Эдийн засагчид аливаа улсын өрийн зохистой харьцааг чухалчилдаг. Энэ нь ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдэг билээ. Өнгөрсөн жилийн байдлаар манай улсын гадаад өр 8.8 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 63 хувьтай тэнцүү гэсэн мэдээлэл бий. Энэ өрийг улсын төсөвтэй жишиж үзвэл давсан үзүүлэлт юм. Тухайлбал, энэ оны улсын төсвийн орлого долоон их наяд төгрөг байхаар тооцсон. Гэвч ашигт малтмалын үнийн уналтаас үүдэн нэг их наяд төгрөгийн орлого тасрах тооцоо гарсан. Ингээд төсвийн тодотгол хийсэн билээ.
Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын эдийн засгийн тоймд манай гадаад өр 4.8 тэрбум ам.долларт хүрч хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь ДНБ-ий 48 хувийг эзэлж байгаа юм. Өр ингэж огцом өсөхөд “Чингис бонд”-ын 1.5 тэрбум Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам.доллар нөлөөлсөн аж. Эдгээр бонд гарахаас өмнө манай улсын гадаад өрийн дийлэнх нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон Улсын валютын сангаас авсан хөнгөлөлттэй зээл бөгөөд нийт өрийн 56 хувийг эзэлж байжээ.
Дотоод өр өдгөө хоёр их наяд төгрөг байна. Энэ нь 800 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт. Ингэж нэмэгдсэн нь урд өмнөх нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр гаргаж ирсэн Засгийн газрын бондын үлдэгдэлтэй холбоотой аж.
Үүнээс гадна валютын хашийн сулралаас үүдэж гадаад өрийн ДНБ-д харьцуулсан харьцаа нэмэгдэх төлөв бий хэмээн Дэлхийн банкнаас гаргасан эдийн засгийн тайланд дурджээ. Мөн уг тайланд өрийн дарамтаас сэргийлэхийн тулд өрийн удирдлагын стратеги боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн зөвлөв.
УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын өр, “Чингис бонд”-ын зарцуулалтын талаар мэдээлэл хийсэн билээ. Эндээс үзвэл 1990-2013 онд 2.8 тэрбум ам.долларын зээл авсан. Одоогоор уг өрийнхөө 800 сая ам.долларыг нь төлсөн байна. Иймд манай улсын гадаад өр хоёр тэрбум ам.доллар байгаа аж. Дээрх зээлийн дийлэнх нь хөнгөлөлттэй зээл бөгөөд 80 орчим хувийг нь эдийн засагт, 20 хувийг нь нийгмийн салбарт зарцуулахаар авчээ. Дээрх зээлийн эргэн төлөх гарфикийг үе үеийн Засгийн газар гаргаж ирсэн. Ингээд энэ онд 90, 2020 онд 140 сая ам.доллар төлөх гарфик бий аж. Цаашид дээрх зээлийг олгосон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас дахин зээл авахгүй бол 2050 он гэхэд бүрэн төлж дуусах юм байна. Харин “Чингис бонд”-ын мөнгийг 2018, 2022 онд бөөнд нь төлж дуусгана гэж Засгийн газрын тэргүүн мэдээлсэн билээ. Тэрээр цааш нь “Уг бондын мөнгийг санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт арилжааны банкуудаар дамжуулан олгосон тул эргэн төлөхөд санаа зовох асуудалгүй” хэмээсэн юм. Манай улсын гадаад өр өнгөрсөн жил ДНБ-ий 53.3 хувьтай байж. Энэ онд 49.8 хувьтай байна. Ирэх жил 50 хувьтай болно хэмээн төсөөлжээ. Учир нь, 1.2 тэрбум ам.долларын зээл авбал дээрх харьцаанд хүрэх нь.
Өндөр өсөлттэй, бүрэлдэж буй эдийн засагтай улс өр зээл тавих нь бий. Хамгийн гол нь авсан мөнгөө төлөх хугацаандаа эргүүлж олох эрчимтэй салбарт зарцуулдаг. Тухайлбал ДНБ-ээ өсгөх, ажлын байр олноор бий болгох, үндэсний хэмжээний томоохон үйлдвэр, эдийн засгийн ирээдүйтэй салбартаа хөрөнгө оруулалт хийдэг ажээ. Эдийн засагчид “Чингис бонд”-ын мөнгөний зарим зарцуулалтад шүүмжлэлтэй ханддаг. Жишээ нь, нийслэл хотын гудамжны засвар, уулзвар шинэчлэх, цөөн тооны авто машин зорчдог орон нутагт зам тавихад зарцуулж болохгүй гэдэг. Тэгээд энэ ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж болно хэмээн тайлбарладаг билээ. Энэ бүгдээс үзэхэд Монгол Улс олон улсын хөрөнгийн биржээс мөнгө болсгох бололцоо байгаа нь тодорхой байна. Харин ирээдүйтэй, богино хугацаанд ашиг олж хөгжиж чадах салбаруудаа тодорхойлох ёстой ажээ.