Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүү саад бол...


Сүүлийн долоо хоногийн турш олон нийтийн анхаарлыг багагүй татаж байсан нэг өгүүлбэр бол “Өнөөдрийн дарлагдсан ард бол бизнес эрхлэгчид”. Энэ сарын 16-ны өдөр Төрийн ордонд болсон “Том төрөөс ухаалаг төр рүү” уулзалтад Ерөнхийлөгч тавьсан илтгэлдээ энэ үгийг онцлон хэлсэн юм.  Түүний хэлснээр бизнес эрхлэгчдийг дарамталдаг бүхэл бүтэн тогтолцоо нийгэмд буй  болж. Төрийг төлөөлсөн гэх байцаагч бас дарга нарын шахаа, тэгээд хуулийнхан гээд бизнесийнхэн өдөр бүр шахуу шалгуулсаар эцэстээ төрийн нэр барьсан этгээдүүдэд барьцаалагдана. Зөвхөн энэ жил гэхэд бизнесийнхэн улс төртэй орооцолдсоноос үүдсэн хэд хэдэн том хэргийн  араас хууль хяналтынхан хөөцөлдөж байгаа. “Жаст”-ын дампуурал, “Ноёд”-ын Г.Буяндоржийн хэрэг, “Чоно групп”-ийн Т.Энхболдсодонгийн холбогдсон авлигын хэрэг, өчигдөр уржигдархан “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригийг баривчилсан гээд хуулийн хаалга татсан бизнесмэнүүдийн нэр өдөр ирэх тусам нэмэгдсээр. Чухам яагаад тэд ийн авлигатай орооцолдох болов гэхээр өнөөх л төр бизнесийн салбарт хэт их гар дүрсэнтэй шууд холбоотой байдаг нь нууц биш.

Үнэндээ дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлэгч бизнес эрхлэгчид тэгвэл төрөөс юу хүсдэг вэ. Ерөнхийлөгчийн тавьсан илтгэлд дурдсанаар  эрхзүйн тогтвортой, тэгш,  тунгалаг орчин, татварын өрсөлдөхүйц, зохистой, төлөвлөж болохуйц орчин, төр бизнест оролцдоггүй, хэрэгтэй үед тусалж чаддаг, сонирхлын зөрчилгүй байх гэсэн товч бөгөөд тодорхой зүйлсийг тэд хүссээр байна. Үнэндээ “төр бүү саад бол”  гэж тэд хэлээд байгаа юм.

Чуулганы үеэр дарлагдсан ардууд болоод байгаа баялаг бүтээгчид “хувийн өмчтөнийг төрийн зүгээс дэмжиж байгаач ээ” хэмээн хүсч ахиад “бүү саад бол” гэдгийг хэлж байсан юм. Учир юу гэвэл төрөөс гаргаж байгаа, гаргахаар зэхээд буй зарим хуулийн төсөлд ахиад л хувийн өмчтөнийг, баялаг бүтээгчдийг шахсан, хяхсан зүйлс байгааг онцолсон.

 Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд болон түүний багийнхан “Баялаг бүтээгчидтэй уулзлаа. Шинэчлэлийн хэмээх Засгийн газар байгуулагдаад жил гаруй болжээ. Нэгэнт үйл ажиллагааны чиг шугам нь өнөөдөр тодорхой болсон  учраас баялаг бүтээгчид өөрсдийн дуу хоолойгоо төрд хүргэх цаг болж гэж үзсэн бололтой.

270 шахам төлөөлөгч энэ хуралдаанд оролцож, Засгийн газрын хийж байгаа бизнесийн орчны реформыг сонссоны дараа санал бодлоо илэрхийлсэн юм.
НӨАТ-ын босгыг бууруулах, хуурамч падаан бичилтийг хянах, ЖДҮ-ийг гарааны жилүүдэд нь татвараас чөлөөлөх, санхүү, татварын тайлагналтыг цөөлөх, бүгд жигд татвар төлдөг болох, татвартай холбоотой хуулийн нэр томъёоны зөрүүг арилгах зэрэг санал бизнес эрхлэгчдийн зүгээс гарав. Салбарын яамнаас татварын багц хуулийн төсөл боловсруулсан, батлагдвал татварын орчинд олон эерэг өөрчлөлт орно. Одоо жилд 41 удаа санхүүгийн тайлан гаргаж байгааг 12 удаа болгох гэх мэт олон хэлбэрийн хөнгөлөлт тусгасан гэв.

Өмнө нь, барилгын зөвшөөрөл авах гэж 19 шатлалын 121 гарын үсэг зуруулахад 208 өдөр зардаг байсан нь дөрөв дахин хөнгөвчлөгдсөн юм. Энэ салбарт цаашид нэн түрүүнд хийх ажил бол норм стандартаа шинэчлэх гэж байсан юм.
Дэлхийн банкнаас хийсэн 189 орон хамрагдсан бизнесийн орчны энэ жилийн судалгааны дүнгээс харвал монгол гадаад худалдаа эрхлэлт гэсэн үзүүлэлтэд 181-т, цахилгаан холболт хийхээр 162-т, өр төлбөр барагдуулахад 133, барилгын зөвшөөрөл авахаар 107-д жагсчээ. Үнэндээ барилгын салбарт гардаг чирэгдэл дөрөв дахин хөнгөвчлөгдсөн гэж байгаа ч бид 100 дотор ч багтаж чадахгүй хэвээр. Энэ талаар бизнесийнхэн маань багагүй хөндсөн.

Мөн төрийн байгууллагын дунд шатныхны гаргадаг хүнд суртлыг ч дурдалгүй өнгөрч боломгүй нэг сэдэв гэж байлаа. Өөр нэг сэдэв бол өмнөх уулзалтууд дээр хөндөж байсан лицензүүдийг цөөлөх, зөвшөөрөл олгох ажлыг нь мэргэжлийн холбоод хариуцдаг болох зэргийг төртэй хамтарч бизнесийнхэн шийдэх гэдэгт  аль аль тал нь санал нэгдсэн. Хоёр тал уулзалт, ярилцлагад сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлж байсан. Мэдээж хамгийн гол нь эдгээр уулзалтуудаас гарсан санал дүгнэлтийг ажил хэрэг болгох нь хамгийн чухал нь. Төр зохион байгуулсан уулзалтаас гарсан үр дүнгээ ил тод мэдээлэх  харин бизнесийн болоод төлөөлөгчид нь уулзалтаар хэлэлцсэн ажлуудаа ажил хэрэг болгох талаар төрийг шахаж шаардах л үлдэх шив.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан