Мах, махан бүтээгдэхүүн төдийгүй ер нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт Монголдоо тэргүүлэгч “Мах Импэкс” компани дэлхийд алдартай герман технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулаад байгаа. Энэ магадгүй нэгэн компанийн технологийн шинэчлэл мэт авч эцсийн дүндээ хэрэглэгчдийн тавган дээр чанартай хүнс хүргэх тухай асуудал учраас тус компанид технологи, тоног төхөөрөмжөө нийлүүлээд, түүнийхээ хэр үр дүнтэй ажиллаж буйг өөрийн биеэр үзэхээр ирсэн “Tipper Tie” компанийн Орос, Зүүн Ази, Төв Азийг хариуцсан худалдааны захирал Стефан Кунзле болон тус компанийн төлөөлөгч “Exima” компанийн захирал Александр Бекертэй ярилцлаа.
-Та бүхэн Монголд анх удаа ирж байна уу. Монгол мах амталж үзэв үү?
-Тийм ээ, анх удаа ирж байна. Монгол малын мах идэж үзлээ. Их сайхан амттай юм билээ.
-Тэгвэл Мах Импэксийн бүтээгдэхүүний тухайд. Танай технологийг ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сэтгэлд тань хэр нийцэв?
-Мэдээж таалагдсан. Дээр нь манай технологийг ашигласан гэхээр бүр хоёр дахин их таалагдсан шүү.
-Та бүхний төлөөлж буй компанийн технологи салбартаа тэргүүлдэг гэж сонссон. Компанийнхаа тухай танилцуулахгүй юу?
-Миний бие “Exima” компанийг төлөөлж ирсэн. Манайх мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компани байгаа юм. Бид салбартаа тэргүүлэгчдийн нэг л дээ. Бид мөн “Tipper Tie” компанийг энэ бүс нутагт төлөөлж ажилладаг.
-Манай компани мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг компани. Бид зөвхөн хиам, зайдас боловсруулах тоног төхөөрөмж ч бус түүнийг савлах, хавчих, үдэх автомат төхөөрөмж үйлдвэрлэдэг. Манай худалдаа эргэлт 150 сая ам.доллар орчим, 400 орчим ажилтантай. Толгой компани маань байрладаг АНУ болон Германы Хамбург, Швейцарьт үйлдвэрлэлээ явуулдаг. Бид үйлчлүүлэгчиддээ зөвхөн машин, тоног төхөөрөмж зарах биш, чанар, үнэ цэнэ мэдрүүлэхийг эрмэлздэг. Бид харилцагчдадаа бүрэн үйлчилгээ үзүүлж, бүр эхнээс нь эцсээ хүртэл бүхий л зүйл дээр хамтран ажиллаж, дэмждэг. Манай компанийн хувьд техник технологио худалдахаас гадна үйлчилгээ үзүүлэх нь хамгийн чухал гэж үздэг. Мэдээж, манай тоног төхөөрөмж, шугам маш сайн. Гэхдээ түүнийг ашиглаж байгаа үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө үр дүнтэй, зөв ашиглавал хэтдээ бидний хэн хэний маань бизнест хэрэгтэй. Тийм ч учраас бүтээгдэхүүн үйлчилгээнд бид онцгойлон анхаардаг. Энэ ч үүднээс бид дэлхийн олон орны үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна. Бүс нутгийн хувьд “Exima”, тус компанийн ерөнхий захирал Александр Бекер манай худалдаа, үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Энэ бүс нутгийн худалдан авагч, үйлчлүүлэгчдийг сургаж дадлагажуулах асуудлыг тэр хариуцдаг юм. Орчин үеийн технологи маш их софтвэйр ашигласан, өндөр үнэтэй байдаг учраас тэр тоног төхөөрөмж нь яг яаж ажилладгийг бодитоор харуулж, сургах нь чухал.
-“Мах Импэкс”-т нийлүүлсэн технологийн тухайд ямар бүтээгдэхүүн бэ. Одоо ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Манай технологийг хэрхэн ашиглаж ажиллуулахыг зааварладаг 10 өөр төрлийн мэргэжилтэн байдаг. Инженер, махны инженер гээд мэргэжилтнүүд маань яг нарийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү, яаж хиам зайдас хийх вэ гэдэг рүү орохгүй ч ерөнхий процессын заавар өгч тусалдаг. Учир нь, компани бүр өөрийн тусгай жор, нууцтай байдаг. Гэхдээ бид харилцагчдадаа цагаа яаж зөв ашиглах, ямар түүхий эдээр хэрхэн амт чанартай хиам хийх вэ зэргээр зөвлөгөө өгдөг. Тэгээд мэдээж энэ бизнесээ яаж ашигтай байлгах, мөнгө олох нь ч бид бүгдийн хувьд чухал асуудал шүү дээ.
-Орчин үеийн эдгээр технологийг ашигласнаар ажиллах хүчинд хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Мэдээж, аль болох олон үйлдлийг автоматжуулж байгаа учраас технологи хөгжих тусам цөөн хүн ажиллах болно. Гэхдээ одоо хүртэл бидэнд хүний хүч хөдөлмөр хэрэгтэй л байна. Тиймээс хамгийн гол асуудал бол боловсон хүчнээ шинэ технологи дээр ажиллуулж сургах нь чухал.
-Манай улсад мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөнгүй компани бий. Та бүхэн өөрийн түншийг тэдгээр компанитай харьцуулж үзсэн үү? Энэ талын мэдээлэл бий юу?
