УИХ-ын гишүүд
архагшиж байгаа бололтой. “Би ч ингэдэггүй”, “би ч тэгдэггүй” гэж гэнэт тодорч
эхлэх болж. Энэ удаагийн парламентын гишүүдээс их ч юм гарах янзтай. За тэгээд
эхнээсээ хоч нэрээ өөрсдөө олж аваад л байна. Дөрвөн жилийн бүрэн эрхийн
хугацаа дуусах хаа ч байсан юм. Үүнээс хойш өчнөөн олон сонирхууштай зүйл гарах
нь тодорхой. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон нэгэн гишүүн “Шинэ орж ирж байгаа
гишүүдийг чадавхижуулж, парламентын ажлын ойлголт өгдөг баймаар юм. Юу юугаа ч
ойлгохгүй хамаа замбараагүй байна” гэж ярьж байсныг бас л бодууштай. Гадаадын
ихэнх их дээд сургуульд суралцагчид
хэлний бэлтгэлд сууж байж суралцах эрхээ авдаг. Улсынхаа парламентад орж, ард
түмнээ төлөөлж байгаа гишүүдэд ядаж ганц сарын ч болов парламентын наад захын
ойлголт авах, өөрийгөө төлөвшүүлэх, биеэ зөв авч явах сургалтанд хамруулдаг
баймаар юм.
Кэнди крашчин
З.Баянсэлэнгэ
Кэнди краш гэгч цахим тоглоомд донтогсод хүрээгээ тэлж, УИХ-д
хүртэл төлөөлөлтэй болжээ. З.Баянсэлэнгэ гишүүн өчигдөр энэ тоглоомын донтон
болж, чуулганы хуралдаанд юу хэлэлцэж байгааг ч үл тоон, хамаг анхаарлаа
хандуулан тоглож суув. Түүний ийм зураг, дүрс бичлэг интернэтэд тавигдахад
“Ярьж байгаа юмыг нь ойлгохгүй юм чинь ингэж тоглож суухаас ч яахав”, “Баянсэлэнгэ
гишүүн ээ, кэнди крашийн амь зээлээч”, “Зөвхөн ингэж тоглосных нь төлөө
хариуцлага тооцож, бүр эгүүлэн татах ч ёстой” гэсэн уртаас урт сэтгэгдэл
хөвөрсөн. Эцсийн дүндээ ийм гишүүтэй УИХ-д байна шүү дээ гэсэн харамсал төрлөө.
З.Баянсэлэнгэ гишүүний бас нэг онигоо бий. Хятадад нэгэн ажлаар гишүүн очиж л дээ. Ганцаараа биш. Олон хүн явсан чухал ажил байж. Гэтэл гишүүн нэг өдөр алга болчихож. Хаачив, яав ийв гээд л бөөн юм болж сандарсан юм байх. Халдашгүй бүрэн эрхтэй гишүүн болохоор санаа зовних нь ч аргагүй. Тэгтэл юу ч болоогүй юм шиг гараад ирж. Хаачсан бэ гэтэл гишүүн Бээжингийн дэлгүүр хэсч, шинэхэн хаустаа тохирох гэрлийн бүрхүүл худалдаж аваад ирсэн байж. УИХ-ын гишүүдээс ганцаараа гэр хороололд амьдардгаараа бахархдаг Баянсэлэнгэ гишүүн хашаандаа тансаг хаус бариулсан учир тохижуулах гэж төрийн ажлыг хойш нь тавьсан аж.
Сонин уншдаггүй гишүүн
Бас л эмэгтэй гишүүний тухай. С.Одонтуяа гишүүн сонин
уншихаа больж байгаа юм гэнэ. Тийм ч болохоор сонинд ярилцлагаа өгөхөө больсон
аж. УИХ-ын зарим гишүүн телевиз ч үгүй гэдэг бол С.Одонтуяа гишүүн эсрэгээрээ зөвхөн
телевиз л үздэг гэсэн шүү. Сонинд ярилцлага өгөхгүй гэж байгаа юм чинь сайтыг
бол тоож ч харахгүй биз. Хэвлэл мэдээлэл гэдэг зөвхөн телевиз биш гэдгийг
зөвлөхүүд нь байг юмаа гэхэд тохой залган суугсад нь хэлээд өгөөсэй билээ.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсгийг ахалж байгаа гээд тэрээр сүүлийн үед их л гэдгэр явах болсон. Дэлхий дээр хаана ч байхгүй нэр томъёо оруулж ирлээ, бодлого гэдгийнхээ утга учрыг ч ойлгохгүй байна, нөхөр нь Газрын тосны газрын дарга хийдэг, ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш үү гэх мэтээр туршлагатай гишүүдээс багагүй шүүмжлэл сонсоод буй. Эрхэм гишүүн унших, бичих харшилтай болчихсон гэхээр компьютерээрээ үзэж, сонсоод л тэр чухал бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа бололтой юм уу даа. Өдөржин, шөнөжин телевизээр нэг эмэгтэй гишүүн юу ч хамаагүй яриад л байвал тэр С.Одонтуяа гишүүн байх нь гэж ойлгоорой.
Хаашаа ч хамаагүй үсчигч
О.Баасанхүү гишүүн гэхэд л юуны тухай байх нь ойлгомжтой. Жагсаалтаар орж ирээд гэнэт гишүүн болсон шокноосоо одоо ч гарч чадаагүй байгаа. Ямар ч асуудал байсан юу ч байсан заавал нэг үг хэлж, хэрүүл өдөж, маргалдаж байж сэтгэл нь амардаг. Ямартай л чуулганы хуралдаанд үг хэлэх биш хараалын, хэрүүлийн үг эвлүүлээд хэлж байх нь энгийн үзэгдэл. Хар хорины сүм хархтай болчихож гэж хэвлэлийн бага хурал хийлгэдэг УИХ-ын гишүүн ч байх болж. Ерөнхий сайдын айчлалд багтаж Япон улсад явж байхад нь ёс заншил, албан ажилдаа дэндүү чанд япончуудыг анхааруулсаар байтал нь бусдын суудлыг эзэлчихээд хээв нэг сууж, Монголын парламентынхан наад захын соёлгүй гэж шүүмжлүүлсэн. Юу ч байсан намынхаа дарга Н.Энхбаярын асуудлыг холбож ярьдаг О.Баасанхүү гишүүнийг зарим нь пропорциональ системийн алдаа гэдэг юм билээ. Шалгалт хийх гэж байна гээд хаа дуртай газраа яваад оччихдог тэрээр дэг ёс, дүрэм журам гишүүн хүнд үйлчилдэггүй гэж эндүүрсэн бололтой.