"Fine Duplex" студи, “iO records”-ийн хамтран бүтээсэн “Зохион бичлэг” богино хэмжээний кино өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болж байна. Энэхүү богино хэмжээний киноны гол агуулга нь ашигт малтмал олборлох нь ирээдүйд ямар сөрөг үр дагавар авчирдаг тухай өгүүлжээ. Шарын голд аж төрөх нэгэн гэр бүлийн амьдралаар төлөөлүүлэн үйл явдал өрнөх бөгөөд бяцхан хүү “Миний ирээдүй” хэмээх зохион бичлэг бичиж суухдаа ээждээ хэрхэн тусалбал дээр бол гэж санаашран, ямар арга зам байгааг хайна. Газрын хэвлийг юу ч үгүй ухаад хаячихсан эзэнгүй карьер дээр хүү очин, том том онгорхой нүхийг бөглөхийг хүсэх аж. Хүмүүс газар эхтэйгээ буруу харьцаж байгааг хараад шигших хүүгийн дүр цааш юу өгүүлэхийг тус киноноос хүлээн авч үзэж болох юм.