УИХ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг баталлаа. Мөнгөний бодлогын гол зорилт нь инфляцыг тогтвортой, нам төвшинд байлгах, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, дархлаа сайтай эдийн засагтай байхад чиглэдэг. Иймд ирэх оны мөнгөний бодлогод тусгасан асуудлыг дор өгүүлье.
Ирэх оны эцэст инфляц найм, 2015-2016 онд долоон хувиас хэтрэхгүй байхаар төсөөлж байна. Ингэснээр макро эдийн засгийн тогтвортой байх нөхцөл бүрдэх юм.
Мөнгөний бодлого хэлэлцэж байх үеэр Монголбанкинд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл “Төв банк өмнө нь эдийн засгаас мөнгө татах замаар инфляцтай тэмцдэг байлаа. Энэ жил эсрэгээрээ, мөнгөний нийлүүлэлтээр дамжуулан бодит сектороо дэмжсэн нь үр дүнгээ өгч инфляц буурсан. Зарим гишүүн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг зогсоох санал гаргасан. УИХ-аас Монголбанкинд хийсэн шалгалтаар Монголбанк хууль зөрчөөгүй гэдэг нь тогтоогдлоо. УИХ-аас Монголбанкинд нийлүүлэлтийн гаралтай инфляцтай тэмц, Засгийн газартай хамтарч ажилла гэсэн даалгавар Монголбанкинд өгч, энэ оны мөнгөний бодлогыг баталсан билээ. Ингээд Монголбанк энэ хөтөлбөрийг гаргасан. Инфляцыг нэг оронтой тоонд барьж чадах эсэх нь ганцхан Монголбанкны асуудал биш. Засгийн газартай хамтарч байж инфляцыг бууруулах учиртай” гэж онцолсон юм.
Ирэх жил “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр” үргэлжилнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн халааснаас чамгүй мөнгө хэмнэсэн тооцоо бий. Жишээлбэл, шатахууны үнийг тогтвортой байлгаснаар авто машинтай нэг өрх сард дунджаар 60 мянган төгрөг хэмнэсэн тооцоо гарчээ.
Энэ онд улсын төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасарч тодотгол хийхээс өөр аргагүй болсон. Иймд 300 гаруй тендер зарлах байснаас дөнгөж 30 хувь нь санхүүжилт авч хийгджээ. Эдийн засгийн ийм эгзэгтэй үед төв банк эдийн засагт хоёр их наяд төгрөг нийлүүлсэний хүчинд 170 орчим мянган ажлын байр хадгалж үлдсэн дүн гарсан. Хэрэв мөнгөний зөөлөн бодлого явуулаагүй байсан бол эдийн засгийн өсөлт өндөр гарч чадахгүй, ажилгүйдэл нэмэгдэж, хямрал нүүрлэх байжээ.
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтална хэмээн мөнгөний бодлогодоо тусгажээ. Мөн гадаад валютын эрсдэлийг бууруулах тогтолцоог бүрдүүлнэ.
Монголбанк валютын ханшийн огцом хөдөлгөөнөөс сэргийлэх арга хэжмээ авч буй. Өнгөрсөн долдугаар сараас ам.доллар, юанийн ханш өсч эхэлсэн. Төгрөгийн ханш оны эхнээс 17 хувиар сулраад буй билээ. Энэ нь манай улсад орж ирэх гадаад валютын урсгал тасалдсанаас үүдэлтэй. Тухайлбал, Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт тасарч төслийн ажил гацаад байгаа. Одоо уг төсөлд тулгамдаад байгаа зарим асуудлыг хэлэлцэж байна. Уул уурхайн яамны мэдээллээр ирэх оноос далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдэж төслийн ажил үргэлжилнэ гэдэг. Үүнээс гадна тус төслөөс энэ оны төсөвт 540 сая ам.доллар оруулна гэсэн нь худал болсон. Төв банк валют арилжааны банкуудад нийлүүлдэг. Тэд Банк бус санхүүгийн байгууллагад /ББСБ/ арилжина. Өнөөдөр гадаад валютын арилжаа хийх эрх авсан 200 гаруй ББСБ бий. Ингэж байж гадаад валют хэрэгцээнд эзэндээ очдог систем манай үйлчилж байгаа. Энэ хооронд нэг хоногийн хугацаа алдаж Монголбанкнаас нийлүүлсэн валют зах дээр арилжаалагддаг байна. “Найман шарга” хэмээх валютын ченжийн зах нийт арилжааны 10 хувийг эзэлдэг. Гэвч валютын ханшийн гол тоглогч буюу өндөр үнэ тогтоогч болоод буй билээ. Иймд ирэх оны мөнгөний бодлогод валютын захын энэ алдааг засах тухай тусгасан. Уг ажлыг Монголбанк хийх юм. Өөрөөр хэлбэл, валютын захад нийлүүлэлт хийгдсэн л бол шууд мэдрэгддэг олон оролцогчтой болох аж.
Улсын гадаад өр түүний эргэн төлөлтийн валютын ханшийн эрсдэлийг бууруулах, түүнийг хамгаалах нь чухал. Энэ бол төр засгийн үүрэг юм. Яагаад гэвэл Засгийн газар гадаадаас зээл авч эргүүлж төлдөг. Уг мөнгө нь гадаад валют учраас ханшийн эрсдэл отож байдаг. Жишээлбэл, “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллараас Монголбанкинд одоогоор 650 сая ам.доллар үлдээд буй. Бусдыг нь төгрөгт хөрвүүлж санхүүжүүлэхээр тогтсон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Засгийн газар энэ мөнгийг ам.доллараар эргээд төлнө. Гэтэл аж ахуйн нэгжүүдээс хөтөлбөрийн өгөөж гэж төгрөгөөр орлого авна. Тэгэхээр ханшийн энэ эрсдэлээ Засгийн газар өөрөө хянадаг тогтолцоотой болох юм. Манай улс 1990-ээд онд Японоос хөнгөлөлттэй нөхцөлөөр иенийн зээл нэлээд авсан. Эргэн төлөлт нь дандаа иенээр хийж буй. Гэтэл саяхан иенийн ханш чангарч байв. Эдийн засаг сэргэснээр уг өсөлт тогтворжсоноор эрсдэлгүй болсон. Монголбанк эрсдэлээ ханах тогтолцоо бүрдүүлхэд тусалж арга зүйн зөвлөмж өгөх чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллах ажээ. Манай улсын хөрөнгө оруулалтын орчин шинэчлэгдсэн тул ирэх онд манай улсыг чиглэх гадаад валютын урсгал сайжирах төлөв бий. Мөн экспортын ашигт малтмалын хэмжээ нэмэгдэх тооцоо гарсан. Тэгэхээр ирэх онд валютын ханшийн эрсдэл гайгүй байхаар харагдаж байгаа юм.
Арилжааны банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, үүсч болзошгүй системийн шинжтэй эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ.
Сүүлийн үед арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлтийг нэмэгдүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хоёр дахин өсгөх арга хэмжээ авсан. Энэ нь эрсдэл даах чадварыг сайжруулсан билээ. Цаашид банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг эдийн засгийн мөчлөг, үүсч болзошгүй сөрөг үр дагвараас сэргийлэх, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн төвшинтэй уялдсан байх шаардлагыг шат дараатай нэвтрүүлэх аж. Банкны салбарын хөрөнгийн эх үүсвэр харилцах, хадгаламж давамгайлсан, хугацааны хувьд богино хэвээр. Энэ нь урт хугацаатай, их хэмжээний хөрөнгө оруулалт, зээл олгох бололцоог бууруулж буй юм. Нөгөө талаас хугацааны зөрүүнээс хамаарсан хөрвөх чадварын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Иймд банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалах, хөрөнгө гэнэт гадгашлах эрсдэлд оруулахгүй байлгах үүднээс хөрвөх чадварын эрсдэлийг удирдах, төлбөрийн чадварын хүндрэлийг даван туулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулах болжээ.
Олон улсад мөрдөгдөж байгаа хяналт шалгалтын зарчим, зохицуулалтыг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтаа сайжруулна.
Монголбанк банкны нягтлан бодох бүртгэл, тайлагналыг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлж манай улсын банк санхүүгийн үйл ажиллагааны онцлогт тохируулж “Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материал”-ыг боловсруулсан байна. Үүнийг ирэх оноос хэрэгжүүлэх аж. Ингэснээр санхүүгийн салбарын бахилга бат дээшлэх, тайлан тэнцэл нь бизнесийн үлй ажиллагааг бодитой илэрхийлдэг байх үйл ажиллагаа нь банкны хөрөнгө оруулагч, харилцагчдад ил тод, ойлгомжтой байх нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ.
Банкны эрсдэл, цаашлаад зээлийн хүү буурах нөхцөл бүрдүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн эрх зүйн орчинг шинэчилнэ.
Энэ онд эдийн засгийн хүндрэл тохиосон ч эрсдэл багтай даван туулж байна. Одоогоор банкуудийн зээлийн жигнэсэн дундаж хүү 18 хувь байсан бол 16 болж буурсан. Монголбанк зээлийн барьцаа хөрөнгийг банкны мэдэлд шилжүүлэх талаар долоон хуулийн 59 зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулжээ. Үүнийг ирэх онд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх аж. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулах эрхийг банкинд шуурхай шилжүүлэх боломжтой болсоноор банкны үндсэн үйл ажиллагааны эрсдэл буурч үр ашиггүй зардалаа хэмнэх юм. Мөн банкны ашигт ажиллагаа нэмэгдэж улмаас зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ.
Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлнэ.
Эдийн засгийн өсөлтийг дэмжих, мөнгөний эргэлтэд хурд нэмэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад төлбөр тооцооны системийн найдвартай байдал чухал үүрэгтэй. Ингээд 2014-2016 онд санхүүгийн цогц үйлчилгээг иргэн бүрт үр өгөөжтэй, найдвартай хүргэх төлбөрийн системийн шинэчлэлийг эрчимжүүлэх аж. Тухайлбал, Үндэсний брэнд Т картад тулгуурлан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн иргэний ухаалаг үнэмлэхийг төлбөр тооцоонд ашиглахыг асуудлыг боловсронгуй болгох ажээ. Манай улсын эдийн засаг өндөр өсөлттэй байгаа тул төлбөр тооцооны системээр дамжин хийгдэж буй банк хоорондын гүйлгээний тоо жилээс жилд нэмэгдэж иржээ. Тухайлбал энэ оны есдүгээр сарын байдлаар 33.3 их наяд төгрөгийн 9.5 сая ширхэг гүйлгээ хийжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 14.6 их наяд төгрөгөөр илүү байна.
Санхүүгийн зах зээлийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг холбогдох байгууллагатай хамтран эхлүүлнэ.
Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай төв банк хамтарч “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” боловсруулж үе шаттай хэрэгжүүлэх боллоо. Мөн шинэ бүтээгдэхүүн, санхүүгийн хэрэгсэл, ажил үйлчилгээ олноор бий болж байгаа тул мобайл банк, интернэт банк, электрон мөнгөн гүйлгээний үйл ажиллагааг зохицуулах, харилцагчдын эрх ашгийг хамгаалах хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээ авах юм.
Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаа, арга хэрэгслийн ил тод, нээлттэй байдлыг хангах, гаргасан шийдвэрийг олон нийт, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй хүргэх замаар бодлогын үр нөлөөг сайжруулна хэмээн ирэх оны мөнгөний бодлогод тусгажээ. Одоо ирэх онд мөнгөний бодлого хэрхэн хэрэгжиж ямар үр дүнтэй байхыг төрийн холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа л мэдэх үлдлээ.