Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солилцоогоор ажилласан Солонгос, Монгол багш нар уулзав

“ЮНЕСКО”-гийн дэргэдэх Ази Номхон далайн Бүс Нутгийн Боловсролын төвөөс хэрэгжүүлдэг “Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөр” өчигдөр хамтын санал солилцох уулзалтаар үргэлжиллээ. Тус хөтөлбөр Солонгос, Монголын багш нарыг солилцож, тухайн улсын сургуульд гурван сар ажиллахдаа өөрт тохиолдсон асуудал, үйл ажиллагаа, онцлох үйл явдал, өөрийн улсад нэвтрүүлэх арга барил зэргийг судалж, туршлага солилцдог байна. Ингэхдээ тухайн онд үр бүтээлтэй, ур чадварын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багш нарыг хөтөлбөрт хамруулан явуулдаг аж.

Энэ жил Монголын талаас нийт 25 багш Солонгост ажиллаж, харин Солонгосоос 24 багш манай оронд ирж туршлага солилцжээ. Солилцоонд хамрагсан монгол багш нар анги дүүргэлтийн хувьд цөөхөн сурагчтай, багшийн ачаалал хөнгөн учир хүүхэд нэг бүртэй тулж ажиллах боломжтой, бүх үйл ажиллагаа, техник хэрэгслээ  цахим хэлбэрт шилжүүлсэн нь багшид ч, сурагчдад ч суралцахад хялбар болгосон гэж байлаа. Мөн багш ажилчдын хувьд харилцааны соёл, хүүхэдтэй ажиллах арга барил, ажлын үр бүтээмж өндөр байгаа нь давуу тал гэж үзжээ. Тэгвэл Солонгос багш нар Монголын ерөнхий боловсролын сургуулийн  техник хангамж, орчин нөхцөл муу, анги дүүргэлт хэтэрсэн ч сурагчдад сурах чин эрмэлзэл байгааг олж харсан гэнэ. Мөн Солонгос улсад хичээлийн хуваарь, сургалтын сэдвээ улирлаар нь батлаад түүнийхээ дагуу хичээллэдэг бол Хэнтий аймгийн нэгдүгээр 11 жилийн сургуульд хичээлийн хуваарь,  сургалтын сэдвээ долоо долоо хоногоор баталдгийг ярьсан байна.

Багш солилцооны хөтөлбөр энэ жил хоёр дахь удаагаа явагдаж байгаа бөгөөд Монголоос нийт 45 багш, Солонгос улсаас  44 багш багтсан байсан гэнэ. Тэдний дунд зөвхөн ЕБС-ийн багш бус тусгай сургууль, цэцэрлэгийн багш нар хамрагдсан нь онцлог болсон аж. Дашрамд дуулгахад, Солонгос руу явсан нийт 25 багшаас 14 нь орон нутгийн сургуулийнх байжээ.

Хөтөлбөрт хамрагдсан Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн багш О.Ариунзаяатай товчхон ярилцлаа.

-Багш солилцооны хө­төлбөрөөр зуны гурван сар Солонгост ажиллалаа. Энэ хөтөлбөрийн үр дүнг та хэрхэн дүгнэх бол?
-Бид нийт 25-уулаа Солонгосыг зорьж олон сургуульд хоёр хоёроороо хуваарилагдан ажиллаад ирсэн. Боловсролын салбарын тухай судалж, хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байна. Анги дүүргэлт цөөн болохоор багш нарт ажлын ачаалал хөнгөн, хүүхэд бүртэй тулж ажиллаж чаддагаараа давуу талтай юм билээ. Мөн манай улсад орон нутгийн хувьд цахим орчин бүрдээгүй, техник хэрэгсэл хангамж муу байдаг бол миний ажилласан Масон сургуульд техник тоног төхөөрөмж бүрэн, бүх үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн нь ажиллахад хялбар байсан шүү.
Харин Монгол Улсад ажилласан Солонгос багш нарын хувьд есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл ажиллана. Тус улсаас нийт 24 багш ирсний 17 нь Улаанбаатарт, долоон багш нь орон нутагт ажиллаж байгаа юм. Ингээд Солонгос улсаас Хэнтий аймгийн нэгдүгээр арван жилд сар гаруй хугацаанд ажилласан багш Им Хан Нагийн яриаг хүргэе.

-Та хэр удаан багшилж байгаа вэ?
-Би багшийн сургууль дөнгөж төгсөөд солилцоонд хамрагдаж ирсэн. Өмнө нь багшилж байгаагүй. Ингэж ажлынхаа гарааг өөр улсад эхлүүлсэндээ баяртай байна.

-Монгол болон Со­лон­гос улсын ЕБС-ийн ялгааг та олж харсан болов уу?
-Хамгийн том ялгаа нь Монголд бага, дунд, ахлах ангийн сурагчид нэг сургуульд хамт байдаг явдал юм. Гэтэл Солонгосын хувьд бага, дунд, ахлах ангиуд тус тусдаа сургууль болж  хичээллэдэг. Мөн хичээлийн хуваарь, сургалтын сэдвээ батлах хугацаа, давтамжийн хувьд зөрүүтэй байсан. Солонгост бол улирлаар нь баталчихдаг байхад миний ажилласан сургуульд долоо хоног бүр хичээлийн программаа боловсруулж байсан.

-Орон нутагт ажиллахад тулгарсан асуудал юу байсан бэ?
-Би сурагчийн дотуур байранд байрлаж ажилласан. Эхэндээ хичээлээ заахад анхаарал төвлөрөхгүй бусад асуудал гарч ирээд байсан. Жишээлбэл, дотуур байрны хувьд ус, цахилгааны асуудал их гарсан. Гэхдээ, удалгүй тэр нөхцөлдөө дасан зохицоод хичээлээ заах болсон. Би мэдээлэл зүйн багш. Хичээлээ заахад сурагч бүрт хүрэлцэхүйц компьютер хангамж муу байсан шүү. Гэсэн хэдий ч, хүүхдүүд их идэвхтэй хичээлдээ оролцдог байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан