Оксфордын толь бичиг зохиогчид энэ жилийн хит үгээр “Selfie” хэмээх олон нийтийн сүлжээнд маш түгээмэл хэрэглэгдэх болсон шинэ үгийг нэрлэлээ. Гар утас юмуу веб камераар өөрийнхөө зургийг авахыг“Selfie” хэмээн нэрлэж байгаа юм. Facebook, Twitter, Instagram, Flickr гээд олон нийтийн сүлжээ хүч түрэн хөгжиж байгаа энэ үед хүн бүр л смартфон, андройд утсаараа өөрийнхөө зургийг авч, олон нийтийн сүлжээнд нийтэлдэг болсон тул энэ үг хамгийн их хэрэглэглэгдэхээс аргагүй юм.
Оксфордын толь бичиг зохиогчид англи хэлний хэрэглээнд байдаг 150 сая үгсийн сан дээр шинээр ямар үг нэвтэрч, олон нийтийн түгээмэл хэрэглээ болж байгааг байнга судалдаг. “Selfie” хэмээх үгийн тухайд бүр 2002 онд нэгэн интернэт хэрэглэгч Австралийн нэгэн хэлэлцүүлэг дээр энэ үгийг анх хэрэглэж байсан ч смартфон утас болон олон нийтийн сүлжээ хүчтэй хөгжих хүртэл хараахан олон нийтийн үгсийн санд орж чадаагүй байжээ. Үгийн бүтцийн тухайд тайлбарлахад “self” гэдэг нь “өөрөө”, “өөрийнхөө тухай”, ер нь “би гэсэн төвтэй” юмны тухайд хэрэглэгддэг үгэн дээр –ie гэсэн дагавар залгасан нь угаасаа австраличууд аливаа үгэнд –ie гэж залгах дуртай / barbie for barbecue, firie for firefighter, tinnie for a can of beer /байдгийг илтгэж байгаа юм хэмээн тайлбарлажээ.