Орон сууцны урт хугацааны зээлийн хөтөлбөр дөрөв дэх сардаа хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 27081 иргэн жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж амжжээ. Тодруулбал, өмнө олгосон ипотекийн зээлтэй иргэдээс 796.7 тэрбум төгрөгийн зээл дахин санхүүжүүлэх хүсэлт арилжааны банкуудад ирсэн байна. Үүнээс 467.7 тэрбум төгрөгийн зээл буюу 58.7 хувь нь шаардлага хангаж, дахин санхүүжилтэд хамрагдсан аж. Харин шинээр зээл авах хүсэлтэй иргэдээс нийт 686.2 тэрбум төгрөгийн санал ирсэн гэнэ.
Үүний 606.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хүсэлт буюу 88.3 хувийг зөвшөөрч, ипотекийн зээлд хамруулжээ. Зээл хэрэгжсэн 111 хоногийн хугацаанд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл олгоод байгаа юм. Эдгээр нь 27081 ширхэг үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц барьцаалан үргэлжилж буй. Зээлд гаргасан дээрх мөнгөнөөс жилд 85.9 тэрбум төгрөг зөвхөн хүүнд тооцож төвлөрүүлэх гэнэ. Энэ нь сар бүр 7.1 тэрбум төгрөгийн хүү хуримтлуулж байгаа гэсэн үг. Гэвч “Ипотекийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр” цаашид үргэлжлэхийн хэрээр дээрх тоо хэмжээ улам нэмэгдэнэ.