Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онгоцны ослоос амьд үлдээд 75 рублийн тэтгэмж авсан орос бүсгүй


Залуухан оюутан бүсгүй Лариса Савицкая хуримын аялал хийгээд 1981 оны наймдугаар сардын 24-нд нөхөртэйгээ цуг Комсомольск- на-Амур хотоос Ан-24РВ онгоцоор нисч явлаа. Тэдний суудал онгоцны дунд хэсэгт байсан ч сул суудал олон байсан болохоор тэд сүүлний хэсэгт сууж явж.
Гэтэл онгоц 5220 метр нисч явахдаа сургууль хийж явсан цэргийн бөмбөгдөгч Ту-16 онгоцтой мөргөлдөж сүйрчээ. Ан-24 онгоцны далавч, бүхээгийн дээд тал юу ч үгүй болсон байна.

Яг осол болох үед Лариса унтаж яваад хүчтэй доргилт, галын улмаас сэржээ. Тэгээд л унасан байна. Хэдэн цагаар ухаангүй байгаад сэрэхэд яг дэргэд нь нөхөр нь суудалтайгаа унаад нас барсан байх нь тэр. Лариса хүндээр бэртсэн ч гэсэн өөрөө хөдөлж болохоор байлаа. Хоёр хоногийн дараа аврагчид түүнийг олохдоо ёстой нүдээ бүлтэртэл гайхсан байна. Чухамдаа тэд дан л үхсэн хүний цогцостой таарна гэж бодож байсан хэрэг. Лариса элдэв зүйл цуглуулан оромж барьчихсан, гялгар уутаар шумуулаас хамгаалах уут хийчихсэн сууж байлаа. Гар хавирга нь хугарч, бараг бүх шүд нь унаж тархиндаа гэмтэл авсан байж. Төрөл төрөгсөд нь нөхөр тэр хоёрт нь зориулан шарилын нүх ухчихсан байсныг хожим нь тэр олж мэджээ. Ийн тэрээр онгоцонд явсан 38 хүнээс ганцаараа амьд үлдсэн байна.

Үр дагавар нь

Онгоцны ослын тухай ямар ч яриа гарсангүй, хэвлэлээр ч мэдээлсэнгүй. Ганцхан “Советский спорт” сонинд түүнийг нисэх аппаратын туршилт хийх үеэр 5000 метрийн өндрөөс унасан гэсэн мэдээлэл төдий юм гарсан гэнэ.
Олон тооны бэртэл авч тахир дутуу болсон ч зөвлөлтийн тэр үеийн шалгуураар хөгжлийн бэрхшээлтэй биш гээд тэтгэмж өгсөнгүй. Харин ослын нөхөн төлбөр гэж 75 рубль өгсөн гэдэг. Нэгэн үе тэрээр бэртлийнхээ улмаас бусадтай нэгэн адил хөдөлмөрлөж чадахгүйгээс бараг өлсч явсан байна. Харин өнөөдөр тэр “од” болж сонин хэвлэл, радио телевиз урьдаг болжээ.
Лариса Савицкая хоёр төрлөөр дээд амжилтйн Гиннесийн номд орсон байна.
-    5000 метрийн өндрөөс унаад амьд үлдсэн
-    Эрүүл мэндийн хохирлынхоо төлөө хамгийн бага нөхөн төлбөр, 75-хан рубль  авсан гэж.


Лариса Савицкая: Надад шарилын нүх ухчихсан байсан гэдэг

-Лариса үүнд хэн буруутай бол?
-Би бол цэргийнхэн л буруутай гэж боддог. Тэд иргэний нисэхийн зам дээр сургууль хийсэн. Гэхдээ би үүнийг хоёр жилийн өмнө л олж мэдсэн л дээ. Албан ёсны дүгнэлтээр хоёр нисгэгч хоёулаа буруутай гэсэн байсан.

-Сонинууд юу гэж бичсэн байв?
-“Голос америки“ дамжуулсан байсан. Манай орост бол 1985 онд Советский спорт сонинд. Гэхдээ осол биш, өөрөө хийсэн нисэх аппарат туршиж байгаа унажээ. Харин амьд гарсан, яагаад гэвэл тэр зөвлөлтийн хүн учраас гээд л.....

-Ер нь яг юу болсон юм бэ?
-Онгоц мөргөлдөөд хүчтэй түлхэхэд би сэрсэн. Онгоцны дээвэр байдаггүй , яг л завь шиг, түймэр гараад халуун гэж жигтэйхэн. Хүмүүс хашгиралдаад л,  би бол ингээд л үхлээ гэж бодсон. Нөхөр маань үхчихсэн байсан.

-Өөрөө тэгээд тэр “завь”-тайгаа хамт унасан уу?
-Үгүй. Дараа нь тэр завь маань хоёр хэсэг болсон. Яг л миний суудлын урдуур хуваагдсан. Тэгээд л унасан, ухаан алдсан, сэргэхдээ газар хэвтэж байлаа.
 
-Бэртсэн үү?
-Зөндөө бэртэл авсан л даа. Шүд бүгдээрээ шахам унасан, гар, хавирга хугарсан. Гэхдээ намайг тахир дутуу гэж тооцоогүй. Эмч нар “Бид ойлгож байна аа. Гэхдээ энэ гэмтлүүд чинь тахир дутуу гэдэгт хамаарахгүй байна” л гэсэн.

-Тайгад хэдэн хоног болсон бэ?
-Гурав хоног. Нөхрийн маань шарил яг миний дэргэд байсан. Би өөрөө явж чадахгүй байлаа. Тэгээд шоконд орчихсныг хэлэх үү.  Аврагчид ирэхэд ёстой гайхмаар. Тэд ч гайхаад л, би ч гурав хоног модноос өөрийг хараагүй хүн чинь бас .....Нүүр минь онгоцны мөнгөлөг өнгө, хар утаагаар бүрхэгдчихсэн, үс маань бөөн шилний үртэс...Хүн аймаар л юм байсан л даа. Тэгээд л эмнэлэг......Нас барсан хүмүүсийн нэр гээд гарчихсан. Надад зориулаад шарилын нүх ухчихсан байсныг хожим нь мэдсэн.

-Яаж амьд гарсны чинь тайлбарласан уу?
-Хожим нь л эрдэмтэд гаргалгаа хийсэн байсан. Ер нь л намайг унаж байхад онгоцны хэсгүүд бас л салхинд хийссэн навч шиг унаж байж. Тэгээд л унаж байхдаа тийм зүйлийн нэгтэй мөргөлдөж унах хүч суларсан юм байх. Зарим нь муур, хүүхэд өндрөөс унахдаа багахан эсэргүүцэлтэй тулгарч хөнгөн унадагтай адил гэж тайлбарласан байсан. Юутай ч гэсэн би амьд гарсан. Муур, хүүхэдтэй харьцуулахад нь би дургүй.

-Дараа нь тэгээд юу болов?
-Сэтгэц маань харин зүгээр байсан. Шашин шүтээд л, сэтгэлзүйн дарамтад ороод архи уугаад байсангүй. Хааяа тоглом шоглоомоор “Би бурхны хайртай охин нь” гэдэг л юм. Хүн шиг л амьдарч байна. Наймдугаар сарын 24-ний өдрийг хоёрдахиа төрсөн өдөр минь гэж дурсан тэмдэглэдэг. Энд тэнд онгоцны осол дуулдахад харамсдаг. Надаас ялгаа юу байхав.

-Осдын дараа тэгээд...?
-Ослоос хойш таван жилийн дараа хүүхэд төрүүлсэн. Эхлээд багш хийж, дараа нь хүүхэд өвдөөд юм юм л хийсэн. Ном худалдаж хүртэл үзсэн. Хэцүүхэн байсан даа. Өөрчлөн  байгуулалтын дараа гутал худалдаалж байлаа. Одоо бол нэг компанид офис менежер хийж байна. Оросын Гиннесийн номд хоёр удаа орох шив дээ.

-75 рублийг сар бүр авдаг уу?
-Хаанаас даа нэг л удаа, тэр үедээ л авсан.

-Эмчлүүлсэн үү?
-1990 оноос хойш л. Сайн хүмүүс тусалсан. Тархи мэдрэлээ эмчлүүлж, шүд хийлгэсэн.

0 Сэтгэгдэл
гайхамшигтай түүх байна
eostoi burhnii ohin bndaa...
Хамгийн их уншсан