Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын төсвийн тэнцэл 183 тэрбумын алдагдалтай

Үндэсний статистикийн хороо өнгөрсөн сарын байдлаар Монгол орны нийгэм, эдийн засаг ямар нөхцөл байдал, ахиц дэвшил, дутагдал хүндрэлтэй байгааг танилцууллаа. Улсын хэмжээнд 2013 оны эхний 10 сард 66277 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 66618 болж, өнгөрсөн оны мөн үеэс 4271 хүүхэд буюу 6.9 хувиар өсчээ. Гэвч энэ хугацаанд 953 нялх энджээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэд өнгөрсөн сарын эцэст 39.4 мянга болж, өмнөх оныхоос 688 хүнээр цөөрсөн дүнтэй. Ийнхүү ажилтай иргэний тоо нэмэгдсэнээр Нийгмийн даатгалын сангийн орлого эхний 10 сард 997 тэрбум төгрөг, зарлага 872.2 тэрбум хүрчээ. Эдгээр нь өмнөх оноос орлого 22.4 хувь, зарлага 16.4 хувиар тус тус өссөн дүн. Нийгмийн халамжийн сангаас оны эхний 10 сард 196.2 мянган хүнд 109.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Өөрөөр хэлбэл, халамж авагч иргэний тоо өмнөх оноос 18 мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 17 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Танилцуулж буй сарын байдлаар "Хүний хөгжил сан”-гаас 188.4 тэрбум төгрөгийг 18 хүртэлх насны 988.3 мянган хүүхдийн мөнгөнд, 215.1 мянган иргэний 21 мянган төгрөгийн хишиг хувьд 21.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийт 5.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 4.3 тэрбумыг сая төгрөгийн хувь хишиг болгон зориулжээ.

Он гарсаар 10 сарын дотор 21190 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оноос хэргийн гаралт 16.1 хувь нэмэгдсэн гэнэ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1925 удаа, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг хэрэг 956 удаа давтагдсан аж. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 7888 хүн гэмтэж, 817 хүн нас баржээ. Халдварт өвчнөөр өвдөгсдийн тоо 31.730 болж өмнөх оны мөн үеэс 4343 хүнээр цөөрөв. Үүнд, вируст хепатитаар өвчлөгсдийн тоо 60.3 хувь, гахайн хавдраар өвдөгсөд 36.1 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн гэнэ.

Үнэт цаасны гүйлгээ 74.8 тэрбум төгрөгөөр буурчээ

Монгол Улсын зах зээл дээрх хэрэглээний үнийн индекс 2012 оны аравдугаар сарынхаас 10.8 хувиар өсчээ. Энэ оны есдүгээр сараас 1.4 хувиар өссөн нь 2013 оны гуравдугаар улиралд ерөнхийдөө бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ алгуур өсч буйг илтгэнэ. Ийнхүү үнийн индекс өсөлттэй гарахад хувцас, бөс бараа, гутлын бүлгийн бараа бүтээгдэхүүн 3.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 3.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн сарын сүүлч үед 824.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 50.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин 2012 оны намартай харьцуулбал 107.2 тэрбум төгрөг буюу 14.9 хувиар өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 10488.8 тэрбум хүрч өмнөх оны мөн үеэс 3633.4 тэрбум төгрөг буюу 53 хувиар нэмэгдэв. Үүний дотор хугацаа хэтэрсэн зээлийн өр 169.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 16 тэрбум төгрөг буюу 10.4 хувь, өмнөх оны мөн үеэс 36.9 тэрбум төгрөг буюу 27.8 хувиар өсчээ. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл өнгөрөгч  сарын эцэст 560.5 тэрбум төгрөг хүрч, 2012 оны мөн үеэс 254.3 тэрбум төгрөг буюу 83.1 хувиар нэмэгдсэн байна. Үнэт цаасны арилжаагаар 10 сарын хугацаанд 68.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 59.4 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ. Өмнөх оны мөн үеийн арилжаанаас үнэт цаасны гүйлгээ 74.8 тэрбум төгрөг буюу 52.1 хувь, арилжсан үнэт цаасны тоо 72.2 сая ширхэг буюу 54.9 хувиар буурсан байна.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ оны эхний 10 сард 4458.8 тэрбум төгрөг болов. Зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 4641.8 тэрбум төгрөг болсон аж. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 183 тэрбум төгрөгийн алдагдалтай гараад байна. Нэгдсэн төсвийн урсгал орлого 4458.0 тэрбум төгрөг, урсгал зардал 3539 тэрбум төгрөг болж урсгал тэнцэл 919 тэрбум төгрөгийн ашигтай байгаа аж. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 439.6 тэрбум төгрөг буюу 12.6 хувиар нэмэгдэхэд бусад татварын орлого 102 тэрбум буюу 16.2 хувиар буурсан гэнэ. Гэвч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 201.3 тэрбум, орлогын албан татварын орлого 149.0 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 147.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин татварын бус орлого 2012 оны мөн үеэс 112.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Уг өсөлтөд газрын тосны орлого 63.4 тэрбум төгрөг буюу 92.7 хувь, хүү, торгуулийн орлого 59.6 тэрбум төгрөг буюу 2.2 дахин, төсөвт газрын өөрийн орлого 12.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Гэвч хувьцааны ногдол ашгийн орлого 27.3 тэрбум төгрөг буюу 72.9 хувийн бууралттай байгаа юм. Тэгвэл улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ эхний 10 сарын байдлаар 4641.8 тэрбум төгрөг хүрч, өнгөрсөн оныхоос 120.3 тэрбумаар нэмэгдээд байна. Үүнд, үйлчилгээний зардал 274.3 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээл 84.8 тэрбум төгрөг, зээлийн үйлчилгээний төлбөр 62.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь тус тус нөлөөлжээ. Гэвч татаас ба шилжүүлгийн зардал 221 тэрбум, хөрөнгийн зардал 80.5 тэрбумаар тус тус буурсан байгаа юм.

130 оронтой 8824.2 сая ам.долларын худалдаа хийв

Монгол Улс он гарсаар 130 оронтой худалдаа хийж, салбарын нийт бараа эргэлт 8824.2 сая ам.доллар хүрлээ. Үүнээс экспорт 3480.2 сая ам.доллар, импорт 5314 сая ам.доллар байгаа юм. Худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа нь өмнөх оны үеэс 213.8 сая ам.доллараар бага алдагдалд орсныг илтгэнэ. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 2012 оны аравдугаар сартай харьцуулахад 582.8 сая ам.доллар буюу 6.2 хувиар буурчээ. Тодруулбал, экспорт 184.5 сая ам.доллар, импорт 398.3 сая ам.доллараар тус тус багассан аж. Экспортын 96.6 хувийг эрдэс, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, эд анги эзэлж байна.

Улсын хэмжээнд энэ сарын 1-ний өдрийн дүнгээр 384.3 мянган тонн үр тариа, 193.7 мянган тонн төмс, 100.1 мянган тонн хүнсний ногоо хураав. 1.055 сая тонн хадлан, 31.5 мянган тонн тэжээл, 2949.6 тонн дарш бэлтгэсэн аж. Ингэснээр өнгөрсөн оны мөн үеэс хүнсний ногоог 2.3 мянган тонн, даршийг 1974.3 тонноор илүү бэлтгэжээ. Харин үр тариа 18.3 хувь, хадлан 7.5 хувь, төмс 21.1 хувь, тэжээл 6.7 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2013 оны эхний 10 сард 2046.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 222.6 тэрбум буюу 12.2 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нүүрс, газрын тос, зэсийн баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 60.2 хувь хүртэл нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Төмөр замын тээврээр сүүлийн 10 сарын дотор 17397.5 мянган тонн ачаа тээж, давхардсан тоогоор 3190.4 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 448.9 мянган тонн буюу 2.6 хувиар өсч, зорчигчдын тоо 178.0 мянга буюу 5.3 хувиар буурчээ. Төмөр замын тээврийн салбарын орлого эхний 10 сард 350.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 977.9 сая төгрөг буюу 0.3 хувиар нэмэгдэв. Харин агаарын тээврээр 3480.1 тонн ачаа тээж, давхардсан тоогоор 660.2 мянган хүн зорчсон нь өмнөх оныхоос тээсэн ачаагаа 94.5 тонн буюу 2.8 хувиар, зорчигчдоо 5.2 мянга буюу 0.8 хувиар ахиулсан аж. Агаарын тээврийн салбарын орлого он гарснаас хойш 193.0 тэрбум төгрөг болж, 2012 оны мөн үеэс 21.5 тэрбум төгрөг буюу 12.6 хувиар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан