“Гэнэт л юм харахаа больж, ах нь сохорсон юм. Гэнэт сохорсон болохоор зүгээр суух аргагүй байлаа. Тэгээд л хараагүйчүүдийн холбоонд бүртгүүлээд эсгий урлалын сургалтад хамрагдсан. Одоо ажил хийгээд бусдын л адил амьдарч байна. Гэртээ өвчин яриад зүгээр хэвтэхийг хэн хүсэх билээ, тийм биз дээ” хэмээн сул асгарах нулимсаа арчин өгүүлэх 40 орчим насны эл эрэгтэйг Н.Нарангэрэл гэдэг. Тэрээр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх эсгий урлалын цехийн 10 ажилтны нэг. Гарынхаа мэдрэмжээр өөрт ногдсон ажлаа хийх тэрээр “Ах нь одоо цагаан өнгөтэй углааш хийх ноосыг эсгийрүүлж байна” гэсээр урдаа байгаа эсгийгээ хэмжиж, метрээ нүдэндээ нэг ойртуулж, холдуулан ажна. Түүнийг хараад хараагүй хүн гаднах байдлыг нь харахгүй ч дотогшоогоо хардаг юм уу даа гэсэн бодол төрөв. Цагаан таягаараа газар тэмтрэн алхах хүнийг хараад өмнө нь нэг их зүйл бодож байгаагүй ч энэ удаа Н.Нарангэрэл гуайн нүднээс сул асгарах нулимс олон зүйлийг өөрийн эрхгүй бодогдуулсан юм.
Автозасварчин мэргэжилтэй түүний хувьд 1990 он хүртэл автобаазад ажиллаад түүнээс хойш өөрийн хүч хүрэх янз бүрийн ажил хийж үзэж. Гэвч 2010 онд гэнэт хараа нь муудаж, юм харахаа больжээ. Үүндээ их шаналсан хэмээн тэрбээр “Хараагүй бид чинь мэдээлэл хэрхэн авах билээ дээ. Гадуур хэн дагуулж явах юм. Зовлон нэгтэй хүмүүстээ хандахад, гэртээ өвчин шаналлаа бодож суугаад юу хийхэв. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд бүртгүүл. Ажил олдох боломжтой шүү гэдгийг дамжуулж өгөөрэй” хэмээн хэллээ. Н.Нарангэрэл ах өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос эсгий углааш хийх сургалтад хамрагдаад дөрөвдүгээр сарын 9-нөөс эл цехийн ажилчин болжээ. Углааш ажиллагаа ихтэй, олон дамжлагатай учраас тус цех өдөрт хоёрыг л гаргадаг аж. Тэрээр харааны бэрхшээлтэй ч үүнийгээ одоо ажил хөдөлмөрөөрөө нөхөж явна.
Тун удахгүй ашгаа өгнө
Манай улсад 90 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 9000 нь хараагүй иргэд. Уг нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан байгууллагын татварыг улсаас хөнгөлдөг. Гэсэн ч хараагүй иргэдэд зориулсан ажлын байрыг тэр бүр бий болгодоггүй. Гэхдээ харааны бэрхшээлтэй иргэд маань хэн бидэнд ажил олгох бол хэмээн хүлээгээд суусангүй.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үйлдвэртээ салбарынхаа яамны Хөдөлмөр эрхлэх сангаас санхүүжилт авч хараагүй иргэдийг сургалтад хамруулж. Ингэснээр хараагүй хүн хийхэд тохирсон массажист, эсгий үйлдвэрлэл зэрэг сургалт явуулж байнгын ажлын байртай болгосон байна. Хөдөлмөр эрхлэлтийн сангаас ч хараагүй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хэд хэдэн төсөлд дэмжлэг үзүүлжээ. Үүний хэрэгжилттэй танилцахаар Хөдөлмөрийн яамны ахлах мэргэжилтэн Д.Хадхүү Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоогоор зочилсон юм.
Дээр дурдсан Эсгий урлалын цех бол Хөдөлмөр эрхлэлтийн сангийн 49.8 сая төгрөгийн санхүүжилтээр бүтсэн ажлын байр. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо Данийн хараагүйчүүдийн нийгэмлэгтэй хамтын ажиллагааныхаа хүрээнд тус цехэд үйлдвэрлэж буй эсгий углаашуудаа Данийн хараагүйчүүдийн нийгэмлэгийн худалдааны сүлжээгээр дамжуулж Дани, Голланд, Бельги, Норвеги зэрэг Скандиновын оронд худалдаалахаар болжээ. Мөн Японы зах зээлд ч гаргахаар төлөвлөсөн учраас тун удахгүй санхүүжилтийн үр өгөөж гарна хэмээн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч М.Баясгалан хэллээ. Мөн орон нутгийн хараагүй иргэдээр ч углааш хийлгэж, ажлын байраа өргөжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Тендерт харж үзээч
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн гол бүтээгдэхүүн бол монгол гэр. Хана, тооно, унь гэсэн бэлдцүүдийг худалдаж аваад будах, тааруулах ажлыг үйлдвэрийн ажилчид хийнэ. Мөн эсгий, дээвэр, туургаа ч өөрсдөө хийчихдэг. Энэ үйлдвэрийн 120 ажилчны 80 гаруй нь хараагүй иргэд. Ийм олон иргэнийг ажлын байраар хангаж, ахуй амьдралыг нь нуруун дээрээ үүрч яваа тус үйлдвэрийнхний зүгээс Монгол Улсын Засгийн газраас ганц л гуйх зүйл бий гэсэн. Тэр нь хараагүй иргэдийн хийсэн бүтээгдэхүүн гэдгийг нь аливаа тендерт харгалзан үзэж давуу эрх олгодог байх. “Ихэнхи тендер биднээс холуур өнгөрдөг. Зарим үед Засгийн газраас зарласан тендерт хүртэл оролцоод ялагддаг. Манай зарчим бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань өөр газарт хямд байх ёсгүй. Бид чанараа үнэтэйгээ уялдуулдаг. Тийм учраас Засгийн газраас хараагүй иргэдийн хөдөлмөрийн зах зээлийг бодлогоор хамгаалж өгөөч” хэмээн тус үйлдвэрийн дарга З.Болдсайхан хүсэлт гаргасан юм.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх “Бест” массажийн төвийн нэг салбараар орлоо. Хараагүй иргэдэд зориулсан массажийн сургалтад зургаан сараас нэг жилийн хугацаанд хамрагддаг байна. Ингээд наад зах нь хоёр жил ажиллаад салбар төвүүдэд шилжин ажилладаг гэнэ. Үйлчлүүлэгчид ч ихтэй аж. Энэ онд “Бест” массажийн төвийн засварын ажилд “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-гаас 18.9 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Нийслэлд 17 салбартай тус массажийн төвд дунджаар 3-6 хараагүй иргэд ажилладаг гэнэ. Цаашид салбараа өргөтгөх хүсэлтэй байгаагаа дуулгасан.
Баярт мэдээ
Энэ жил Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төвөөс хэрэгжүүлж буй найман төсөлд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас 261.2 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн нь үр өгөөжөө өгөөд эхэлжээ. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн корпорац” байгуулах ажлын хэсэг гарсныг Хөдөлмөрийн яамны ахлах мэргэжилтэн Д.Хадхүү дуулгасан нь хараагүй иргэнийн хувьд баярт мэдээ болсон юм. Уг баярт мэдээгээр 850 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах эл томоохон төсөлд 5.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гэсэн.
Нэг удаа нэг сая
Хараагүй иргэдийн уулзалтад салбар яамны төлөөллөөс гадна Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга Т.Алтанцэцэг оролцсон юм. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны сургалтад хамрагдаад мэргэжилтэй болсон ч ажлын байраар хангагдаж чадахгүй байгаа иргэдэд дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс тусалжээ. Бие дааж массажны газар ажиллуулах, гэрээрээ эсгий урлал хийх сонирхолтой иргэдэд тусламж үзүүлдэг байна. Энэ онд хараагүй иргэдэд зориулж Хан-Уул дүүргээс 22 сая төгрөгийн санхүүжилт хийсэн хэмээн тэрээр дуулгасан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан хөдөлмөр эрхлэхэд төрөөс нэг удаа нэг сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлдэг байна. Цаашид нэмэхээр ажиллаж байгаа гэсэн.
Түүнчлэн тус дүүргийнхэн 19 дүгээр хорооллын долдугаар байрны подвалийг тохижуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төв байгуулахаар ажиллаж байгаа аж. Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллахаас гадна зовлон нэгтнүүдийнхээ хувцсыг нь угааж, индүүдэх, гутлыг нь яналзж өгч байхаар төлөвлөсөн гэнэ. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж байгаа нь сайн хэрэг ч яагаад тэдэнд зориулагдсан ажлын байр подвалиас эхлэх ёстой юм гэсэн асуулт өөрийн эрхгүй хоолой дээр тулсан. Гэвч өгсөн санхүүжилт, байгаа боломж нь л тэр байх гэсэн уужуу сэтгэлээр асуултаа асууж түвдсэнгүй.
Ямартай ч хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үгээр тэднийг тусгаарладаг цаг өнгөрсөн гэдгийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооныхны ажлын танилцуулгаас мэдэрсэн юм.