Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлын хэсгүүд зөвшилцөлд хүрлээ. Хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшилцлийн үндэсний хороо ирэх оны төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар сар гаруй хугацаанд ажилласан гэнэ. Хөдөлмөрийн сайд Ц.Санжмятав “Гурван талаас 10, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удаа дараа байгуулсан. Эдийн засагч, шинжээч, мэргэжилтнүүдийг оролцуулсны эцэст ийнхүү нэмэхээр боллоо” гэв. Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшилцлийн баримт бичгийн 3.2 болон 5.2-т зааснаар нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс хамаарч цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэхээр Засгийн газар үүрэг хүлээсэн” гэдгийг онцоллоо. Сар гаруйн өмнөөс цалин хөлсний нэмэгдлийн талаархи асуудал хөндсөн ч Засгийн газар 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр тодорхойгүй болж, бүрхэгдээд буйгаа мэдэгджээ. Энэ нь МҮЭХ-нд таалагдаагүй учраас сүүлийн үед асуудал дэгдээсэн гэнэ. Үүний үр дүнд талууд зөвшилцөлд хүрч, 2014 оны төсөвт цалин хөлсний нэмэгдэлд 200 тэрбумыг тусгаад зогсохгүй 35 тэрбумаар нэмэгдүүлж чаджээ.
Ингэснээр төрийн байгууллагуудын цалин болоод бүх тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүсийн авах мөнгө ирэх оноос нэмэгдэх нь тодорхой болов. 139 тэрбум нь цалин хөлсний нэмэгдэл, үлдсэн нь тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд зориулагдана.
Гэвч цалин хөлс, тэтгэвэр нэмэх сургаар эдийн засагт хүчтэй нөлөөлж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш өсдөг байсан. Харин энэ удаа тэрхүү дутагдал, буруу тогтолцоог халахаар шийджээ. Энэ арга нь ч хялбархан бөгөөд олон нийт, иргэдэд “гайхуулах” мэтээр цалинг чинь нэмлээ хэмээн тунхаглахгүй. Тодруулбал, хэзээ, хэдэн хувиар, хэний цалинг нэмж байгаагаа огтхон ч хэлэхгүй бөгөөд зөвхөн гурван тал л хоорондоо зөвшилцөн ажиллана. Улмаар энэхүү нэмэгдэл нь тухайн ажилтан, тэтгэврийн насны болон тэтгэмж хүртдэг иргэнд илүү өгөөжтэй болох учиртай. Эс бөгөөс урьдын аргачлалаар цалин нэмсэн нэртэй ч худалдаачин, наймаачдын ашиг орлогыг л эрс нэмэгдүүлдэг явдал давтагдах юм.
Энэ удаагийн хэлэлцээр “чимээгүй” гэдгээс гадна хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, мах, гурил, шатахуун зэрэг үнэ нэмэгдэх магадлал ихтэй бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад талууд хамтран ажиллана. Нөгөөтэйгүүр, Засгийн газар, МҮЭХ-ны төвшинд хэлэлцээр байгуулж цалин хөлс нэмдэг явдлыг өргөжүүлэх аж. Тодруулбал, аймаг, сумын хэмжээнд Засаг дарга удирдлагуудад шаардлага хүргүүлж иргэдийн бодит төлөөлөл болсон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажилладаг болгох гэнэ.
Төсвийн мөнгөөр төрийн байгууллагын цалин нэмж, тэтгэврийн хэмжээг өсгөх нь хувийн хэвшлийг хөлдөө чирэх, хохироох эрсдэлтэй. Гэвч үүний хариуд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хоёр чухал ажлыг энэ ондоо багтаан УИХ-аар батлуулж, хэрэгжүүлбэл хэвийн гэдгийг Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар хэлэв. Тодруулбал, нөөцийн татвар болон түүнийг бууруулах ажил, татварын газарт тогтмол тайлангаа өгч, сайн ажилласан хувийн хэвшилд татварын 90 хувийг буцаан олгох ажлыг яаралтай хэрэгжүүлэхийг хүсчээ. Ийм хоёр аргачлалын араас хувийн хэвшил цалингаа нэмэх боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагуудад үргүй зардлаа анхаарах, ажилчдынхаа ур чадвар дээшлүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх гээд олон аргаар цалингаа нэмэхийг санал болгосон гэнэ.