Нэг талаас Иран, нөгөө талаас АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Их Британи, ХБНГУ ба Европын холбооны гадаад харилцаа ба аюулгүй байдал хариуцсан төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй явагдсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлын талаархи ээдрээтэй хэлэлцээр амжилтад хүрч талууд харилцан тохиролцон гарын үсэг зурсан байна. 10 жилийн турш энэ асуудлаар талууд тохиролцоонд хүрч чадахгүй явсан бөгөөд энэ хугацаанд бүс нутаг хэд хэдэн удаа дайны ирмэгт ирээд буцаж байв. Ираны цөмийн объектуудыг устгах агаарын, тэнгисийн ба хуурай замын арга хэмжээ авахыг хамгийн их дэмжигчид нь Израйль, АНУ-ын Конгресс ба Сенат дахь Бүгд найрамдах намын төлөөлөгчид байлаа. Гэвч Ираны эсрэг байлдааны ажиллагаа явуулах нь Иракийн эсрэг явуулснаас хавьгүй их хохиролтой, ноцтой үр дагавартай байсан тул талууд тухай бүрт энхийн замаар шийдэхийг хичээж байсан юм.
Дайтсан үед Ираны хэд хэдэн онцлогийг заавал тооцох хэрэгтэй. Хусейний үеийн Иракийн арми, хүчний байгууллагуудыг ажилтнуудад эх оронч үзэл гэхээр зүйл байсангүй. Удирдлага нь авлигад идэгдэн ялзарсан, ард олны итгэлийг алдсан эрх баригч БААС намын үзэл суртлаар хоорондоо холбогдсон төдий. Шиа ба сунна урсгал хоорондын, курд ба араб үндэстэн хоорондын гэх дотоод зөрчил асар их байлаа. Харин Ираны хувьд байдал өөр. Ираны хүн амын дийлэнх нь шиа урсгал дагагч болохоор шашны ялгаанаас үүдэлтэй зөрчил арми ба хүчний байгууллагын дотор огт байхгүй гэж болно. Дээр нь шашны үнэмшил итгэл нь улс төрийн ямар ч итгэл үнэмшлээс хол давуу хүчтэй гэдгийг Иран ба Иракийн хооронд олон жил өрнөсөн дайн илэрхий харуулсан. Тэгэхээр Ираны эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлсэн талууд Саддамаар удирдуулсан армийн үзүүлснээс хамаагүй илүү эсэргүүцэлтэй тулгарч, илүү хохирол амсана.
Мөн Иран зэвсэглэлдээ онцгой анхаарч байгаагийн дээр байлдааны ажиллагаа эхэлвэл Орос, Хятадын зүгээс нууцаар тусламж авах нь гарцаагүй. Ялангуяа Хятадын зүгээс. Ираны эсрэг олон тооны хориг арга хэмжээг АНУ, Европын холбооны орнууд авсан ч Хятад үүнийг үл тоон Иранаас сайн чанарын газрын тос импортлосон хэвээр байсан. Дайны улмаас тэд газрын тосны гол нийлүүлэгч улсаа зүгээр суугаад харахыг хүсэхгүй нь мэдээж.
Хэдхэн өдрийн өмнө Ираныг зургаан улсын төлөөлөлтэй гэрээ байгуулж, тус улсын эсрэг аваад байсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцалвал Израйль, Саудын Арави хоёр хамтран агаараас цохилт өгч Ираны цөмийн объектуудыг устгаж магадгүй болсон тухай яригдсаныг уншигч та санаж байгаа байх. Энэ яриа үнэн эсэхийг цаг хугацаа л харуулах биз. Ямартай ч Иран ба “зургаан улс”-ын төлөөлөл тохиролцоонд хүрлээ.
Ингэснээр ойрын хагас жилийн хугацаанд Иран нь цөмийн хөтөлбөрөө хязгаарлах, олон улсын шинжээчдийг цөмийн объектууд руу чөлөөтэй нэвтрүүлэх эрх олгох, одоо байгаа 200 кг орчим 20 хувь хүртэл баяжуулсан ураныг устгах, цөмийн зэвсэг хийхэд ашиглах боломжтой плутони боловсруулах чадалтай шинэ объектын ажлаа зогсоохоор боллоо. Хариуд нь АНУ, Европын холбооны зүгээс аваад байсан эдийн засгийн олон тооны хориг арга хэмжээний заримыг нь цуцлах болов. Тухайлбал, Европын банкуудад түгжигдээд байсан Ираны Засгийн газрын мэдлийн 4,3 тэрбум ам.долларыг эргэлтэд оруулах, ашиглахыг зөвшөөрөх гэх мэт арга хэмжээг авах болов. Цаашлаад, ойрын хугацаанд Ираны эсрэг эдийн засгийн нэмэлт арга хэмжээ авах бодолгүй байгаагаа АНУ-ын удирдлага албан ёсоор мэдэгдсэн юм.Нийтдээ энэ зургаан сарын хугацаанд цөмийн хөтөлбөрөө хумисны төлөө Иран 6-7 тэрбум ам.долларын ашиг олно гэдгийг ч Америкийн тал онцолсон.
Энэ зургаан сарын хугацаанд Ирантай олон жилийн турш тогтвортой үйлчлэх шинэ гэрээ байгуулахаар талууд идэвхтэй ажиллах аж. Ингэж Ирантай урт хугацааны гэрээг үнэхээр байгуулж чадвал сүүлийн хэдэн жил олон улсын тавцанд гарч байгаагүй том амжилт болох нь гарцаагүй юм.
Гэвч зарим улс, улстөрчид Ирантай байгуулсан түр хугацааны гэрээнд сэтгэл дундуур байгаагаа нуухгүй байна. Хамгийн их бухимдаж байгаа улс нь мэдээж Израйль. Одоо Америкийн улс төрийн дээд өндөрлөг нь Израйлийн эрх баригчидтай уулзан шинэ гэрээ тус улсад ямар ч аюулгүй, харин ч цаашид илүү ашигтай болно гэдэгт итгүүлэх, ятгах амаргүй ажилтай тулгараад буй юм. Америкийн Бүгд найрамдах намын хэт хуучинсаг үзэлтнүүд энэ гэрээнд мөн л сэтгэл дундуур байна. Тэд Ираныг гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс татгалзан, цөмийн зэвсэг нууцаар боловсруулсан хэвээр байна гэх эрсдэл өндөр байгаа тул шинэ гэрээг Ираны дипломатчдын ялалт, Америкийн ялагдал гэж үзэж байгаагаа нуухгүй байна. Дээр нь гэрээ ёсоор Иран нь ураныг 20 хувь хүртэл баяжуулахыг хориглоод таван хувь хүртэл баяжуулахыг зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл баяжуулах тоног төхөөрөмжийг устгах үүрэг хүлээлгээгүй нь ялагдал гэж тэд үзжээ. Мөн Иран улсыг энхийн зорилгоор, өөрөөр хэлбэл цөмийн цахилгаан станц байгуулах замаар ураныг ашиглах боломжтой, эрхтэй гэдгийг зургаан улсын төлөөлөл зөвшөөрсөн юм.
Гэтэл Америкийн Бүгд найрамдах нам ба Израйлийн улстөрчид Ираныг цөмийн бүх объектууд түүний дотор цөмийн цахилгаан станц, судалгааны төв, уран баяжуулах байгууламжууд, дэд бүтцийг бүрэн устгахыг шаардсан.
Энэ гэрээтэй холбоотой бас нэгэн нөлөө байгааг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров онцолсон. Тэрээр Иран ба зургаан улсын хооронд ийм өндөр төвшний ойлголцолд хүрсэн явдал нь удахгүй Женев хотноо болох Сирийн асуудлыг шийдэх хэлэлцээнд эерэг нөлөө үзүүлж магадгүй гэжээ. Иран нь Башар Асадыг зэвсэг ба мөнгө, хүн хүчээр ивээн тэтгэгч гол улс. Иймд Женевт болох Сирийн асуудлын талаар уулзалтыг бодит үр дүнтэй болгохын тулд сөргөлдөгч талууд төдийгүй тэдний гол ивээн тэтгэгчдийн төлөөллийг оролцуулах талаар талаар тохиролцоо хийгдэж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, Ираны цөмийн хөтөлбөр нь жар гаруй жилийн түүхтэй, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг АНУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар эхэлсэн байдаг. 1957 онд тухайн үеийн Ираны хаан Мохаммед Рез Пехлеви энэ салбарт хамтран ажиллах талаар АНУ-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Америк нь цөмийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мэргэжилтнүүдийг бэлдэхээр болжээ. Иран 1958 онд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу “МАГАТЭ”-ийн гишүүн болсон.1963 онд сансар, агаарт мандал, усан дор цөмийн туршилт явуулахыг хориглох гэрээнд, 1970 онд цөмийн зэвсэг үл тараах гэрээнд нэгдсэн. Улмаар 1974 онд “МАГАТЭ”-тэй баталгаа гаргах гэрээ байгуулсны дараагаар цөмийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг өрнөдийн орнуудын хамтаар хэрэгжүүлж эхэлсэн юм. 1967-1977 оны хооронд Ираны цөмийн аж үйлдвэрлэлийг бий болгох, хөгжүүлэхэд АНУ, Их Британи, ХБНГУ, Итали, Бельги, Франц гэх мэт улс тоног төхөөрөмж, цөмийн түлш, мэргэжилтнүүдээрээ туслаж байв. Ингэснээр 1994 он гэхэд Иран даяар 23 цөмийн цахилгаан станц байгуулан Ираны эрчим хүчний салбарыг газрын тос, шатдаг хийн олборлолтоос бүрэн хамааралгүй болгох байжээ. Гэвч 1978 онд Лалын хувьсгалын дараа Ираны Засгийн эрхийг гартаа авсан шашны төлөөлөгчөөс бүрдсэн удирдлага нь бараг бэлэн болоод байсан Бушер дахь цөмийн цахилгаан станцын барилгыг зогсоосон. Гэхдээ удалгүй цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх нь улс орных нь ирээдүйд чухал ач холбогдолтойг ойлгон 1990-ээд оноос хойш хөтөлбөрөө сэргээсэн юм. Гэвч өрнөдийн орнууд шинэ Ираны удирдлага цөмийн аж үйлдвэрлэлийг ямар зорилгоор ашиглах тухайд ихээхэн эргэлзээтэй тулгараад байсан болохоор оролцохоос татгалзсан.
Иймд Ираны эрх баригчид манай хойд ба урд хөршүүдтэй цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний дагуу Оросын тал хэдхэн сарын өмнө Бушер дэх цөмийн цахилгаан станцыг барьж дуусаад, иранчуудад шилжүүлэн өгсөн тухай мэдээ гарч байсныг уншигч та санаж байгаа байх. Цаашид тохиролцоонд хүрч чадвал Оросын “Росатомстрой” корпораци нь ахиад цөмийн цахилгаан станцын хоёр блокийг барьж магадгүй юм. Ираныг цөмийн зэвсгэтэй болоход нь нууцаар туслаж байна гэж Оросууд их шүүмжлэгддэг ч олон улсын ямар ч гэрээ, хэлэлцээрийг зөрчөөгүй, цэвэр энхийн зориулалттай объект барьсан гэдгээ оросууд ямагт онцолдог.