-Тийм ч хангалттай мэдээлэл байхгүй. Тийм ч учраас бид энд ирсэн юм. Миний олж мэдсэнээр бол Монгол дахь энэ төрлийн үйлдвэрүүдээс 30 гаруй нь манай компанийн сонирхлыг татахуйц үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэхдээ тэд “Мах Импэкс” шиг том биш л дээ. Цаг хугацаа, хүчин чадлаасаа хамаараад ойролцоогоор 6-20 тонн хиам, зайдас гэх мэт хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн.
-Тэгвэл “Мах Импэкс”-ийн талаар та бүхэн юу гэж үнэлж дүгнэж байна?
-Бид “Мах Импэкс”-тэй хамтран ажиллаж байгаадаа маш сэтгэл хангалуун байна. Бид хамтраад 4-5 жил болжээ. Энэ хугацаанд тэд манайхаас 5-6 тоног төхөөрөмж худалдан аваад байна. Сайн бизнес эрхэлж байгаа манай үнэ цэнэтэй хэрэглэгч гэж хэлж болно. Энд ирээд бидний олж харсан нэг зүйл бол маш сайн, өндөр зохион байгуулалттай компани юм гэдгийг мэдэрлээ. Ажилтнууд ч компанидаа ажиллаж байгаагаар бахархдаг, сэтгэл хангалуун байдаг нь анзаарагдлаа. Энэ бол компанийн менежментийн арга барил сайн байгааг илтгэх нэг үзүүлэлт. Үйлдвэрээр зочлоод эрүүл цэвэр орчныг сайтар бүрдүүлснийг харлаа. Энэ бол хүнсний компанийн хувьд маш чухал үзүүлэлт шүү дээ.
-Монголчууд төдийгүй дэлхий даяар л герман технологи чанараар дэлхийд тэргүүлдэг гэдгийг мэднэ. Тэгэхээр дэлхийд тэргүүлэгч танай технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хэр үнэтэй тусах бол?
-Үнэ өртөг гэдгийг зөвхөн тухайн бүтээгдэхүүний үнэ ханшаар тооцож болохгүй. Жишээлбэл, 100 мянга болон 50 мянган ам.долларын үнэтэй хоёр машин байлаа гэж бодъё. Хэдийгээр анх худалдан авахад 100 мянга нь үнэтэй санагдаж болох ч тэр машин олон жил эвдрэл гэмтэлгүй, элэгдэл хорогдолгүй ажиллаж, түүхий эдээ хэмнэлттэйгээр ашигладаг. Гэтэл хямд тоног төхөөрөмж эргээд эсрэгээрээ явцын дунд их зардал гаргадаг. Эцэстээ аль нь үйлдвэрлэгчид үнэтэй тусах вэ гээд бодоод үзвэл өөр хариулт гарна.
-”Мах Импэкс”-ийн бүтээгдэхүүнийг Европын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад амт, чанарын хувьд ямар санагдсан бэ?
-Бид Германы франкфуртер зайдастай ижил төстэй бүтээгдэхүүнийг амталж үзсэн. Мэдээж, яг адилхан биш боловч маш амттай, чанарын хувьд ижил, сайн байсан.
-Манай улс гадагш мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох их сонирхолтой байдаг. Гэвч чанар, эрүүл ахуйн тал дээр асуудал гардаг. Та бүхэн махны чиглэлийн бизнес хийдгийн хувьд монгол махны чанарын талаар юу хэлэх вэ?
-Бид халуун тогооны зоогийн газарт орж, монгол үхэр, хонь, гахайн махыг амталж үзсэн. Амтны хувьд бүгд маш сайхан байсан. Ер нь, сайн махыг болгохоос нь өмнө түүхийгээр нь амталж үзэхэд ч чанар нь мэдрэгддэг л дээ. Монгол малын мах бол маш сайхан амтагдаж байсан. Гэхдээ махаа экспортлохыг хүсч байгаа бол чанар, аюулгүй байдлын сертификат авах ёстой. Мөн мах боловсруулах өндөр стандартын тоног төхөөрөмж ч хэрэгтэй. Яг л Европт ашигладаг тэр технологийг ашиглаж, махаа боловсруулах шааардлагатай болно. Герман шиг орон хүнсний нийлүүлэгчээ сонгож, баталгаажуулахын өмнө чанар стандартын өндөр шаардлага тавьдаг. Тиймээс танайд шинэ, сайн технологи хэрэгтэй гэж хэлэх байна.
-Эцэст нь, Монголд анх ирсэн хүний хувьд манай орон танд ямар сэтгэгдэл төрүүлэв гэдгийг сонирхмоор байна. Төсөөлснөөс өөр байв уу?
-Ер нь, аливаа оронд анх очихын өмнө нэг төсөөлөл буучихсан байдаг. Миний хувьд ч Монголын талаар төсөөлөл байсан. Гэвч бодит байдлаас тэс өөр байжээ гэдгийг энд ирээд л мэдлээ. Маш орчин үеийн хот, маш орчин үеийн хүмүүс биднийг угтсан нь миний төсөөлж байсан нэг тиймэрхүү хуучны маягийн хот байх гэсэн ойлголтоос огт өөр байлаа. Надад их таалагдсан. Бид монголчуудтай хамтран ажиллахаар дахин ирэх болно оо.