Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголбанкинд Оюу толгойн алтыг худалдаж авах боломж бий юу


Өнөөдөр манай улсын алтны шороон ордын нөөц 218, үндсэн ордынх 2118 тонн гэдэг. Үндсэн орд гэвэл Оюу толгой, Гацуурт, Тавт гэсэн цөөн хэдэн газарт бий. Харин өнөөдөр байгаль орчин сүйтгэлээ гэсэн хэрүүл маргаан дунд хамгийн бага зардал шаарддаг шороон ордын нөөцөө олборлоод дуусч байгаа юм. Одоогоор Оюу толгойн- ордыг ашиглаад эхэлсэн. Алт, зэс, мөнгө агуулсан баяжмал нь экспортод гарах “визээ даруулаад” буй билээ.

Өнгөрсөн долдугаар сард гарсан төлөвлөгөөгөөр Оюу толгой энэ онд 57 мянган тонн цэвэр зэс, дөрвөн тонн алт агуулсан баяжмал экспортлох юм. Энэ нь манай улсын жилийн экспортод 10, ДНБ-ий өсөлтөд 5.7 хувийн нөлөө үзүүлнэ гэсэн тооцоо гарсан.  Гэхдээ гаалийн статистикаас үзвэл  өнгөрсөн гуравдугаар улиралд Оюу толгой төлөвлөсөн экспортынхоо 4.4 хувийг л биелүүлсэн мэдээлэл бий. Харин ирэх онд 174 мянган тонн цэвэр зэс, 20.8 тонн алт 42 тонн мөнгө олборлох төлөвлөгөө байгаа.   

Оюу толгой орд 1850 тонн алттай.  Үүнийг өнөөгийн ханшаар тооцвол дор хаяж 80 тэрбум ам.доллар болох тооцоо байдаг.
Өөрөөр хэлбэл манай улсын ДНБ-ээс найм дахин их гэсэн үг. Тэгэхээр урт удаан хугацаанд хэрэгжих энэ төслийн алтыг Монголбанк төгрөгөөр худалдаж авах саналтай байгаа.

Учир нь, жилд  улсын төсөвт 30 тэрбум төгрөг төвлөрүүлэхийн  оронд хоёр их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний алт худалдан авах нь манай улсад ашигтай.  Нэг ёсондоо дээрх хэмжээний төгрөгийг алтаар баталгаажуулаад эдийн засагтаа нийлүүлнэ гэсэн үг. 

Үүний тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал гарч ирж буй. Тухайлбал биет бус алтны тухай хуулийн зохицуулалттай болох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Хуулийн ийм зохицуулалт хийвэл экспортод гарч буй баяжмал дахь алтыг нь  Монголбанк  Оюу толгойгоос худалдаж авах нөхцөл бүрдэнэ.  Ингэснээр төгрөг Оюу толгойн алтаар баталгаажиж улсын сан хөмрөг аривжаад эдийн засгийн тогтвортой байдлаа хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх учиртай.  Аливаа улсын үндэсний валют хэр их хэмжээний алтаар баталгаажина төдий чинээ эдийн засаг нь тогтвортой байдаг билээ.  

Урт нэртэй хуулийн алдааг засах ёстой

Металлын зах зээлийн шинжээчдийн тооцоолж буйгаар энэ оны эцэст унци алтны үнэ 1300 ам.доллар байх аж. Өчигдөрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг унци алт 1287 ам.доллар байлаа. Сүүлийн 13 жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр алтны үнэ байнга өсч ирсэн. Тухайлбал 2000 онд нэг унци алтны үнэ 300 орчим ам.доллар байж. Гэтэл 2008 онд 1000, өнгөрсөн жил 1800 ам.доллар болж зургаа дахин өссөн билээ. Үнэ ингэж өсөх гол шалтгаан нь ойр ойрхон болсон эдийн засаг, санхүүгийн хямрал юм. Өөрөөр хэлбэл улс орнуудын төв банк цаасан мөнгөний үнэгүйдлээс сэргийлж алт их хэмжээгээр худалдан авах болсон.

Гэтэл манай улсад байдал эсрэгээрээ. Яагаад гэвэл алт Монголбанкны худалдан авалт  буурч ирсэн.  Энэ онд алт олборлолт нэмэгдэж 5.7 тоннд хүрсэн мэдээлэл бий. Энэ нь төлөвлөж байснаас 80 хувиар өссөн үзүүлэлт юм. Алт олборлолт буурсан гол шалтгаан нь  хууль эрх зүйн орчны алдаанаас боллоо хэмээн дүгнэж буй. Үнэ нь дэлхийн зах зээл дээр өсч манай улсын алтны шороон ордын олборлолт ид цэцэглэж байх үед Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль буюу гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарсан. Энэ нь олборлолт буурах эхний шалтгаан болсон.

Эдүгээ гэнэтийн ашгийн 68 хувийн татвар үгүй болж алт олборлогчид  нөөц ашигласаны 10 хувийн татвар төлж байгаа. Гэвч олборлолт төдийлөн нэмэгдсэнгүй. Яагаад гэвэл  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хийх, ашиглахыг хориглох тухай  буюу урт нэртэй хууль гарч бүр таг чиг болгосон билээ.  Уг хуулиар зарим уурхай ажиллахаа больсон нь алт олборлолт буурах нөхцөл бүрдүүлсэн.  Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар урт нэртэй хуулиар хориглосон газарт   шороон ордын нөөцийн үлдэгдэл 27.4, үндсэн ордын нөөц 96.4, нийт 123.8 тонн алтыг олборлох боломжгүй болжээ.

Үүнээс гадна урт нэртэй хуулийг муу болсон гэх шүүмжлэл тасардаггүй. Тухайлбал Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Н.Алгаа “Ойн сангийн хуулинд ойн сан гэдэгт ой модноос гадна заган ой, мод бут, сөөг орно гэсэн байдаг.  Урт нэртэй хуулийн хүрээнд Монголд хамгийн их ойтой газар нь Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймаг  болсон. Яагаад гэвэл эдгээр аймагт  заган ойн хилийг  тогтоосон. Гэтэл тэнд маш их талбайд хайгуулын лиценз олгосон учраас  хуулиар хориглосон газар, хамрагдсан хэмжээ, эзлэх хувиараа хамгийн их ойтой аймаг нь болж байгаа юм.  Ингээд Байгаль орчны яам газрын зурагт энэ бүс нутгийг ногооноор тэмдэглэсэн. Ийм хэмжээнд хүрсэн муу хууль гарсан юм. Энэ хуулийн алдааг  одоо иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, төр хамтарч засах ёстой. 2005 онд нинжа нар Монголбанкинд 500 кг алт тушаасан байдаг. Тэр үед төв банк алтыг дэлхийн зах зээлийн үнээс нэг ам.доллараар доогуур үнээр авч байсан. Мөн Оросоос Монголд алт оруулж ирж зарсан явдал гарч байлаа. Урт нэртэй Хуулийн алдаагаа засахгүй бол механикжсан нинжа, алтны далд наймааг л дэмжинэ. Эцэст нь нөхөн сэргээх эзэнгүй баахан ухсан нүхтэй л үлдэнэ гэсэн үг” хэмээн “Мetals Mongolia-2013” хурал дээр хэлж байлаа. Үүнээс гадна урт нэртэй хуулиар хориглосон газарт багтсан хайгуулын компаниудад нөхөн төлбөр олгох асуудал маргаан тариад байгаа. Одоогоор олгосон  хайгуулын лицензийн хамгийн урт хугацаа есөн жил. Тухайн компани энэ хугацаанд бүх эрсдэлээ дааж хайгуул хийдэг.  Хайсан ашигт малтмалынхаа ордыг илрүүлж чадахгүй бол оруулсан хөрөнгөөрөө “шатаад” өнгөрдөг. Гэтэл  байгаль орчин хамгаалах нэрийн дор эрсдлээ өөрөө хариуцаад үйл ажиллгаа явуулсан хайгуулын компаниудад  төсвийн мөнгөнөөс нөхөн олговор өгөх нь буруу гэсэн шүүмжлэл гардаг.  

Улсын сан хөмрөг жилд 60 орчим тонн алтаар аривжих бололцоо бий  

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байсан  2005 онд манай улс 24 тонн алт олборлож байжээ. Харин татварын орчин чангарснаас хойш жилээс жилд олборлолт буурсаар өнгөрсөн оны байдлаар зургаан тонн  болоод буй юм.  
Ийнхүү төв банкны худалдаж авах алтны хэмжээ багассан нь Монголд алтны олборлолт буурсан явдал огт биш. Харин алтны далд наймаа цэцэглэсэн хэмээн төрийн байгууллагууд үздэг. Үүний нэг нотолгоо нь  алт олборлох тоног төхөөрөмж улсын хилээр орж ирсээр байгаа гэдэг.  Иймд далд наймаа болсон алтыг ил гаргаж ирэх зорилгоор  Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан. Уг хуулийн төслийг УИХ одоо хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат “Алт хөтөлбөрөөс олсон олз, алдсан гарз  аль аль нь бий. Үүнийг улсын эдийн засаг, ард түмэн мэдэрсэн. Энэ хөтөлбөр 2001 онд үүргээ гүйцэтгээд дууссан гэдэг. Одоо “алт-3” хөтөлбөр шинээр боловсруулж хэлэлцүүлж байгаа бололтой юм. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсөөд байхад манай улсад олборлолт буураад байгаа сонин дүр зураг байна. Өмнөх буруу, зөрүүг  сайтар дэнслээд алдаа мадгаа дахин давтахгүй байхаар алтаа олборлож эдийн засаг,  хөгжлийнхөө чухал эх үүсвэр болгох нь оновчтой” гэж алтны салбарын хуралдаан дээр хэлсэн  удаатай.

Дээрх хууль батлагдвал  алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг “0” хувьтай болох юм.

Гэхдээ олборлосон алтаа зөвхөн Монголбанкинд тушаасан тохиолдолд уг хөнгөлөлтийг эдэлнэ. Хэрэв тушаагаагүй бол дээрх төлбөрийг тав, таван хувиар буюу нийт 10 хувийн татвар төлнө гэсэн үг. Мөн  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ч хамтад нь боловсруулаад байгаа. Ингэснээр Монголбанк жилд 14-15 тонн алт худалдан авах тооцоо гарсан. Үүнийг  өнөөгийн ханшаар тооцвол 675 орчим сая доллар болох аж. Энэ мөнгө нь  валютын ханш тогтворжих, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх, улсын гадаад валютын нөөц өсөхөд  чухал үүрэг гүйцэтгэнэ.

Дээрх хуулиуд батлагдаж эрхзүйн таатай орчин бүрдвэл Оюу толгойг эс тооцвол манай улс жилд 38 тонн алт олборлох судалгааг Алт үйлдвэрлэгчдийн холбоо  гаргасан байдаг. Үүн дээр Оюу толгойн алтыг нэмбэл Монголбанк жилд доод тал нь 60 орчим тонн алт худалдан авч улсынхаа сан хөмрөгийг аривжуулах бололцоотой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан