Шинэ үсэг хуучрав уу
Хүний юм хүнийх л байдаг. Одоогоос 72 жилийн өмнө буюу тэртээ 1941 оны тавдугаар сарын 9-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МАХН-ын төв хорооны тэргүүлэгчид орос үсэгт үндэслэсэн Монголын шинэ үсгийг батлах тухай тогтоол гаргаж, улмаар 1946 оноос бүх хэвлэл ба улсын албан хэргийг кирилл үсгээр хөтлөн явуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ бол мөнөөх шинэ үсэг. Эл шинэ үсэг буюу өнөөгийн бидний хэрэглэж буй кирилл бичиг, босоо бичигтэй монголчуудын хувьд цоо шинэ зүйл байсан нь мэдээж. Нэг ёсондоо, кирилл үсгийг харь хэлнээс “хэмлэн” авч хэл, соёлдоо нэвтрүүлсэн бидний хувьд хүний юмаар хүүдэгнэсэн хэрэг болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Угтаа, уйгаржин монгол бичиг гэх хүн төрөлхтөний бичиг соёлын өв санд содон, сондгой босоо бичигтэй ч шинэ бичиг, үсэгт хэн хүнгүй л суралцсан. Нэг талаас, уулын бугыг хараад унасан морио... гэгч болсон. Нөгөө өнцгөөс харвал, ард түмний соён гэгээрэх, хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхах, дэлхий дахины соёлтой танилцахад дэм болсон шинэ үсэг. За, энэ ч яахав, болоод өнгөрсөн зүйл. Гол асуудал мөнөөх шинэ үсэг маань “хуучраад” байна уу гэдэгт байна. Хуучрах гэдэг үгийг хоёр ч утгаар тайлбарлаж болно. Цагаан толгойн 35 үсэгт монгол хэлний үгсийн сан, бичгийн болоод ярианы хэлэнд хэрэглэх шаардлагагүй хэмээж буй “ь, ъ, щ, й” үсгийн хэрэглээг танаж, хазаарлах хэрэгтэй гэж хэлэх нэгэн байхад монгол бичгийн тийн ялгалын дүрмийн дагуу кирилл үсгийн хэрэглээ, зөв бичих дүрмийг нэг мөр болгох хэрэгтэй гэх нь ч байна. Хэн, хэн нь зөв хэр нь шинэ шийдэл хайж буй нь шинэ үсгээ хуучруулж буйгийн илрэл. Арга ч үгүй юм.
Угтаа, хоёр үзүүртэй юмны хойноос хөөцөлдөж “холион бантан” болж буй зөв бичих дүрмийн асуудал олны анхааралд байна. Цахим ертөнцийн хэрэглэгчид дээр дурдсан дөрвөн үсгэнд дөрөөлж дэндүү их “огшиж, омогшиж” байна даа. “Эх болсон хэлээр минь зөнөсөн хэдэн өвгөн оролдож байна” гэх нь ч байхад “Үйл нь ирсэн хүн “Үгсийн дүрэм”-ээр” оролдоно хэмээн Б.Ринчен гуайн хэлсэн үгнээс иш татах нь ч цөөнгүй.
Ямартай ч, хэл шинжлэлийн ухааны өмнөө барьдаг эрдэмтэн, судлаачид маань дээрх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлээд багагүй хугацаа элээж байгаа аж. Энэ тухай тодруулахаар “Хэл зохиолын хүрээлэн”-г зорьсон юм. “Одоогоор хэлэлцэж байгаагаас эцсийн шийд гараагүй байна.
Тэгээд ч, “ь, ъ, щ, й” гэх үсгээс аль нэгийг нь хасчихаагүй. Хүмүүс юу юугүй хасчихсан мэтээр ойлгоод, хэвлэл мэдээллийнхэн нь ч тэгж нийтлээд байгаагаас нийгэмд ийм шуугиан тарж, маргаан үүсгэсэн хэрэг. Юутай ч, хэлэлцэж, хуралдаж л байна.
Эцсийн шийд энэ он дуусахаас өмнө гарна” хэмээн “Хэл зохиолын хүрээлэн”-гийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Мөнхцэцэг хэлсэн юм. Тус байгууллагаас есөн хүний бүрэлдэхүүнтэй баг гарч Ш.Чоймаа, Э.Пүрэвжав, Н.Өнөрбаян, Д.Төмөртогоо тэргүүтэй эрдэмтэн судлаачдын хамтаар энэ тухай хэлэлцэж байгаа ажээ. Юутай ч, тун удахгүй, цагаан толгойг “цаазлах” эсэх нь тодорхой болох бололтой.
Кирилл, крилл, кирил...
Өнөө бидний хэрэглэж буй кирилл /кирилл, кирилл/ үсэг угтаа эл үсгийг зохиосон ах, дүү Кириллийн нэрээр нэрлэгдсэн гэдэг. Орос үсэгт үндэслэн идээшүүлж олон арван жил хэрэглэсэн эл үсэг монгол хэлний зөв бичих дүрэмд харшилсан уу, мэдээллийн хэрэгсэл, мэдээ, мэдээллэл авч болох суваг нь олширсоноос уу алдаагүй бичдэг хүн цөөн болж.
Кирилл гэдэг уг үсгийнхээ нэршлийг хүртэл гурван ч янзаар бичиж байна. Үүнтэй адилаар зөв бичгийн дүрмийг зөв болгох тухайд эрдэмтэн, судлаачдаас аваад энгийн ард иргэд ч хоёр, гурван байр сууринаас хандаж байна. Нэг хэсэг нь, цагаан толгойд хэрэгцээгүй гэгдэж буй дөрвөн үсгийг “цаазлах” нь зүйтэй гэж байгаа бол зарим нь монгол бичгээ өргөн дэлгэр хэрэглэдэг болох хэрэгтэй гэнэ. Ямартай ч, нэг үгийг нэлээд хэдэн янзаар бичдэг, тийн ялгалын нөхцөлүүдийн хувирал, гээгдэх эгшгийн дүрэм гэхчлэн хөл толгой нь олдохгүй болсон зөв бичгийн дүрмийг цэгцлэх цаг нь болсон болов уу.
“Жи өөлөө дэнэг”
Саяхан цахим ертөнцөөр аялж яваад үеийн нөхдийнхөө харилцан яриа /чат/-г уншлаа. Хоёр найз бие биесээ шоглох байртай тоглоом хийж байгаа бололтой, цагаан маргаан өрнүүлсэн байх агаад эцэст нь тэнэг, мангараараа дуудалцаад дууссан байв. Тоглоом, шоглоом хийж томоогүй жаахан хүүхдүүд шиг хоёр биедээ туньсан хандлагаас нь илт анзаарагдана. Сэтгүүлч мэргэжлээр их сургууль дүүргэсэн нэг нь сэтгэгдэл бичих хэсэгт “Чи өөрөө тэнэг” гэх гурван үгийг “Жи өөлөө дэнэг” гэж бичсэн нь сэтгэл түгшээж орхив. Сэтгүүлч хүний хувьд ингэж алдаж бичихгүй нь мэдээж. Гагцхүү яагаад ийн бичих болсонд л учир байгаа хэрэг. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед гар утас, компьютер зэрэг цахим хэрэглээ өргөн дэлгэр нэвтэрснээс харь хэлний бичиг, үсгээр харилцан ойлголцдог болсон нь нөлөөлжээ..
Латин үсгээр мессеж бичнэ, компьютерийн гараар бичих нь цаасан дээр бичихээс төвөгтэй. Ийм учраас л хар ярианы хэллэг буюу сүүлийн үед нэршил болоод буй “мессеж”-ний хэллэгээр бичих нь ихэсч. Фэйсбүүк, твиттерт сэтгэгдэл бичнэ, мөнөөх л хар ярианы хэллэгээр. Утсаараа мессеж бичнэ, мөн л адил. “Baina” гэдэг үгийг “Bna” хэмээн товчилсоор улмаар хэвшил болж нэг л өдөр товчлолгүй бичих гэтэл эргэлзэж, тээнэгэлзэж эцэст нь буруу бичих нь тэр. Ийнхүү зөв бичих дүрмийг “зовоож” буйгийн хувьд бид ч гэсэн буруутай болж таарлаа. Залхуурч, хэл соёлоо хэнд ч хэрэггүй мэтээр үл тоомсорлож энгийн нэг харилцааны хэрэгсэл болгодог байдлаа өнөөдрөөс үгүй хийж товчлолгүй, тодорхой, зөв бичиж сурцгаая. Монгол бичгээ ч гэсэн судлая, сурталчилъя, суръя. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян...