Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Айсон” сүүлт од нарыг чиглэж бүтэн жил аялжээ


Энэ оны төгсгөлд дэлхий дахинаа одон орон судлаачдын дунд жинхэнэ “од” болж буй нэг зүйл нь “Айсон”/ISON/ хэмээх сүүлт од юм. Тэнгэрийн түм буман эрхсийн дундаас манай нарны аймаг руу чиглэсэн одыг судлаачид бүтэн жил тандан хүлээлээ. Сансар ертөнцөд саяар тоологдох сүүлт од нисэлддэг байтал “Айсон”-ыг яагаад ингэтэл ихэд догдлон хүлээж, бүгдийн сонирхол татаж буй нь анхаарал татна. Үүнийг Монголын одон оронч С.Төгөлдөр энгийнээр тайлбарлаж хэлсэн юм. Судлаач маань “Хүн төрөлхтөн эх дэлхийгээсээ магадгүй хамгийн тод буюу ойроос харах сүүлт од нь Айсон байх” хэмээлээ.

Тэр тусмаа монголчууд илүү азтай гэдгийг онцолсон. Учир нь, сүүлт од 10 орчим хоногийн дараачаас үдшийн тэнгэрт нүдэнд ч харагдахуйц гэрэлтэх бөгөөд бөмбөрцөг дэл­хийн хойд хагасаас бүр ч үзэсгэлэнтэй, тодхон үзэгдэх гэнэ. Олон улсын түвшинд зарим судлаачийн таамаглаж буйгаар ирэх оны нэгдүгээр сард өдрийн цагаар ч үзэгдэж болзошгүй хэмээсэн нь олныг бүр ч алмайруулсан аж. Гэвч бүтэн жил “дуншсан” сүүлт одны хувь заяа, одон орончдын хүлээлт хэрхэн шийдэгдэхийг өнөөдөр болон маргаашийн нөхцөл байдал тодорхойлох учиртай байж.

Наранд тэмүүлсэн хэлтэрхий од

“Айсон” чухам аль галактикаас, ямар учир шалтгаанаар үүсээд “бидэн рүү” чиглэх болсныг хэлэх боломжгүй. Өнгөрсөн оны есдүгээр сард эрхсийн дунд нисч явахыг нь гэнэт л олж илрүүлжээ. Оросын судлаач Артём Новичонок болон Беларусийн одон оронч Витали Невский нар сансрын уудмыг самнаж байгаад Бархасбадь гаригийн цаана байхад нь энэ одыг олж харсан байна. Тухайн үед Олон улсын одон орон судлалын холбооны журам ёсоор “C/2012 S1” хэмээн кодлож нэрлэжээ. Гэвч олон нийт, одон орон сонирхогчдын дунд “Айсон” гэдгээрээ илүү алдартай. Судлаачид сүүлт одны хурд, хэлбэрийг тооцоолон гаргахад манай нарны аймгийн төв цэг болсон нарыг чиглэж буй нь тодорхой болж. Улмаар сүүлт од явсаар нарыг тойрч, буцаад сансрын уудам руу цөлөгдөнө хэмээн зураглав. Мөн цаг хугацааг ч тодорхой болгосон бөгөөд нартай золгох хором мөч нь 2013 оны арваннэгдүгээр сарын 28 буюу маргааш тохиох юм. Тийм учраас энэ сард, ирэх сард, өвлийн турш “Айсон” хэмээх бичил эрхэс “од” болох учиртай. Гэвч нэгэн бэрхшээл бий боллоо. “Айсон”-ы хэмжээг тоймлон гаргахад диаметр нь таван км байж. Анхны хурд нь секундэд 42.2 км байсан бол наранд ойртох тусам хүчтэй татагдаж эрчимтэй урагшлах болсон. 28-ны өдөр нарны гадна титэмд хүрэх үест буюу 1.1 сая км дөхөж очихдоо хурд нь ойролцоогоор секундэд 375.5 км болно гэж тооцоолжээ. Ийм их хурд болон эсэргүүцлийн үед сүүлт од бутарч сарниад, үгүй болох магадлалтай. Үүнээс ч өмнө сүүлт одыг бутарч, наранд хүрэх нь бүү хэл Буд гаригийн тойргоос дотогш ороогүй байхдаа сүйрэх нь гэж таамагласан. Яагаад гэвэл аравдугаар сарын эхэн үеэс гэрэлтэлт нь огцом буурч эхэлсэн аж. Хэрэв сүүлт одны тодрол нь буурч, цөөрөөд эхэлбэл тэр сүйрч буйн шинж гэнэ.

Одон орончдыг тэнгэр ивээж дээрх таамаглал буруу байсныг цаг хугацаа нотлон харуулж энэ сарын эхээр үндэслэлийг тогтоожээ. Нартай ойртох тусам сүүлт одны тодрох хурд саарсан гэж судлаачид үзлээ. Үүнээс гадна сүүлт од ирэх сарын дунд үест тэргэл сарнаас ч тод болно гэсэн анхны судалгаа, таамаглалыг үгүйсгэв. Шинэ хэмжилтүүдийн дүнд “Айсон” хамгийн тод үедээ Сугар гаригийн хэмжээнд тодорно гэж дүгнэсэн байна. Юутай ч судлаач, сонирхогчдын бүтэн жил хүлээсэн “Айсон” бутарч сарнисан зүйлгүй, аюулгүй явсаар наранд өнөө, маргаашдаа хүрч буй юм. Харин одоо хоёр дахь шалгуур эхэлнэ. Нарны хэт халууныг даван туулж, сүүлт одны цөм шатчихалгүй тойрч гарч ирэх нь чухал болоод байгаа аж. Хэрэв нарны түлхэлцлийн хүчинд автан буцаж шидэгдвэл арванхоёрдугаар сарын 26-нд манай дэлхийтэй ердөө 64.2 сая км зайтай зөрөх гэнэ. Энэ нь сансрын асар уудам ертөнцийн хэмжээсээр авч үзвэл маш ойрхон зай. Дэлхий маань нарнаасаа 150 сая км алсад оршдог гээд бодохоор түүнээс 2-3 дахин ойр өнгөрнө. Ингэхдээ “Айсон”-ы гэрэлтэлт илүү тод болж зарим үед өдрийн цагаар үзэгдэж, шөнөдөө тэргэл сарны дайтай үзэгдэнэ гэж дүгнэсэн.

Хүсэн хүлээсэн “Айсон”-ыг харахсан


Сүүлт одыг анх нээхэд хүний нүдэнд харагдах хамгийн бүдэг одноос 100 мянга дахин бүдэг байсан гэдэг. Харин бүтэн жил тойрч манай нарны аймагт орж ирэхдээ илүү тод болжээ. Тэнгэрийн эрхсийн гэрэлтэлтийг одон орончид урвуу нэгжээр хэмждэг. Жишээ нь, нар л гэхэд -26 орчим байхад тэргэл сар -12 байдаг аж. Үдшийн гялаан буюу Сугар гариг -4 байдаг бол Алтангадас од +2 гэнэ. Саргүй шөнийн тэнгэрт хүний нүдээр хамгийн бүдэгхэн харагддаг од нь +6 хэмээх хэмжигдэхүүнтэй. Тэгвэл “Айсон” анх олдохдоо үүнээс 100 мянга дахин бага гэрэлтэлттэй байсан гэсэн үг.

Аравдугаар сарын эхээр Ангараг гаригийн дэргэдүүр 10.8 сая км зайтай зөрсөн бол сар гаруйн дараа Буд гаригийн тойрог замыг нэвтэлсэн. Улмаар энэ сарын дунд үеэс одны гэрэлтэлт наранд ойртох тусам нэмэгдэж, уртхан дуран, гэрэл цуглуулдаг зургийн аппараттай байхад бяцхан одыг сүүлтэй нь хамт буулгах боломжтой байсан. Үүнийг ч дэлхийн эргэн тойронд олон судлаач ашиглаж өөр өөрийнхөөр сүүлт одыг илрүүлжээ.

Нөгөөтэйгүүр, хоёр долоо хоногийн өмнөөс сүүл нь уртасч эхэлсэн аж. Яагаад, гэвэл нарны илчинд халж, гадаргын мөс болон элсэн ширхэг нь бутарч, шаталт нь нэмэгдсэн хэрэг. Одон орончид тэргэл сарны өргөнийг хагас градус хэмээн хэмждэг бол “Айсон”-ы сүүл долоон градус хүртэл сунажээ. 14 ширхэг тэргэл сар зэрэгцүүлсэн мэт урт сүүл үлдсэн гэсэн үг. Тодруулбал, 16 орчим сая км хэмээн судлаачид тооцоолжээ. Сонирхуулахад, энэ нь нарны диаметрээс 12 дахин урт гэсэн үг юм.

Яг өнөөдрийн байдлаар “Айсон”-ыг энгийн нүдээр бүү хэл томоохон дурангаар ч харах бололцоо хомс. Учир нь, -26 хэмжигдэхүүнтэй асар хурц гэрэлтэй нарны хажуу руу тавхан км диаметртэй, +6 хэмжигдэхүүнтэй бүдэгхэн сүүлт од орсон тул аль нь вэ гэдгийг ялгахад төвөгтэй. Харин ирэх сарын 4, 5-ны өдрөөс хойш буюу 7-10 хоногийн дараачаас үзэгдэхүйц хэмжээнд тодорно. Мэдээж, нарны хэт халууныг даван туулбал шүү дээ. Энэ тохиолдолд энгийн нүдээр, гар дурангаар, мэргэжлийн гэрэл зургийн аппаратаар харж, сонжих боломжтой. Мөн монголчууд “Хүрэлтогоот”-ын одон орон ажиглах төвөөр үйлчлүүлж мэргэжлийн хүний тайлбар, мэдээллээр хачирлан сүүлт одыг ажиж болох нь. Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн судалгааны төвийн дуран нь нарны аймгийн гаригуудыг 250 дахин томруулж хардаг. Ирэх сарын сүүлчээр “Айсон” од манай дэлхийтэй тун ойрхон зөрөхдөө сарнаас 167 дахин холуур өнгөрөх юм. Гэвч цэлмэг өдөр, дулаан хувцаслаж, багахан төлбөр төлөөд “Айсон” болон бусад эрхсийг ажиглах боломжтой. Бүр тодруулбал, ирэх нэгдүгээр сарын эхээр Алтангадас одны орчимд үзэгдэх тооцоо гарчээ. Нөгөөтэйгүүр, зарим одон орончийн таамаглаж байгаачлан нарнаас асар их илч хуримтлуулаад буцахдаа тэргэл сарны дайтай гэрэлтэх тул харагдахгүй байх боломжгүй.

Урьд нь, наранд татагдаад буцаж шидэгдсэн сүүлт од бүртгэгдэж байсан нь мэдээж. Өнгөрсөн зууныг “гэрэлтүүлэгч” хэмээх албан бус алдар хүртсэн “Халли” сүүлт одны замнал яг л “Айсон” шиг. Гэхдээ гэрэлтэлт болон бусад хэмжигдэхүүнээр өөр. Тухайлбал, нар руу ойртох тусам тодрол нь ихэссээр, нарны түлхэх хүчинд автаад буцсан байдаг. Мөн 1997 оны үед нартай тун ч ойрхон очсон “Хэйл Боп” сүүлт од бүтэн 18 сарын турш шөнийн тэнгэрт тодхон харагддаг байсан. Харин “Хониг” хэмээх сүүлт одны хувь тавилан өөр. Тэр нар руу тэмүүлж явсан нь үнэн боловч 180 гаруй сая км буюу дэлхийгээс ч хол байхдаа задраад эхэлсэн гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан