Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАНКУУД БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨӨХ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ТУНХАГЛАВ

Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санаачлагыг энэ оны эхээр боловсруулжээ. Улмаар тавдугаар сард тогтвортой санхүүжилтийн форум зохион байгуулсан билээ. Санаачилга, хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо дэмжиж, хамтран ажиллахаар болсон аж. Дээрх хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын эхлэл болгож “Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг” баталлаа. Үүнд манай оронд үйл ажиллагаа явуулж буй 13 арилжааны банк, Хөгжлийн банк нэгдэж, гарын үсэг зурах ёслол үйлдэв. Ёслолд банкуудын гүйцэтгэх захирлууд хүрэлцэн ирж, хамт олноо төлөөлөн тунхаг бичгийг үзэглэн экологийн төлөөх үзэл баримтлалаа бататгасан юм. Тунхаг бичигт тусгаснаар хэд хэдэн ач холбогдол бүхий үр дүнд хүрэхийг эрмэлзэж буй аж. Жишээ нь, аливаа санхүүгийн шийдвэрээ эх дэлхий, хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагад нийцүүлсэн байх зарчмыг удирдлага болгох аж. Ер нь, арилжааны банкуудын санал нэгтэйгээр баталж буй тунхаглал нь банкуудын нийгмийн хариуцлагыг улам тодорхой, бодитой болгох санаачилгын нэг хэлбэр. Мэдээж тунхаглал  бол хууль биш учраас банкуудад зайлшгүй биелүүлэх, хариуцлага хүлээлгэх бололцоогүй. Үндсэндээ хүний эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдуулж, хөнөөлтэй төсөл, бизнесийг дэмжихгүй гэх ухамсрын асуудал болохыг Монголын банкуудын холбооны тэргүүн М.Болд хэлсэн юм. Банкны бизнес үйл ажиллагааны хувьд авч үзвэл тогтвортой санхүүжилтийн тоог нэгээр нэмэх ажил. Энэ юу гэсэн үг вэ гэхээр сайн бизнесээс сар бүр ашиг хүртдэг бол тааруу бизнес тэгсхийгээд дампуурч, ашиг олох нь бүү хэл алдагдал хүлээх эрсдэлтэй. Жишээ нь, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэгч компани эко-системийг гэмтээхээр байвал иргэдийн эсэргүүцэл, Засгийн газар, орон нутгийн удирдлагын нөлөөгөөр хаагдах нь тодорхой. Тэгвэл энэ төсөлд хөрөнгө оруулсан банк давхар хохирч, санхүүжилтээ тогтвортойгоор нөхөн олох боломжоо алдана. Энэ утгаараа тунхаг бичигт тогтвортой санхүүжилт хэмээх үг онцлон багтаж, үзэл баримтлалаасаа гажвал дээрх хохирол амсах магадлал тун өндөр болохыг сэрэмжлүүлэх мэт.

Хөтөлбөрөөс хүлээх өөр нэг бодит үр дүн бол банкууд шийдвэртээ санхүүгийн тогтвортой нөхцөл, байгаль орчны тэнцвэртэй байдлыг харгалзан үзэх зарчим боловсруулж, бүх нийтээр мөрдлөг болгохыг уриалах явдал. Энэ ажлын хүрээнд бизнесийн шийдвэрээ бүх нийтийн эрх ашигт ээлтэйгээр батлах, тогтвортой санхүүжилтийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг, стандарт нэвтрүүлэх бүлэг ажил хийнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Нигер, Филлипин, Индонез, Вьетнам, Хятад зэрэг улс оронд тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр амжилттай хэрэгжүүлээд байгаа аж. Эдний дундаас “Экваторын зарчмууд”, “Олон улсын санхүүгийн корпорацын үйл ажиллагааны жишгүүд” нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжилд илүүтэй үр өгөөжтэйд тооцогддог. Арилжааны банкууд тунхаглалд хөтлүүлснээр бүх сонирхогч талтай хариуцлагатай, нээлттэй ажиллахаа баталж гарын үсэг зурсан. Тодруулбал, банк, санхүүгийн салбарын нийт ажилтан, харилцагч үйчлүүлэгчид, хамтран ажиллаж буй байгууллагад хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний ач холбогдлын талаархи мэдээлэл, ойлголт өгч түгээн дэмжихээ илэрхийлж буй юм.

Монголын банкуудын холбоо, Олон улсын санхүүгийн корпорац, Банк санхүүгийн академи, Нидерландын хөгжлийн банк зэрэг хэд хэдэн байгууллага дээрх хөтөлбөрийг санаачилсан. Тэдний хувьд хөтөлбөрийн үр өгөөжийг дараахь байдлаар харж байгаа гэнэ. Тухайн банкнаас санхүүжүүлэх төсөл бүрийн эдийн засгийн өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ тэдгээрийн байгаль орчин болон нийгэм, ард нийтэд учруулж болох сөрөг нөлөөг урьдчилан тооцох ёстой. Улмаар эрсдэлийг удирдаж бууруулах, зайлсхийх арга хэмжээ авах үүрэг хүлээлээ.  Хөтөлбөрийг санаачлагчдын нэг ОУСК нь Дэлхийн банкны группын гишүүн бөгөөд хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилготой байгууллагууд дотроо хамгийн том нь аж. Хөгжиж буй орныг тогтвортой хөгжилд хүргэхийн төлөө Засгийн газарт зөвлөж, хөрөнгө оруулж, олон улсын зах зээлд хөрөнгө босгоход дэмжиж ажилладаг. 2011 онд дэлхийн хэмжээнд эдийн засгийн байдал тодорхой бус болох үеийн тусламж дэмжлэгийн хэмжээ 19 тэрбум ам.доллар хүрсэн гэдэг. Нидерландын хөгжлийн банк мөн л хөгжиж буй орны хувийн хэвшилд санхүүжилт олгохыг эрмэлздэг. Тодруулбал, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, ус-хүнсний салбарыг хөгжлийн түшиц хэмээн үзэж илүүтэй анхаардаг байна. Тус банк хөрөнгө оруулалтын багцаа өсгөсөөр 6.3 тэрбум евро хүргэснээр Европ тивдээ томоохон банкны нэгд зүй ёсоор тооцогддог аж.


М.Болд: Банкууд шинэчлэлээ өөрсдөөсөө эхэлнэ

Тунхаг бичигт гарын үсэг зурж баталгаажуулах ёслолын үеэр Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болдоос цөөн асуултад хариу авлаа.

-Өнөөдрийн арга хэмжээний гол утга учир, үзэл санаа юунд чиглэж байгаа вэ?
-Дэлхий даяар байгаль орчинд ээлтэй, харилцагчдад үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулахыг бизнесийн салба-раа уриалсан хөдөлгөөн өрнөж байгаа. Хөдөлгөөнд Монголын арилжааны банк, байгууллагууд манлайлан оролцсон нь талархууштай юм. Банкууд өөрсдөө тухайн нийгэмд үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулахын тулд олон сая харилцагчдадаа ногоон үзэл бодол сурталчлан, таниулах боломжтой. Тухайлбал, зээлийн гэрээндээ санхүүжилт авч байгаа компанид хандсан тодорхой заалт оруулж болно. Байгалийн тогтоц, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулахгүй, харин ч экологид өгөөжтэй, иргэд олон нийтэд тустай ажил хийхийг шаардах эрхтэй. Тийм болохоор өнөөдөр бусдыгаа манлайлж, өөр хоорондоо амлалт авч, улс даяар эрүүл нийгмийн төлөөх үйл ажиллагааг сурталчлах үүрэг хүлээж байна гэж болох юм.

-Боломж хэр байгаа вэ, ойрын хугацаанд өөрчлөгдөх зүйл ажиглагдаж байгаа юу?
-Ер нь, зээлийн хүү өөрөө хадгаламжийн хүүтэй уялдаж тогтдог. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүү буураагүй цагт зээлийн хүү багасах ойлголт байдаггүй. Бид бага хүүтэй зээл хүсч байгаа ч хүслийн ард хясал дагаж явдаг шүү дээ. Тиймээс өнөөдөр хямд эх үүсвэртэй санхүүжилтэд хүрэхэд арай хол байна.
-Тэгвэл өнөөдрийн тунхаглалыг баталснаар аж ахуйн нэгжүүд, зээлдэгчдэд ямар боломж олгох вэ?

-Боломж гэхээс илүү ухамсарлуулах, боловсрол олгох тал руугаа энэ арга хэмжээ, хөтөлбөр чиглэнэ. Авсан зээлээ байгалийг доройтуулах, сөнөөх чиглэлд зориулж болохгүй гэсэн үг. Заавал бага хүүтэй зээл авснаар байгаль хамгаална гэж байхгүй л дээ. Өндөр хүүтэй зээл авсан ч экологид санаа тавих, нийгмээ анхаарах боломжтой. Гагцхүү түүнийг олж сэдэх, сэтгэх бодох, цаг гаргах шаардлагатай байгаа.

-Тунхаг бичгээ өнөөдөр баталлаа ч маргааш хэрэгжүүлэхэд тодорхой бэлтгэл шаардлагатай болов уу, үүнийг хэрхэн хангах бол?
-Мэдээж өргөс авч байгаа юм шиг бүх зүйлийг нэг өдөр шийдвэрлэхгүй. Энэ бол том ажлын эхлэл  гэж болно. Ямар ч байсан ийм үзэл баримтлал дээр Монголын бүх банк, санхүүгийн байгууллага нэгдэж, тэр ажлаа хэрэгжүүлэх гараанаас гарлаа. Хамгийн эхэнд өөрсдийн дотоод үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэй болгож шинэчлэх чиглэлд анхаарах нь зөв байх. Цаашид олон зуун мянган харилцагч, зээлдэгчдэд экологид ээлтэй үйл ажиллагаа явуулах шаардлагыг шат дараатай тавих юм.

-Өнөөдрийн арга хэмжээтэй холбоогүй нэг зүйлийг тодруулахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зарим банк үйлчилгээний шимтгэл гэж өндөр авдаг, АТМ-ын гүйлгээнээс мэдэгдэхгүйгээр суутгал тооцдог гэх шүүмжлэл гарсан. Энэ тал дээр эрхзүйн орчны хувьд хэрхэн шийдсэн байдаг юм бэ?
-Хэрэв үйлчлүүлэгчид мэдэгдэхгүйгээр шимтгэл авч байгаа бол мэдээж тэр буруу л даа. Хууль тодорхой бус байгаа. Тухайн байгууллага үйлчилгээний шимтгэл, хураамжийг өөрсдөө тогтооно гэсэн ерөнхий зүйл байдаг. Ер нь, санхүүгийн үйлчилгээний байгууллага хадгаламж болон зээлийн хүүгээр өөрийн санхүүжилтээ арвижуулдаг. Гэхдээ үүнээс гадна үйчилгээний шимтгэл багагүй хувийг бүрдүүлдэг юм. Монгол Улс гадаадаас урт хугацааны зээл авахдаа хүртэл 0.5-07 хувьтай тэнцэхүйц шимтгэл төлдөг шүү дээ. Ер нь, олон улсын үйлчилгээний жишиг гэж бий. Наад зах нь бар ресторан, цэнгээний газрын үүдэнд такс гэдэг хураамж авч байгаа. Авто замаар зорчиж байхад ашиглалтын шимтгэл гээд мөнгө авдаг. Тийм учраас татвар, шимтгэл, хураамж бүү ав, төдий хэмжээтэйгээр тооц гэж тодорхойлох нь өөрөө хувийн бизнест хөндлөнгөөс халдаж буй хэрэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан