Монгол Улс ирэх онд ямар эдийн засаг, төсөвтэй байхыг хуульчлах төсвийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэж буйтай холбогдуулан парламентын ордон хөл хөдөлгөөнд дарагдаад байгаа. Ирэх оны төсвийг хуулиараа энэ сарын 15-ны дотор батлах ёстой юм. Тиймээс гишүүд дор бүрнээ төсвийн төсөлд санал гаргаж, буруу зөрүүг нь засч залруулахын төлөө ажиллаж байна. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар гэхэд Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан учир хаалттай хэлэлцэх шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргаж, гишүүдийн дэмжлэг хүлээснээр ийм горимд шилжүүлэв. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн гол агуулга нь Монголбанкинд алтаа тушаасан нөхцөлд татварыг 2.5 хувиар тооцон авахаар болж буй юм.
Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдааныг нээлттэй горимд шилжүүлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн 38.2 хувийн дэмжлэг хүлээснээр төсөл “уналаа”. Ингэснээр дээрх хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар болов. Хэрэв уг хуульд өөрчлөлт оруулж баталсан нөхцөлд ирэх онд Монгол Улсын өр ДНБ-ий 60 хувьд хүрэх байсан юм. Энэ хүрээнд Засгийн газар гадаад зах зээлд хоёр их наяд төгрөгийн бонд гаргах, дотооддоо мөн 1.5 тэрбумын бонд гаргах эрх үүсэх байв. Гэвч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шийдвэр гаргасан нөхцөлд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээх ёстой. Харин өчигдрийн санал хураалтад гишүүдийн гуравны нэгийн л дэмжлэг хүлээсэн учраас ийн буцаж байгаа юм. Санал хураалтад 68 гишүүн оролцсоноос 38.2 хувь нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, дэмжиж кноп дарсан бол бусад гишүүд эсрэг санал өгсөн юм. Дараа нь, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Энэ үеэр гишүүд асуулт, тодруулга авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Валютын ханш нэмэгдэхийг үнэ ихэрлүүлэх гэж ярьдаг гэсэн. Жилд хонио хоёр төллүүлэхтэй адил. Ам.долларын ханшийг багаар бодож оруулж ирсэн нь давхар мэх бодсон хэрэг үү. Шахсан бяслаг шиг хийгүй сайн төсөв болсон гээд байсан хаана байна вэ” гэхэд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Валютын ханшийг 1300-аар авч байгаа нь мэх болсон уу гэдгийг мэдэхгүй юм. Хариуцлага хүлээнэ гэж ойлгож байгаа. Валютын ханшийн эрсдэлээ яах гэж байна вэ гэхээр бид хариуцлага хүлээнэ гэж хэлээд байгаа юм. Төсвийн янз бүрийн хуулийг зассанаар ахиц дэвшил гарсан” гэсэн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Хэрэгжүүлэхийн тулд экспортоо эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна. Таван тэрбум ам.долларын бонд босгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Харамсалтай нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 60 хувь гэдгийг дэмжсэнгүй. Засгийн газар тодорхой асуудал оруулж ирж байхад УИХ дэмжээд өгөх ёстой. Тухайлбал, Алтны тухай хууль байгаа юм. Хамтдаа ханшийн асуудлаа шийдье. Төмөр замын асуудлаа ч шийдэх ёстой” гэлээ. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.