Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БУРХНЫ ХАРГИС НАЙМАА


Соёогоор нь шашны эд зүйлс хийх гэж жилд хэдэн арван мянган зааныг хороож байна. Энэ их хядлагыг зогсоох боломж бий юү?

БРАЙАН КРИСТИ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Брент СТИРТОН
2012 ОНЫ НЭГДҮГЭЭР САРД АК-47, ГРАНАТ ХАРВАГЧААР ЗЭВСЭГЛЭСЭН ЧАД УЛСЫН ЗУУН МОРЬТОН КАМЕРУНЫ БУБАНЖИДА ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД НЭВТЭРЧ ОЛОН ЗУУН ЗААН ХЯДАВ.


Энэ бол 1989 онд дэлхий даяар зааны соёоны худалдаанд хориг тавьснаас хойшхи хамгийн харгис хядлага байв. Тэр үед цусанд будагдсан зааны сэг бүр хүний хязгааргүй их шуналыг илтгэж байсан юм. Сүүлийн арван жилд аюулын хэмжээнд хүрээд буй хулгайн ан хууль бус худалдааг улам дэвэргэсээр байна. Хаа сайгүй хөглөрөн хэвтэх хөрсөн цогцсыг дээрээс бүхэлд нь харвал энэ балмад харгислал хэрхэн өрнөсөн нь нүднээ илт байсан юм. Тал тал тийш зугтсан заан айж сандарсан, тугалаа хамгаалан тэмцсэн 50 заантай сүрэг бүгд хядуулжээ. Гэвч жил бүр зааныг хэдэн арван мянгаар нь ийнхүү хөнөөдөг явдал өмнө нь ч, одоо ч байсаар.

Загалмайлсан эцэг

Багширсан их хүнтэй нэгэн сүмд энэ улсын хүндтэй шүтээн болох Санто Ниньио де Себү (Себү хотын ариун хүү гэсэн үг)-д хүндэтгэл үзүүлэх нэгэн ёслолыг соёо цуглуулагч, алдарт  Монсеньор Кристобал Гарсия удирдаж зогсоно. Жил бүр болдог Хүбо гэх энэ шашны ёслол нь Себү хэлээр “хувцас тайлах” гэсэн утгатай бөгөөд ёслолын үеэр хааны хувцас хэрэглэл өмсгөсөн бяцхан Христийн модон сийлбэрийн хувцсыг сүмийн хөвгүүд тайлдаг ажээ. 1521 онд Фердинанд Магелланы энэ арал дээр авчирсан шүтээний хуулбар гэгддэг тэр сийлбэрийн бяцхан титэм, улаан нөмрөг, гутал, дотуур өмдийг нь хүртэл тайлж, цагаан алчууранд орооход Монсеньор эгнүүлсэн торхтой усанд тэдгээрийг дүрж, сүмийн нэг жилд хэрэглэх (үнэндээ борлуулах) ариун ус бэлддэг юм.

Зүүн нүд нь хялар, хөл муутай махлагдуу эр Гарсия нь Далласын 2005 оны өглөөний сонинд нийтлэгдсэн мэдээ, холбогдох шүүхийн мэдүүлэгт дурдсанаар 1980-аад оны дундуур Калифорнийн Лос Анжелес хотын Гэгээн Доминикийн сүмд санваартан байхдаа сүмийн туслах хөвгүүнийг хүчирхийлсэн хэргээр сүмээс хөөгдөж байжээ. Гэтэл Филиппинд түүнийг Монсеньорт өргөмжилж, Себү дэх “Их хамбын нутгийн шашин шүтлэгийг зохицуулах хороо”-ны даргаар томилжээ. Одоогоор тэр Католик шүтлэгтнийхээ тоогоор дэлхийд гуравт ордог Филиппин улсын 75 сая сүсэгтний дөрвөн сая орчмыг багтаасан бүс нутгийг өөрийнхөөрөө “зохицуулж” суугаа нь энэ. Түүнийг 1990 онд Кастель Гандольфо дахь Ромын II Пап Жон Полын зуны өргөөнд зочлоход Пап Санто Ниньио шүтээнийг нь адислаж байсан нь Гарсиягийн Себүгээс гадна түгсэн нэр алдрыг илтгэнэ.Түүний Филиппин дэх “Энх тайвныг хамгаалах сахиусан тэнгэрүүдийн нийгэмлэг” сүмийг олохын тулд “Монсеньор Крис?” хэмээн хавийн хүнээс асуухад л болно.
Филиппинчүүдийн зарим нь Санто Ниньиоде-Себүг үнэхээр Христ мөн гэж итгэдэг. XVI зуунд Испаничууд ноёрхлоо тогтоохын тулд түүнийг ер бусын ид шидтэй хэмээн хүмүүст итгүүлснээр ганц модон сийлбэр бүхэл бүтэн улс орныг Католик шашинд оруулж дөнгөжээ. Өдгөө энэхүү модон сийлбэр Себүхотын Минорэ дэль Санто Ниньио сүмд сум нэвтэрдэггүй шилэн хоргонд заларч буй.

“Санто Ниньиог чин сэтгэлээр шүтэн биширдэггүй хүн жинхэнэ Филиппин хүн биш. Филиппин хүн бүр Санто Ниньиогийн барималтай. Гудамжинд амьдардаг үгээ­гүй ядууст хүртэл бий” хэмээн “Малолос хотын хамбын удирдлага дахь бүс нутгийн музейн захирал” Висенте Лина (Жэй ламтан) ярьж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан