“Тwitter" компанийн аюулгүй байдлын албаны албан ёсны цахим хуудаснаа, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг сайжруулахын тулд “PFS·perfect forward secrecy” хэмээх шинэ нууцлалын систем нэвтрүүлсэн гэж бичжээ. Өнөөдрийг хүртэл хэрэглэгчийн тохируулсан нууц үгийг “Twitter”-ийн төв серверт нэвтрэн олж авах боломжтой байсан аж. Харин нууцлалын шинэ системийг нэвтрүүлснээр хэн нэгэн компанийн төв серверт нэвтэрсэн ч хэрэглэгчийн нууц үгийг олж авах боломжгүй болсон байна. Зөвхөн “Twitter” компани ч бус дэлхийн томоохон мэдээлэл технологийн компаниуд өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын аюулгүй байдлын албаны нууц хяналтад өртөн хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсанаас хойш дээрх байдлыг засах гэж эрчимтэй ажиллаж байгаа билээ. Түүнчлэн “Facebook”, “Google”, “Yahoo” компаниуд ч мөн адил хэрэглэгчдийн мэдээлэл алдагдахаас сэргийлэн нууцлалын шинэ арга замуудыг хайж байна.