Хоёр улсын агаарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар Монголын Улсын Зам, Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагаар ахлуулсан төлөөлөгчид, Японы Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Иргэний нисэхийн захиргааны Агаарын харилцааны албаны захирал Кобаяши Таро тэргүүтэй төлөөлөгчидтэй энэ сарын 20-21-ний өдөр Токио хотноо уулзалт, хэлэлцээ хийв.
Хоёр орны Ерөнхий сайд энэ онд харилцан айлчилж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2013-2017)-ийг баталсан. Уг хөтөлбөрт хоёр улсын Засгийн газар нь Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалт, нисэх буудлын холбогдох байгууламжуудын үйл ажиллагаа, менежментийн чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зэргээр Монгол, Японы агаарын харилцааны хүрээг өргөжүүлэн хөгжүүлж ажиллахаар тусгасны дагуу энэ удаагийн уулзалт хэлэлцээгээр агаарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын чанартай чухал асуудлуудыг Японы талтай хэлэлцлээ.
1993 оны Монгол, Япон хоёр улс хоорондын Агаарын харилцааны хэлэлцээр байгуулагдснаас хойш Монголын талаас Япон улсруу хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Токио хотын Нарита нисэх буудал руу долоо хоногт Боинг-737 агаарын хөлгөөр 5 удаагийн нислэг үйлдэх боломжтой байсан. Харин дээрх хэлэлцээг байгуулснаар Боинг-737, Боинг-767 маркын агаарын хөлгөөр тус чиглэлд долоо хоногт 7 удаагийн нислэг үйлдэх боломжтой байхаар тохиролцлоо. Түүнчлэн 2016 онд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад ороход нислэгийн урсгалыг нэмэгдүүлэх агаарын харилцааг либералчлах үүднээс хоёр орны хоорондын нислэгийн цэгийг нэмэгдүүлэх, аяллын дугаар хуваан эзэмших зохицуулалтыг харилцан хэрэгжүүлж эхлэхээр тус тус тохиров.