Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жаргалант, Борнуур сумынхан нийслэлд “ойрхон” боллоо

Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман улсын Засгийн газар хооронд Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа өрнүүлэх хэлэлцээр батлагдаад цөөнгүй жил өнгөрчээ. Түүний үр дүнд Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр “Улаанбаатар хотын хүнсний хангамж сайжруулах бүс нутгийн тээврийн дэд бүтэц хөгжүүлэх төсөл” хэрэгжиж байгаа юм. Төслийн бодит бүтээн байгуулалт болох Жаргалант, Борнуурын авто замын ажил хугацаанаасаа өмнө дуусчээ.

Улаанбаатар хотоос Дархан хүрэх замаас салаалж Жаргалант сум руу 24.75 км, Борнуур сум хүртэл 7.45 км зам тавьж, шинэчиллээ. Замын нээлтэд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд “Улсын чанартай төв замаасаа сумын төв хүртэл хатуу хучилттай замаар шууд холбогдсон сум манай улсад тун цөөн, ийм чанартай замтай нь бараг үгүй гэж болно. Яагаад бид Батсүмбэр, Борнуур, Жаргалант сумыг сонгосон гэхээр нэгдүгээрт Төв аймгийн хамгийн их хүн амтай газар. Нөгөө талаас хүнсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн нийлүүлэх боломжоор илүү, социализмын үеэс эхлээд л үйлдвэржиж байсан хөдөлмөрч ард түмэн гэж үзсэн юм” хэмээв.

Нийт 32.2 км замын бүтээн байгуулалтыг “КТК”, “Анандын зам”, “Эсто”, “Билэгт зам”, компанийн түншлэл гүйцэтгэсэн гэнэ. Тэд 2012 оны хоёрдугаар сарын 1-нд Зам, тээврийн яамтай гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд хоёр жилийн хугацаанд дуусгах үүрэг, амлалт хүлээсэн. Гэвч өнгөрсөн сарын 28 буюу товлосон хугацаанаас гурван сарын өмнө дуусгасан ажээ. Зам барилгын ажлын зөвлөхөөр Энэтхэг улсын “ICT” компани ажилласан нь чанарт эргэлзэх зүйлгүй гэдгийг илтгэх мэт. Тэд төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, нарийвчилсан хайгуул зураг төсөл хийх, барилгын ажлын явцад өдөр тутмын хяналт тавин ажиллажээ. Замыг улсын комисс хүлээн авснаар өчигдөр албан ёсоор нээлтээ хийж буй юм. Мэргэжлийн хяналтын үзлэгээр уг зам нь дөрөвдүгээр зэрэглэлийн, орон нутгийн чанартай зам бөгөөд хоёр эгнээтэй. Зэрэглэлдээ бүрэн нийцсэн гүүр, хоолойтой. Нийт зургаан метр өргөн бөгөөд асфальт бетон хучилттай, хоёр талдаа 1.5 метр хайрган хөвөөтэй. Замаар зорчиход тохиромжтой тооцоот хурд нь цагт 80 км хэмээн тодорхойлжээ. Төслийн гүйцэтгэгчээр шалгарч, төлөвлөгөөнөөс урьтаж түргэн хэрнээ чанартай ажилласан хамт олны төлөөлөл “Монголчууд өөрсдөө дэлхийн чанарт нийцсэн замыг товлосон хугацаанаасаа өмнө, хурдан бөгөөд чанартай барьж, байгуулж, хийж чаддаг гэдгийг батлан харуулсандаа баяртай байна” хэмээн нээлтийн үеэр хэллээ.

Жаргалант, Борнуур сум руу чиглэсэн зам ашиглалтад орсноор хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо, үйлдвэрлэл хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Улаанбаатар хоттой ойролцоох суурингийн авто замын нөхцөл сайжирснаар, хот руу орж ирэх хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэнэ. Улмаар нийслэлийн хүн амын хүнсний хангамжийн эх үүсвэр нэмэгдэх, дотоодод үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангах, гадаадаас оруулж ирэх хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдлыг багасгана. Мөн үүний зэрэгцээ энэ замын дагуу шинэ суурингууд бий болж, Улаанбаатар хотын хэт төвлөрөл саарч, байгаль орчныг хамгаалах, сумдын хөгжлийг шинэ түвшинд гаргахад эергээр нөлөөлөх учиртай.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй энэ төслийн хүрээнд 78.6 км авто зам барих ёстой. Ажлын хөрөнгө санхүүжилтийг шийдэхийн тулд Германы талаас нийт 11.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд үүнийг тус улсын “Сэргээн босголтын банк”-наас гаргуулжээ. Энэ онд Борнуур, Жаргалант сумаас гадна Партизан чиглэлд 17 км замаар холбож дууслаа. Харин Төв аймгийн Батсүмбэр сум хүртэлх 29.4 км авто замын ажил 2015 онд дуусч, шинэ замаа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Зам, тээврийн сайд А.Гансүх: Цаашид үргэлжлүүлэхээр ярилцаж байгаа

-Та бид нэлээд чухал замын нээлтэд хүрэлцэн ирээд байна. Өнөөдөр та бидний ашиглалтад хүлээн авч буй энэ зам хоёр онцлогтой. Нэгдүгээрт төслийн утгаараа Улаанбаатар хотын оршин суугчдад хүрэх хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ. Төв аймгийн Жаргалант, Борнуур сумын иргэдэд төдийгүй Улаанбаатар хотын оршин суугчдад ихээхэн ач холбогдолтой. Орон нутгийн хөгжил, ард түмний ахуй амьдралд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Нөгөө талаас Германы “Сэргээн босголтын” банкны санхүүжилтээр хийгдсэн учраас манай хоёр орны хамтын ажиллагааны үлгэр жишээ, бодит ажил болж байгаа. Цаашид нийслэл рүү чиглэсэн хүнсний хангамжийг сайжруулахад энэ төслийн хоёрдугаар шатны ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэж үзээд Германы талтай уулзаж, санал солилцож байгаа. Ялангуяа “Сэргээн босголтын банк”-ныхантай зөвшилцөж ийм төрлийн бүтээн байгуулалт хийе гэдэг саналаа илэрхийлсэн. Энд хуран цугласан зочид төлөөлөгчид, ард иргэддээ ажлын амжилт хүсч алтан шар зам минь өлзийтэй байг хэмээн ерөөе.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Амлалтаа биелүүлж чадлаа

-Би Жаргалант сумынхан та бүгдтэй энд уулзаж байгаадаа тун баяртай байна. Анх 2000 онд УИХ-ын гишүүн болохоор нэр дэвшиж байхад сумын засаг даргаар Ганболд ажиллаж байсан. Бид хоёр энэ замыг барьж, байгуулъя гэсэн санал гаргаж, ажлыг эхлүүлж байсан юм. Харин одоо ашиглалтад хүлээж авахад нь мөн л хамт байна.
Германы тал энэ замыг байгуулахад гаргаж өгсөн хөрөнгөө уг нь эрчим хүчний салбарт зарцуулахаар тохиролцсон юм. Гэвч 2006 оноос энэ зээлийн зориулалтыг өөрчилж, Улаанбаатар хотын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд чиглүүлж энэхүү замыг байгуулах шийдэл олж байлаа. Тэгэхээр энэ ажлын суурийг бүрдүүлж өгсөн ХБНГУ-аас манай оронд суугаа Элчин сайд Герхард Тидеманн, “Сэргээн босголтын банкны” төлөөлөгч нарт нутгийнхаа иргэдийн өмнөөс баярласнаа илэрхийлье. Мөн энэ санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхэд үе үеийн Зам, тээврийн яам сайн ажилласан. Ялангуяа Гансүх сайдын удирдаж буй энэ хамт олон ихээхэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцлох нь зүйтэй. Мөн “Анандын зам”, “КТК” компанийн түншлэл та бүхнийг ийм сайхан замтай, хөгжилд хүргэхэд хялбар болгосонд талархах хэрэгтэй болов уу. УИХ-ын гишүүд зам барьж, байгуулна гэдэг амлалт өгдөг ч иргэд, сонгогчид биелүүлэх эсэхэд эргэлзэх нь олон. Төв аймгийн эдгээр сумдын иргэдийн өмнө юутай ч амлалтандаа хүрч чадлаа гэдгээ хэлэхийг хүсч байна.

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат: Германы хамтын ажиллагааны бодит үр дүн

2013 он Төв аймгийнхны хувьд бүтээн байгуулалтаар дүүрэн, амжилтаар арвин сайхан он болж буйг онцлохыг хүсч байна. Олон жил дуншсан нисэх онгоцны буудал, улсын төвийн бүсийг холбосон төмөр зам, экологид ээлтэй салхин станц буюу шинэ эрчим хүчний эх үүсвэр, Их Майдар цогцолборын ажил манай аймагт өрнөж байгаа. Аймгийн төвөө автозамаар холбохоос гадна мянган айлын орон сууцтай болгох Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр хэрэгжиж энэ ондоо 200 гаруй орон сууц хүлээн авахаар бэлдэж байна. Энэ мэтээр үе үеийн Төв аймгийн иргэдийн хөдөлмөр зүтгэл, хичээнгүй ажлыг үнэлж Сүхбаатарын одонгоор шагнасан. Мөн түүхт 90 жилийн ойгоо та бид бахдалаар дүүрэн тэмдэглэсэн билээ. Тэгвэл одоо Германы хамтын ажиллагааны бодит үр дүн болох Борнуур, Жаргалантын 32.2 км авто замын нээлт болж байна. Аймгийн маань хөдөө аж ахуй, мал аж ахуйн төв болсон хоёр сумаа ийнхүү Улаанбаатартай ойртуулах нь хөгжилд нэн чухал ач холбогдолтой.
Та бүхэндээ Төв аймгийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар Шинэчлэлийн Засгийн газар шийдвэрлэсэн тухай баяртай мэдээ дуулгая. Төлөвлөгөөгөө бид Германы мэргэжилтнүүдээр хийлгэхээр болсон. Энэ нь манай аймгийн цаашдын хөгжил герман чанараар үргэлжилнэ гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан