Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Ганжуур: Манай улсын хөгжлөөрөө ганц хоцорсон салбар нь эрчим хүчнийх


Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн, Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуур.

-Манай эрчим хүчний салбар хомсдолд орлоо гэдэг. Үүнээс гарахын тулд ямар арга хэжмээ авах ёстой вэ?
-Мэргэжлийн хүмүүс янз бүрийн санал дэвшүүлж байна. Жишээлбэл, сэргээг­дэх эрчим хүч ашиглах ёс­той гэдэг. Мөн Эрчим хүч хэм­нэлтийн тухай хууль гар­гах санал ч бий. Эдгээр нь эр­чим хүчний хомсдолоос га­ра­хад тусална. Гэхдээ бүрэн ший­дэж чадахгүй. Манай эрчим хүчний хэрэглээ 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн эрчим хүчний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Иймд өнөөдөр манай улсад шинээр өндөр хүчин чадлын дулааны болон усан цахилгаан станц барих шаардлага тулгарч байна. Одоо яриад байгаа “ТЭЦ-V”, Таван толгойн дулааны, Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажил давын өмнө эхлүүлж байж энэ хүнд байдлаас гарна.

-Нэг цахилгаан станц барина гээд арав, хорин жил ярьдаг. Тэгэхээр төр засгийн шийдвэр гаргах, хөрөнгө оруулалтын асууд­лаа яаж шийдэх, өртөг зардлыг хэдий хугацаанд нөхөх бололцоо байгаа юм бол?
-Улсын төсвөөс хөрөнгө гаргаж цахилгаан станц барина гэдэг их хүндрэлтэй. Одоогоор улсын төсөв дутагдалтай, мөнгө нь хүрэлцэхгүй явдал бий.  Тэгэхээр хувийн хөрөнгө оруулалт татах ёстой. Жишээлбэл  Салхитын 50 мВ-тын салхин цахилгаан станц. Хүчин чадлын хувьд Дарханы цахилгаан станцтай тэнцэхүйц юм. Үүнийг улсын төсвөөс барина гээд олон жил ярьсан ч бүтээгүй. Гэтэл хувийн хөрөнгө оруулагчид барилаа. Европын сэргээн босголтын банк, Голландын Засгийн газрын хөгжлийн сан, “Ньюком” компани нийлж хөрөнгийг нь босгосон.  Мөн Ухаа худагт барьсан 18 мВ-тын цахилгаан станц байгаа. Энэ станц Өмнөговь аймгийг хангаад эхэллээ.  “ТЭЦ-V”-ыг өдий болтол яриад бариагүй нэг шалтгаан нь хөрөнгө мөнгө гэж болно. Одоо Франц, Япон, Монголын компаниуд консерцум болж цахилгаан станцыг өөрсдийн хөрөнгөөр барихаар боллоо. Өөрсдөө бариад 25 жил ашиглахдаа оруулсан хөрөнгөө нөхөх, ашгаа олоод манай Засгийн газарт шилжүүлж өгнө гэсэн. Засгийн газар энэ цахилгаан станцыг аваад наад зах нь 25 жил ашиглана. Энэ манай улсад ашигтай наймаа. Иймд эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтыг  дэмжиж,  цахилгаан станц барих мөнгийг шийдэх бололцоо байна. Мэдээж, нэгэнт хувийн хөрөнгө оруулалт орж ирж байгаа болохоор тодорхой хэмжээний ашиг олж л таараа. Гэтэл манайхан ашиг олох, шулах гэлээ гэдэг. Хамгийн гол нь, бидний тулгамдсан асуудлыг бас  шийдэж өгч байгаа шүү дээ.

-Тэгэхээр эрчим хүч­ний салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах эрх зүйн орчин ямар гэж та үзэж байна вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний талаархи эрх зүйн орчин бүрдсэн. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль нь гарсан. Уг хуулиар ямар хөрөнгө оруулалт орох, үнэ тариф хэд байх, цахилгаан худалдах, худалдан авах гэрээг хэрхэн хийх асуудал нь тодорхой болсон. Харин өндөр хүчин чадалтай дулааны цахилгаан станцын талаархи хууль эрх зүйн орчин бүрэн тодорхой болсон гэж хэлж чадахгүй. Тодорхой бус хуульчлах зүйлүүд бий. Эдгээр асуудал “ТЭЦ-V” дээр гарч ирэх байх. Мөн Эрчим хүчний хуульд гадаадын хөрөнгө оруулалтыг татах заалтууд нэмж оруулмаар юм билээ. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах ёстой. Тэгж байж бид хөгжинө. Манай улсын нийгэм, эдийн засгийн салбаруудаас ганц хоцорч яваа нь эрчим хүчнийх. Дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн худалдаж авдаг шиг мөнгөө шууд бус дараа нь төлдөг  болохоор хүмүүсийн сэтгэхүйд эрчим хүчийг хямдхан гаргаж авдаг, байнга л байж  ёстой гэсэн ойлголт аль социализмийн үеэс төрчихсөн.

-Цахилгаан, дулааны төлбөрийг урьдчилж төлөх систем нэвтрүүлэх боломж манайд хэр байдаг юм бол?
-Уг нь нэвтрүүлэх ёстой. Би өмнө нь Эрчим хүчний хүчний зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа хэсэг айлд туршиж үзсэн. Хэрэв  урьдчилж төлбөл хөнгөлөлт үзүүлж байсан. Тэгэхээр хүмүүс төлөөд байдаг юм билээ.   Одоо тэр систем үргэлжилж байгааг сайн мэдэхгүй байна. Бас урьдчилсан төлбөртэй карт нэвтрүүлэх ёстой. Үүнийг нэвтрүүлэх гэхээр иргэд дургүйцдэг. Гол нь иргэдийн эрчим хүчний талаархи мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай.

-Манайд нэг кило­ватт цахилгаан үнэ үйлдвэрлэлийн өртөгөөсөө доогуур байна гэсэн. Тэгэхээр
-Ер нь, бодит зардлаа агуулсан дээр нь ашиг гэсэн системээр явах ёстой. Нийт айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэж байгаа цахилгааны үнэ нэг сарын зардлынх нь багахан хэсгийг эзэлдэг.  Гэхдээ эрчим хүчний үнийг нэмэх асуудлыг аажим аажмаар хэрэгжүүлж алдагдалгүй хэмжээнд нь хүргэх ёстой. Тэгэхгүй бол  нийгэм эдийн засагт  хэцүү байдал үүсдэг. Жишээ нь, Киргизид улбар шарын хувьсгал гарч ерөнхийлөгчөө огцоруулсан. Үүний шалтаг нь эрчим хүчнийхээ үнийг  хоёр дахин нэмсэн явдал байлаа.

-Эрчим хүчний үнэд олон зүйл нөлөөлөх байх. Үүнээс нэн түрүүнд нүүрсний үнийн асуудал орно. Нүүрсний уурхайнууд нэг тонн нүүрсний үнийг 1500-3000 төгрөгөөр нэмж байж бид алдагдалгүй ажиллана гэсэн тооцоо хийсэн. Тэгэхээр таны ярьс­наар нэг киловатт ца­хилгааны үнэ 8-10 цент болж байж өрийн сүл­жээнээсээ гарна гэсэн үг үү?
-Нарийн тооцоо судалгааг мэргэжлийн албан ёсны байгууллагууд хийх учиртай. Одоогоос хоёр жилийн өмнө цахилгаан станцад зарж байгаа нүүрсний үнэ дунджаар 20000 төгрөг байсан. Тухайлбал, Шарын гол  26000, Шивээ-Овоог уурхай  15000 төгрөгөөр  нэг тонн нүүрсээ нийлүүлсэн.  Дулааны цахилгаан станцын нийт зардалд нүүрс 50, төмөр замын тээвэр тав, ус­ных 2-3 хувийг эзэлдэг. Үлд­сэн зардал нь эрчим хүч­нийхний өөрсдийн зардал. Одоо манайд нэг ки­ловатт цахилгааны үнэ таван цент байна. Би эрчим хүчний зөвлөх инженер, олон нийтийн байгууллага болон хувь хүний үүднээс өөрийн туршлагаас харахад нэг тонн нүүрсний үнэ 25 ам.доллар хүрэхэд болно гэж бодож байна. Нүүрсний үнэ одоо хэд болсныг мэдэхгүй. Энэ тохиолдолд  нэг киловатт цахилгааны үнийг 8-10 цент хүргэх хэрэгтэй. Гэхдээ айл өрхийн хэрэглээний цахилгааны үнийг одоохондоо  ингэж нэмж болохгүй. Учир нь, монголчуудын амьдралын төвшин хангалттай бус, орлого, цалин бага байна. Харин баар ресторан гэх мэт тансаг хэрэглээний үйлчилгээний, уул уурхай гээд өндөр ашиг гаргаж байгаа салбаруудад олон улсын хэмжээнд дүйцэхүйц үнээр цахилгаанаа худалдахад ямар ч асуудал үүсэхгүй.  Ер нь, цахилгааны үнэ нэмэгдэх байх гэж боддог. Манай улс уул уурхайгаас орлого олоод иргэдийн амьдрал дээшлээд ирэхээр үнийг нь төлөх чадвартай болох байх. Цахилгааны үнэ жаахан нэ­мэг­дээд ашиг орлого өсө­хөөр  нэг зовлонтой асуудал нь шахааны бизнес. Үүнийг гаргахгүй байх талаар анхаарч хатуу хяналт тавих ёстой. 

-Одоо ашиглаж байгаа цахилгаан станцууд олон жил болсон. Дулааны цахилгаан станцыг хэдэн жил ашиглах нормтой вэ?
-Дулааны цахилгаан станцын ажиллах жишиг хугацаа гэж бий. Энэ нь 50-60 жил юм. Тэгээд парк шинэчлэлт хийх буюу шинэ технологи нэвтрүүлэн, цахилгаан станц байгуулдаг. Ашиглалтад орсноос хойш “ТЭЦ-II” 52,  “ТЭЦ-III” 45, “ТЭЦ-IV” 30, Дарханы цахилгаан станц 48, Дорнодынх 44 жил болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан