Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Жаргалсайхан: 2013 он шалгадаг жил юм уу, бүү мэд


“Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхан гэхээр нөгөө машин бүтээдэг нөхөр үү хэмээн хүмүүс андахгүй байх. Гэвч сүүлийн үед түүний тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа олонтаа харагдах болсон.  Түүнтэй ярилцаж хөндөгдсөн сэдвээр өөрөөс нь асуулаа.

-Сүүлийн үед таны ту­хай шуугиан хэвлэл, сай­тын нүүрнээ зурайх болж. Жаргалсайхан инже­нерүүдтэйгээ хамтарч ма­­шин үйлдвэрлэлээ гэ­­­­­­­дэг байсан бол өдгөө ул­сын мөнгө идэж уун шамшигдуулсан ямар бүтэлгүй нөхөрт тө­­­­­рийн өм­чийн газрыг хариу­­­­цуул­чихав аа гэсэн яриа гарч?
-Үнэндээ, сүүлийн үед их хэцүү байна. Над руу дайрч давшилсан мэдээлэл сонин, сайтын нүүрэнд тасралтгүй гараад ажил хийх нөхцөл алга. Хэвлэл мэдээлэл гэдэг үнэхээр дөрөвдөгч засаглал аж. Гэхдээ мөрөөрөө ажлаа хийж байгаа хүн рүү давшилсан мэдээлэл гаргаж байгаад их харамсч байна. Уг нь, нотолгоотой, үндэслэлтэйгээр бичих хэрэгтэй л дээ. Гэвч нийтлэгдсэн мэдээ, мэдээллүүд нь хэдхэн хүний эрх ашиг хамгаалж байгаад хэлэх ч үг олдохгүй нь...

-Ер нь, яагаад гэнэт оролдоод эхлэв. Та асуу­далгүй бол оролдох байсан уу гэж асуумаар байна?
-Хоёр шалтгаан бий л дээ. “Тэнүүн огоо” гээд нийтийн тээврийн салбарын нөхөн олговрын 30 гаруй хувийг нь авдаг компани бий. Тус компанийн хувьд “Цахилгаан тээвэр” компанийн үйл ажиллагаа томорвол нөхөн олговор нь багасна гэж үзсэн учраас бизнесийн ёс зүйгүй, ийм увайгүй үйлдэл хийж буй хэрэг. Нөгөөтэйгүүр, 400 төгрөгөөр явдаг болон маш гоё дулаахан автобусны алинд нь хүн суух вэ. Хүйтэн автобусанд чихэлцэн явснаас тохь тухаа бодно биз дээ. Энэ хоёр дахь шалтгаан мөн үү.

-Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захи­рал Ж.Дамдин­сүрэнгийн хэлснээр “Цахилгаан тээвэр” компани иргэдэд 200 төгрөгөөр үйлчилдэг атлаа 400 төгрөгөөр тоо­цож нөхөн олговроо авдаг. Энэ нь хууль бус үйлдэл гэж ярьсан байна лээ?
-Тэгээд яах юм. Дундуур нь хуваах юм уу. НИТХ-ын баталсан журмаар явж байгаа шүү дээ. Дарга нарын баталснаар ажиллаад буруутан болж байгаа юм уу. Жаргалсайхан дураараа нөхөн олговор аваад байна уу.  Тэд Солонгосоос хуучин автобус оруулж ирдэг бол манай компани автобусаа үйлдвэрлэж байна. Энэ чинь бизнесийн нэг зөрчил байхгүй юу. Хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгө төлж, намайг гутаах оролдлого хийж байна. Өнөөдөр намайг, манай байгууллагыг олон газар шалгаж байна.
 
-Хаанаас тэр вэ?
-Аудит, НМХГ, Гаалийн ерөнхий газар, Татвар, Авлигатай тэмцэх газар гээд таван байгууллага шалгаж байна. 2013 оныг инженерүүдийг шалгадаг жил болгосон юм уу, бүү мэд. Дээрээс нь, шоронгийн хадаас болгоно гэж заналхийлнэ. Би Монгол Улсад өндөр технологийн металлургийн салбар хөгжүүлье гэж ярьдаг хүн. Энэ хүрээнд ч хийж бүтээж буй ажил маань зарим нэг хүний дургүйцлийг хүргэж, бизнесийг нь хааж боогоод байгаа бололтой.

-Хэн таныг оролдоод байна гэсэн үг үү?
-“Тэнүүн-Огоо” компанийн Ганхуяг, түүнийг дэмжигч Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн. Төрийн байгууллагыг шалгаж болохгүй гэсэн хууль дүрэм байхгүй. Шалгаж болно. Гэхдээ хүний нэр төрд халдаж болно гэсэн зүйл заалт Монгол Улсын ямар ч хуульд байдаггүй л байх. 

-Төрийн байгууллагыг удирдаж яваа хүн ашиг со­нирхлын зөрчилгүй байх ёстой гэдэг. Гэтэл Жар­­галсайхан компа­нийн­хаа дэд захирал яв­сан Лхаг­ва-Очирын “Аз сер­вис” компанийг сонгон шал­га­руулчихаад хамтран ажил­ладаг гээд байгаа шүү дээ?
-“Аз сервис” компанитай нийслэлийн Өмчийн харилцааны газар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Жаргалсайхан биш. НӨХГ гэрээ байгуулаад ажлын байр бий болгож 200 төгрөгөөр явдаг унаагаар ард түмэнд үйлчлээд яваг л дээ. Яагаад болохгүй гэж. Ийм асуудлыг яагаад хөндөөд байна вэ гэхээр нөгөө л маршрут, орлогоо булаацалдаж байгаа хэрэг. Хувийн өчүүхэн эрх ашгаа хамгаалах гэж асуудалд ингэж хандаж байна шүү дээ.

-Гэхдээ та хоёрын хувь нийлүүлсэн компани юм биш үү?
-Ямар юмны хувь нийлүүлсэн байх вэ дээ. Тэр хүний хүүгийнх нь компани шүү дээ. Тэтгэвэртээ гараад хоёр жил болж байгаа хүн. Нийтийн тээврийн салбарт ажиллаж байсан уу, ажиллаж байсан. Тэтгэвэртээ гараад хүн юм хийж болохгүй гэсэн дүрэм, журам байхгүй биз дээ. Хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөн хувийн  компани байгуулаад ажиллаж болохгүй юм уу. Хэнд, ямар хамаатай юм. Хямдхан үнээр зорчих нь  нийслэлчүүдэд хэрэгтэй биз дээ.

-Тэгвэл “Эрдү” гэх компанийн захирлаар танай охин ажилладаг нь жинхэнэ ашиг сонирхлын зөрчил гэсэн л дээ?
-Үнэн. Миний охин захирлаар нь ажилладаг. Би хэнээс ч нуухгүй. Мөнхбат гэж хүн хөрөнгө оруулалт хийгээд манай охиныг захирлаар нь томилсон. Би захирлаар нь тавиарай гээд тэр хүнээс гуйж, загнаж цамнаагүй. Миний охин ажилладаг гээд би төрийн байгууллагын эрх ашгийг доогуур тавиагүй. Тэгэх ч эрх байхгүй. Угтаа,  дөрвөн ширхэг автобус үйлдвэрлэх гарааны хөрөнгө оруулалтаа хийгээд манай компанийн хоосон байрыг түрээсэлж байгаа. Яагаад болдоггүй юм. НӨХГ нь хамтран ажилла гэсэн юм шүү дээ. Жаргалсайхан дураараа байраа түрээслүүлсэн хэрэг биш. Ямар хууль зөрчсөн юм. Бүр уур хүрмээр. Үнэхээр намайг шүүмжилмээр байгаа бол өөрсдөө машинаа үйлдвэрлэ л дээ.

-Танай компанийг хуучин актлагдсан бараа ашиглачихаад машин үйлдвэрлэлээ гэж сайрхдаг.  Гэвч өнгөрсөн хугацаанд шатсан гурван троллейбус чанаргүй гэдгийн нотолгоо нь болно хэмээсэн?
-Манайх машин үйлдвэр­лэлийн таван технологи гаргасан. Троллейбус, троллейбусыг автобус бол­годог, электробус, монбус гээд.  Үүний дотроос нийс­лэ­лийн Засаг дарга асан Мөнхбаяр үүрэг өгч 17 ширхэг солонгос автобусыг трол­лейбус болгох ажил хийл­гэсэн. Технологийн шийд­лийг бид гаргасан нь үнэн. Төрийн сан, нийслэлийн Тээв­рийн газартай гэрээ байгуулан хуучин автобусыг троллейбус болгон хийж байгаа. Энэ бас яагаад болдоггүй юм. Хуучнаа ашиглан шинэ машин үйлдвэрлэхэд юу нь буруу юм бэ. Өөрсдөө чадахгүй байж ичгэвтэр юм ярьж болохгүй шүү дээ. Хамгийн гол нь, оньсон техник хийх нь монголчуудын зуун, зууны мөрөөдөл байсан. Хэн энэ мөрөөдлийг биелүүлсэн юм. Гадагшаа гараад асуу даа. Хэн машин үйлдвэрлэж экспортод гаргаж, машин үйлдвэрлэлийн үндэсний стандарт боловсруулж, нэг сэтгэлтэй хамт олныг бий болгосон юм бэ. Би өөрийгөө дөвийлгөөд байгаа юм биш. Хийж бүтээе гэж байгаа нэгэн рүүгээ олноороо дайрч болохгүй шүү дээ. 

-Таны хөөцөлдөн байж бо­ловсруулсан стандарт о­лон улсын стандартыг хан­­гахгүй байгаа юм биш үү?
-Шалгаад тогтоо. Мэддэг юм бол... Олон улсын ма­шин үйлдвэрлэлийн НҮБ-ын конвенц гэж байдаг. Эл конвенцийг биелүүлбэл стан­­дарт батлуулдаг юм. Тэр батлагдсаныг нь олон улсын машин үйлд­вэр­лэлийн холбооноос шал­гаад баталгаажуулаад код өгдөг. Үнэхээр худал бай­вал дүгнэлтээ гаргуулаад шал­гуу­лаач дээ. Хүн 100 хувь алдаагүй ажиллана гэж байх­гүй. Магадгүй, алдаа бай­вал машин үйлдвэрлэлээ сайж­руулъя. Яагаад болохгүй гэж.. Яаж машин үйлдвэрлэлийн салбарыг босгох вэ хэмээн гар­цыг нь олох гэж өдөр, шө­нө­гүй нервээ зарж байхад ха­жуугаар нь намайг шалгаад гутаан доромжлоод, сүүлдээ бүр гэр бүлийнхэн рүү минь заналхийлээд.  Болохгүй шүү дээ.

-Магадгүй, “Цахилгаан тээвэр” компанид олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг нь энэ хүн мөнгө угаагаад байгаа юм биш үү гэсэн хардлага төрөхөд хүргэсэн байх ?
-Хаашаа юм бэ. Төрийн байгууллагад төсөл, хөтөлбөр хэрэгжиж болохгүй юм уу. Биднийг чинь ажлаа зөв, буруу хийж байна уу гэдгийг шалгадаг дээд шатны байгууллага гэж байдаг юм. Тэд байнга шалгадаг. Бидний хийсэн автобус явж байна уу. Явж байна. Мөнгө угаасан эсэхийг аудитын байгууллага шалгаад үгүй байна, авсан мөнгөндөө хийжээ гэдгийг батлаад өгсөн. Санаанд орохооргүй юм яриад, хэцүү юм бэ.

-Ийм их хэл аманд ордог ч өнөөг хүртэл ажилтайгаа байгаа нь Ерөнхий сайдтай баз хүргэнүүд тулдаа л зүгээр өнгөрдөг гэж яриад байна лээ?
-Больж үз. Юм л болохоор Ерөнхий сайд руугаа дайраад... Бид баз хүргэн биш. Би ардчиллыг дэмжиж 1990 оны үеэр хамтран ажиллаж байсан. Манай намын дарга учраас танина. Тэрнээс хүргэчүүл биш. Би мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүн. Яаж ч хэлмээр юм бэ дээ.

-Тэр ч тийм шүү. Чи буруутай гээд тал талаас хэмлээд байхаар яаж ч хэлж, учирлаад өөрийгөө зөвөөр ойлгуулна гэдэг хамгийн хэцүү байдаг?
-Гутааж болох ямар үндэслэл байна вэ гэдгийг л хараад байхгүй юу. Миний машин үйлдвэрлэлийг Монголд бий болгох гэсэн хичээл зүтгэл маань олон монгол хүнийг ажилтай, орлоготой, чадвартай болгоно. Миний гаргасан замаар олон жижиг, дунд үйлдвэрлэл бий болно. Гадаадад аз жаргал, амьжиргааны мөнгө хайж явсан 200 мянган хүн эх орондоо өндөр цалинтай ажиллах боломжтой болно. Өнөөдөр жил болгон дөрвөн тэрбум ам.доллар гадагшаа  урсч байна шүү дээ. Наад зах нь, монголчууд сэрээ, халбагаа үйлдвэрлэж чадахгүй байгаа биз дээ. Хүнд машин үйлдвэрлэлийн стандартыг боловсруулан үйлдвэрлэж байхад яагаад над руу дайраад байгаа юм бэ. Би бүр гомдож байна.

-Хэнд?
-Ард түмэндээ гомдоно гэж юу байхав. Элгэн садан юм чинь. Гэхдээ 99 хувь нь намайг дэмжиж байхад нэг хувь нь ойлгохгүй, зуугаад байгаа байхгүй юу. Монгол Улсад үйлдвэрлэл хөгжүүлэхгүй, технологийн гэрээ хийлгэхгүй, эрлийз сэтгэлгээтэй тийм л хүмүүс дайраад байна гэж ойлгоод байна шүү дээ. Өнөөдөр автобусыг аль болох хямд өртгөөр 150 мянган ам.доллараар үйлдвэрлэдэг. Үндсэн үнэ 250 мянган ам.доллараас эхэлдэг юм. Тэгвэл дэлхийн зах зээлийн үнээр худалдаад аваг л дээ. Надад технологийн менежмент, нууц гэж байна шүү дээ. Миний санааг сонирхоод хөрөнгө оруулалт хийж үйлдвэр байгуулъя гэсэн гадаадын хүмүүстэй би сая уулзаад гарч ирлээ. Одоо больё доо. Хэдэн сар хэвлэлээр муугаа дуудуулж, хүний царай харах ч эцэсгүй боллоо. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэгчлэн хүмүүс энэ нөхөр нээрээ тэгж дээ гэж л харж байгаа.  Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдаръя гэж бодож байна.

-Та гэхэд 200 төгрөг төлж троллейбусаар явах уу эсвэл 400 төгрөгөөр явах уу?
-Мэдээж, 200 төгрөгөөр явахыг илүүд үзнэ. Ийм сонголтыг зорчигчдод бий болгож байхад л над руу дайраад байдаг.

-Надад идэж ууж шамшигдуулсан зүйл байхгүй гээд хэлчихвэл яасан юм?
-Төрийн байгууллагад ямар их хяналт шалгалт байдаг билээ дээ. Энэ машины ийм сэлбэг ав гэсэн гэрээг НӨХГ-ын дарга, нийслэлийн Тээврийн дарга нь байгуулдаг. Авчирсан сэлбэгийг нь би угсарч машин үйлдвэрлэдэг болохоос мөнгө төгрөгт нь оролцдоггүй.

-Эр хүмүүс байна даа, нэг уулзаад учир зүйгээ олж болохгүй юм уу. Залуусын хэлдэгчлэн цөөхөн монголчууд нэг нэгнээ хэмлэх нь муухай шүү дээ?
-Тэгж яах вэ дээ. Чи тэгсэн байна гээд ирээд уулзаагүй байж хэвлэлээр баахан мэдээлэл цацуулж байгаа хүмүүстэй юу ярих юм билээ.

-Үнэндээ төрийн байгууллагын сэнтийд залрах нь олон хүний атаархал төрүүлдэг байж болох юм. Тиймдээ ч төрийн хэдэн байгууллагын дарга нар байнга л шалгуулж нягтлуулдаг бололтой?
-Амар ажил гэж байхгүй шүү дээ. Юманд хэмжээ хязгаар байдаг бол энэ үйлдэл арай ч хэтэрлээ. Энэ хүмүүсийн увайгүй үйлдлээс болж хүмүүс юм хумсалдаг хулгайч гэсэн хандлагаар хараад байна шүү дээ. Зүгээр мөрөөрөө ажлаа хийж явсан хүнийг олны дунд нэр хүндийг нь гутаах нь хүний ёсонд баймгүй үйлдэл биз дээ. Монголчууд нэр хугарахаар яс хугар гэдэг. Ёстой үнэн үг. Хүний нэр хүнд гэдэг ямар үнэ цэнэтэй билээ дээ. Тэгээд одоо амь биш, заяа биш ажлаа өгчихье гэж бодож байна.

-Ер нь, нийтийн тээвэр алдагдалтай салбар мөн үү. Бид тийм байх ёстой гээд ойлгочихсон юм биш байгаа?
-Алдагдалтай гэдэг үнэн. Бас хэцүүхэн салбар.  Ийм л учраас гаднаас автобус авах гэж их мөнгө зарлагадаж байхаар дотооддоо үйлдвэрлэе гэсэн миний санаа бодол  олон хүнийг хардахад хүргэсэн бололтой. Хардаж болно. Гэхдээ үндэслэл, гарцаагүй нотолгоо хэрэгтэй шүү дээ.

-Тийм болохоор тө­рийн байгууллага гэгдэх “Цахилгаан тээвэр” ком­пани ажилчдынхаа нийг­мийн даатгалыг төлөөгүй гэсэн үг үү?
-Тийм л байдаг шүү дээ. Хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа бүх орлогоос нь бус 250 мянгаас нийгмийн даатгалыг нь төлдөг. Гэтэл манайх авч байгаа цалингаас нь нийгмийн даатгалыг төлдөг. Олон ажилчинтай манай компани ямар ч гэсэн нийгмийн даатгалын мөнгийг нь бүрэн гүйцэд төлөхийг хичээдэг.  Гэхдээ энэ олон хүнийг ажилтай байлгахын тулд машинаа засна, сэлбэг авна, бусад нийгмийн халамжийн үйлчилгээ явуулах ёстой биз дээ. Чи цалин авч байж гээд тэр хүний өсөх, дэвших, суралцах орчныг нь хааж болохгүй юм шиг. Компани юм чинь ажилчид руугаа хандсан зөндөө л үйл ажиллагаа явуулна.  Гэвч одоо больё доо. Олон хүний дургүй хүргэж байснаас ажлаа өгөөд өөртөө ажлын байр бий болгоё гэж бодож байна.

-Ямар  ажил хийх вэ?
-Компани байгуулан ажиллана. Тусдаа гарна. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ухаалаг электрон систем нэвтрүүлнэ. Энэ талаар яриад л байдаг хэрнээ хийсэн зүйл үгүй. Гадаадынхан энэ дөрөв дэх өдөр электрон системийг харъя гэсэн. Бат-Үүл даргад 400 төгрөгөөр зорчих эрхийг илтгэсэн анхны картыг өгсөн.

-Хувийн нэгж байгуулан ажиллах хэцүү юм биш шиг байна лээ. Төр үйл ажиллагаанд хэт их гараа дүрдгээс дарамт, татвар их гэдэг?
-Эрх чөлөөтэй газарт бүтээлч санаа төрдөг. Тэгэхээр чиний эрх чөлөөг барьчихвал онгон хийморлог сэтгэлгээ чинь  хүлэгдэнэ дээ. Тиймээс эрх чөлөөгөө эдэлмээр байна. Намайг Канад улсын иргэн болох уу гэсэн санал ирсэн. Таны машин үйлдвэрлэлийн санааг бид бодит ажил хэрэг болгоё. Ажиллах орчин, амьдрах газрыг чинь бид зохицуулна. Манай улсад ирж ажилла гэсэн.

-Та саналыг нь хүлээж авах уу. Нэг бодлын санаагаа хэрэгжүүлэх таа­тай боломж олгосон юм байна шүү дээ?
-Байж болно. Оюун санааны эрх чөлөөтэй газарт баймаар байна шүү дээ.

-Ажлаа өгөхөө Бат-Үүл даргад хэлсэн үү. Юу гэж хүлээж авах юм?
-Гайхаад л байна лээ. Замын дундаас хаяж явах нь уу гэсэн. Одоо яахав дээ. Хүнийг гутааж, доромжилж болох бүхий л аргаар нэр хүнд, сэтгэл зүйд нөлөөлж байхад яах юм. Ажил хийх арга алга байна шүү дээ.

-Та ажлаа өгвөл энэ компанид өрнөж байсан машин үйлдвэрлэл зогсох байх даа?
-Би энэ ажилд сэтгэл зүрхээ өгсөн. Хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Гэхдээ орны хүн маань техник сэтгэлгээтэй нэгэн байвал энэ ажлыг үргэлжлүүлээд явах биз дээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан