Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ОЮУНЦЭЦЭГ: ЭНЭ ЖИЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ ДНБ-ИЙ ТАВАН ХУВИАС ИЛҮҮ ГАРАХ БАЙХ

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Д.Оюунцэцэг улсын төсвийн талаар чамгүй судалгаа, шинжилгээ хийсэн билээ. Иймд түүнтэй төсвийн төлөвлөлт, үр дүн ямар байдаг талаар ярилцлаа.

-Манай улсын төсөв жил бүр л алдагдалтай гар­лаа гэдэг. Төсвөө нэг л тө­лөв­лөж чадахгүй байгаа юм шиг санагдах юм. Ер нь, төс­вөө хэрхэн төлөвлөдөг юм бол?
-Засгийн газар Төсвийн хүрээний мэдэгдэл гэж тухайн жилийнхээ төсвийн хязгаарыг баталж өгдөг. Энэ хүрээнд багтааж төсвийн байгууллагууд төсвөө зохиодог. Үүнийг нэгтгээд УИХ-д өргөн барьдаг. УИХ орлого, зарлага, алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, зарлагыг нэр төрөл тус бүрээр хэлэлцэж баталдаг. Төсөв зохиох явцдаа манайхан орлогыг нь өөдрөг төсөөлдөг юм. Өөрөөр хэлбэл, зэс, нүүрс гээд ашигт малтмалын  үнийг хэт өндрөөр тооцсон алдаа гаргадаг. Энэ оны  төсвийг  бас дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ өндөр байна гээд төсөөлсөн. Гэтэл бодит амьдрал дээр он гарснаас хойш үнэ ханш нь унаж улсын төсөв асар их хэмжээний алдагдал хүлээлээ.
-Улсын төсвийг алдагдал бага, бүр цаашлаад алдагдалгүй төлөвлөх бололцоо бий юү?
-Төсөвт алдагдал гарна. Түүнийгээ санхүүжүүлээд явдаг. Чили Улсын эдийн засаг манай улстай ойролцоо.  Урьд нь хөдөө аж ахуйд суурилж байгаад одоо уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа. Тэгээд улсын төсвөө алдагдалгүй төлөвлөх зарчимд шилжээд байна.
Манай улс ч бас болно. Хямралын жилүүдэд орлого нь бага учраас алдагдалгүй байх хэцүү. Харин ашигт малтмалын үнэ, ДНБ-ий хэмжээ, эдийн засгийн өндөр өсөлттэй нөхцөлд төсвөө алдагдалгүй төлөвлөх хэрэгтэй. Гэтэл манайхан орлого нэмэгдэхийн хэрээр зарлагаа дагуулаад тэлдэг. Өөрөөр хэлбэл жил бүр биш юм аа гэхэд эдийн засгийн тааламжтай жилүүдэд төсвөө алдагдалгүй төлөвлөж байх зарчимд шилжих нь зүйтэй.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд барих заалт бий. Энэ хэрэгжиж чадаж байна уу. Та судлаач хүний хувьд юу гэж үзэж байна вэ?
-Энэ жил ДНБ-ий хоёр хувьд барьж чадахгүй. Алдагдал нь аль хэдийнэ дээрх хэмжээнээс хэтрээд явчихсан. Уг нь төсвийн төслөө зохиохдоо яг хоёр хувьдаа барих тооцоо хийсэн. Гэтэл нүүрс, зэс, алтны орлогыг  хэт өндөр төсөөлсөн үнийн зөрүүнээс   болж алдагдал хүлээлээ. Дээр нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй болсон. Мөн Оюу толгойгоос орж ирэхээр тооцсон орлого буурсан юм. Ингээд төлөвлөсөн орлого орж ирээгүй, зардлаа танаагүй болохоор алдагдал нь дээд хэмжээнээсээ хэтэрсэн. Ойролцоогоор ДНБ-ий таван хувь давах байх гэсэн тооцоо гараад байгаа.
-Ирэх оны төсвөө сая­хан баталлаа. Орлого нь бас л бүрхэг байх шиг. Суд­лаачид ашигт малт­малын үнэ төдийлэн өсөхгүй гэх юм. Та ямар төсөөлөлтэй байна вэ?
-Одоохондоо ямар нэг тоо баримт олж хараагүй, судалж амжаагүй байна. Манайхан орлогоо нэмж зарлагаа тэлэхийн тулд нэлээд өөдрөг төсөв хийдэг. Энэ зарчмаараа л хийсэн байх.
-Зарим байгууллагын төсвөөс оны эцэст хэ­дэн төгрөг үлдлээ гэж бодъё. Уг мөнгийг нь эргүү­лээд татаад авчихна, да­раа жилийн төсвөөс хасаг­даад ирж магад  гээд байгуул­лагаад ширээ сандал, тех­ник хэрэгсэл авах то­хиолдол байдаг болов уу?
-Одоогоор төсвөөс мөнгө үлдвэл буцаагаад татдаг. Уг нь төсвийн мөнгө зориулалтын дагуу зарцуулагдах ёстой. Түүнээс биш төсөв буцаагаад татагдах гэж байна гээд ширээ сандал авах, ажилчдад урамшуулал олгох зэргээр дураараа зарцуулах ёсгүй.
-”Чингис бонд”-ын зарцуулалтын талаар янз бүрийн яриа, шүүмжлэл гарах болсон. Энэ талаар эдийн засагч, судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Санхүүжилтийн мөнгө орж ирж байгаа нь сайн. Өнөөдөр мөнгөө олсон байдаг. Гэтэл манайд үр ашгийн тооцоо сайн хийсэн төсөл хөтөлбөр төдийлэн алга. Нарийн тооцоо судалгаа хийсэн үр өгөөж нь тодорхой төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх учиртай.  Одоо манай улсын эдийн засаг олборлох үйлдвэрлэлд тулгуурлаж байна л даа. Ер нь, үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай болох нь зүйтэй. Манайд нэг дутагдал бий. Тэр нь, ямар нэг  хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл төсөл хөтөлбөр нь болдоггүй дутагдалтай. Өөрөөр хэлбэл, төсөл хөтөлбөр нь бэлэн болсон зүйлд хөрөнгө оруулахгүй, нарийн тооцож төлөвлөөгүй зүйлд мөнгө хуваарилаад байгаа юм.
-Манай улсын өр ямар хэмжээнд байгаа бол. Энэ талын судалгаа, мэдээлэл юу байна вэ?
-Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас гарга­сан өрийн сэрэмжлүүлэх төв­шин гэж байдаг. Өнгөрсөн жил өрийн дарамт бага сэрэмж­лүүлэх төвшнөөс, доо­гуур гарсан. Одоо “Чингис бонд” бас дахиад бонд гаргавал өрийн дарамт нэмэгдэнэ.
-Мөнгөний бодлого, улсын төсөв хоёр уялдах ёстой гэдэг. Энэ уялдаа холбоо ямар байна вэ?
-Төсөв, мөнгөний бод­лого хоёр уялдаагүй яваад байгаа.  Урьд жилүүдэд төсөв тэлээд байдаг төв банк инфляц өсөхөөс сэргийлж мөнгөний хумих бодлого баримталж ирсэн. Уг нь энэ хоёр бодлогоо уялдуулж явах учиртай. Үүний тулд төсвийн төлөвлөлтөө чамбай хийгээд зарлага, орлогоо дагуулж тэлдгээ болих хэрэгтэй.
Төсвийн зарлагын үр ашгийн шалгуур үзүүлэл­түү­дийг тогтоож өгөх хэрэг­тэй байгаа юм. Төсөв тэлээд мөнгө зарлагадаад байдаг. Гэтэл түүний үр дүнг хэмжих хэмжүүр алга. Мөн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хэрхэн хэмжих тооцоо судал­гаа дутмаг байдаг. Тухайлбал, анхны хөрөнгө оруулалт нь дутсан нэмэлт санхүүжилтгүй зогссон  барилгууд олон бий. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тооцоо, төсвийнхөө төлөвлөлтийг эхлээд үндэс суурьтай зөв болгож байж  төсөв зөв гольдролдоо орно.
-Шилэн төсөв. Иргэн бүр төсвийн зарцуулалтаа хянана гээд байгаа. Энэ асуудал хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Төсвийн ил тод байдал гээд орон нутаг, сум, дүүрэг, хотын төсвийг иргэдийн оролцоотой хэлэлцэж байна. Энэ нь анхны оролдлого гарч байгаагийн илрэл.   Хамгийн гол нь төсвийг хэлэлцэж, саналаа өгч байгаа иргэдийн санхүүгийн мэдлэг дутмаг байгаа юм. Иргэд манай дүүрэг, хороонд ийм юм хэрэгтэй байна гэдэг үүднээс ханддаг. Тухайлбал, энд машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай барих хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, төсвөөс ямар зардал гарах, бидэнд юу хэрэгтэй байна гэдгээ ярьж буй юм. Гэтэл тэр төсөвт хяналт тавих утгаараа оролцохгүй байна. Уг нь, хэдэн төгрөг орж ирээд юу юунд зарцуулаад байгааг нь хянах учиртай. Иргэд одоохондоо өөрсдийн хэрэгцээ шаардлагаа л төсөвт тусгуулах маягаар хандаж байгаа. Гэхдээ өмнөхөө бодвол төсөв нээлттэй болж иргэд дуу хоолойгоо хүргэж байна. Урд нь дарга нар л тийм ийм юм хийнэ гээд төсвөө хуваарилдаг байсан шүү дээ. Нөгөө талаар иргэдийн санал бодлыг төсөв зохиоход нэг их тусгахгүй байгаа. Эрдэмтэн судлаачид тодорхой тоо баримт­тай, судалгаатай эр­дэм шинжилгээний хуралд  УИХ-ын гишүүдээс, Төсвийн байн­гын хороо, төсөв хариуц­даг хүмүүсээс  урьдаг, гэтэл хэн ч ирдэггүй. Төсөв төлөвлөхөд шинжлэх ухааны үүднээс хийсэн судалгааны тоо баримт одоохондоо ашиглахгүй байна.
-Иргэдийн амьдралд төсөв эергээр нөлөөлж чадаж байгаа болов уу?
-Өнөөдөр өрхийн орлого нэмэгдлээ гэхэд түүнийг дагаад зарлага өсөөд байна. Тэгэхээр иргэдийн бодит амьд­ралын төвшин хангалт­тай дээшлэхгүй байгаа юм. Төсөв, нийгмийн халам­жийн бодлогын эцсийн үр дүн иргэдийн ядуурал, ажил­гүйдлийн түвшиний бууралт, аж амьдралын дээш­лэлтээр илэрхийлэгддэг. Сүүлийн дөрөв таван жилийг аваад үзвэл ядуурал улсын дунджаар буурсан. Гэтэл хөдөөгийн хүн амын ядуурал нэмэгдэж хот суурин газрынх буурсан юм. Энэ нь хот хөдөөгийн хөгжлийн ялгааг илтгэж байгаа хэрэг. Үүнд төсвийн бодлого ч хамаатай. Орон нутгийн төсвийг төв дээрээ төвлөрүүлж ирсэн явдал нөлөөлсөн юм. Төсвөөс зарцуулсан хөрөнгө оруулалттай ажилгүйдлийн төвшинг харьцуулхад үр дүн нь хангалтгүй байна. Өнгөрсөн зүйл ярилаа гэх байх л даа. Ашигт малтмалын үнэ өндөр байсан жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн бодлого нь  иргэдэд бэлэн мөнгө тараасан. Гэтэл ядуурал, ажилгүйдэл  тэр хэмжээгээр дагаад өссөн. Уг нь бэлэн мөн­гө тараасан хэрээр ядуу­рал буурах ёстой гэж хү­мүүс үздэг. Амьдрал дээр тийм биш л дээ. Бэлэнчлэх сэт­гэлгээ рүү л түлхэж буй хэ­рэг юм.  Өнөөдөр гэр бүл са­лалт нэмэгдсэн гэдэг. Шинэ гэр бүлийн мөнгө авах гэж хуу­рамчаар гэрлэсэн явдал их гарсантай холбоотой. Бас үр­чилж авсан хүүхдийн тоо хоёр дахин өссөн статистик бий.
-Нүүрс, зэс, алтны то­моо­хон ордуудаа ашиглаад эхэллээ. Энэ бол бүх ард түмний өмч. Тэгэхээр баялгийн хуваарилалтыг яаж хийх ёстой вэ?
-Нэг хэсэг бэлэн мөнгө тараах хэлбэрээр хуваарилж үзлээ. Энэ нь амжилт олоо­гүй. Одоо иргэддээ оюуны хө­рөнгө оруулалт хийх хэрэг­тэй. Тухайлбал Чили Ул­сад  чухал шаардлагатай сал­баруудын мэргэжилтний сур­галтын төлбөр төлж гадаад, дотоодын сургуульд сурах сургалтын төлбөрийг төлдөг  туршлага бий.  Оюутнуудад сард 70 мянган төгрөг зү­гээр тараах нь буруу гэж би боддог. Амьдралын төвшин доогуур хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс төлөөд өгөх хэрэгтэй. Энэ мөнгөөр оюутнууд яаж байна гэхээр ном сурах бичиг авах, хэрэглээний зарим зардлаа төлөөд  үлдсэн мөнгөөрөө  ихэнхдээ шоудаад дуусгаж байна. Нэг оюутан 10 сар мөнгө авлаа гэдэх хагас жи­лийнх нь сургалтын төлбөр элбэг хүрч байгаа юм. Тэгэхээр тэр зарцуулсан мөнгөний үр дүн хаана байна вэ гэдэг нь харагдахгүй байгаа юм. Иргэдээ сурч боловсроход төр анхаарах юм бол илүү л үр дүнтэй ажил болно.
-Төв банк эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлсэн буруу, зөв гэж эдийн засагчид олон өнцгөөс тайлбарлаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Их хэмжээний мөнгө нийлүүлсэн нь эргээд инфляц хөөрөгдөх шинжтэй болсон. Жишээ нь орон сууцны үнэ хөөсөрчихлөө. Өнгөрсөн хавар хоёр өрөө орон сууц 70 орчим сая төгрөг байсан бол одоо 100 сая төгрөгт хүрлээ. Хагас жилийн дотор бараг тавин хувь нэмэгдсэн. Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоод эхлэхээр эрэлт нэмэгдэж үнэ ингэж хөөсөрсөн гэж болно. Зээлийн шалгууртаа заавал баригдаж дууссан орон сууц гээд заасан. Энд тэнд хороолол босч байна. Гэтэл баригдаж дууссан нь ховор байна. Тэгээд ашиглалтад орсон хэдэн орон сууцны үнэ нь өсчихсөн. Энэ нь инфляц өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байгаа юм.
-Тэгвэл энэ хөөсийг  яаж арилгах вэ?
-Ирэх жилээс үнийн хөөсрөлт аяндаа дарагдах байх. Яагаад гэвэл орон сууцны олон хороолол ашиглалтад орно. Манай улс цөөн хүн амтай. Орон сууцны эрэлт тодорхой хэмжээгээр хангагдаж байгаа. Ингээд орон сууцны нийлүүлэлт нэмэгдэхээр хөөс арилна.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан