өөхний хольцыг ч нэмсэн байх аж. Хиаманд сайн чанарын гахайн өөх нэмдэг бөгөөд Польш улсаас импортолдог гэнэ. “Мир Кар” брэндийн энэхүү өөх хүйтэн зооринд хадгалагдахтай таарсан юм. Махан бүтээгдэхүүн, хиамаараа дэлхийд алдартай улс оронд “Мир Кар”-ын гахайн өөхийг л сонгодог аж. Давс, өөхтэйгөө холилдож нарийн хэрчсэн махыг мөн л сэрүүн танхимд хэсэг амраачихаад дараагийн шат болох найруулагч төхөөрөмжид шилжүүлнэ. “Laska” брэндийн хагас нь онгойдог бөмбөгөр машины тогоонд махыг жигд тараагаад амтлагч нэмдэг байна.
Эндээс нарийн хэрчсэн мах бараг л шингэн болж гарч ирэхдээ амтлагч нь бүрэн уусч, жигд тархсан байдаг гэнэ. Ингээд хиамны үндсэн бэлдэц бэлэн болсны дараа савлагч машин руу шилждэг аж. Бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарч машин ч ялгаатай. “Дээж”, “Зочид”, “Онцгой” хиамны машин том байхад зайдасны машин арай жижиг. “Vemag” брэндийн төхөөргийн дээр тогооноос том юүлүүр байрлаж, дээрх “шингэн” хиамыг автоматаар цутгана. Нөгөө захад нь хиам бэлэн болж, үйлдвэрлэсэн он, сар, өдөртэйгөө гарна. Урьд нь, хиамны амсрыг гараар уяж зангиддаг байсан бол дараа нь төмрөөр дарж өгдөг болж. Харин одоо “Vemag” брэндийн автомат машин өөрөө төмөр даруулгаар амыг чагталснаар хүний хөдөлмөрийг ихээхэн хэмнэсэн аж.
Энэ бүхний эцэст, хиамыг утаж болгох л үлдлээ. “Мах Импэкс” хувьцаат компанийн тоног төхөөрөмжийн шинэчлэл утах зуухнаас л мэдэгдэнэ. Америк, Орос, Европын орнуудад өргөнөөр хэрэглэдэг “BastraMat” брэндийн зургаан зуух тасралтгүй ажилладаг. Бүрэн автомат удирдлагатай хиамны зуухнуудыг нэг л хүн удирдаж ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, тус компанийн бүхий л утсан мах, хиам, зайдсыг ердөө ганц хүн бэлэн болгодог гэсэн үг. Шаардлагатай үед “BastraMat” зуух 24 цаг тасралтгүй ажиллах ч тохиолдол байдаг гэнэ. Тус компани Монголд анхлан нэвтрүүлсэн өөр нэг технологи нь утлага хийхдээ алимны модны үртэс ашигладаг явдал. Ингэснээр мах, хиамны утлага илүү амттай, сайхан болох учиртай. “Аялал” нэрийн хиамнууд зуухнаас дөнгөж гарсантай таарч, халуун хиам амталж үзлээ.
Утлагат хиамыг ил хөргөөж савлагаанд бэлтгэдэг бол чанамал хиамаа зориулалтын шүршүүрт оруулж, хүйтэн усанд сойж гаргадаг байна. Энэ бүх дамжлагад ойролцоогоор хоёр хоног зарцуулсан гэж үзвэл одоо л хиамнууд хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болж буй юм. “Аялал” хиам, утсан махнуудыг ангилж, зүсээд уутлах үлдлээ. Мөн л ганц хүн ажиллах боломжтой автомат төхөөрөмжинд мах, хиамаа бэлдэхэд вакумжуулсан уутанд махан бүтээгдэхүүнүүд шилжинэ. Энэ бүхний эцэст эрүүл хиам, утсан махаа дэлгүүрийн лангуу руу зөөж таны дуртай хиам гарын дор ирдэг ажээ.