Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нанзаддорж: Авто замын тухай хууль өнөөгийн шаардлагыг хангахаа больсон


Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржтой ярилцлаа.

-Нийслэлийн 374 жилийн ойн арга хэмжээний үеэр хотын мэр түүхэнд байгаагүй урт зам барилаа хэмээсэн. Тэгэхээр энэ урт зам нь хэр чанартай болсон бэ. Тооноос илүү чанар чухал гэдэг дээ?
-Яах аргагүй замын салбарт өмнө нь хийж байгаагүй том бүтээн байгуулалт байлаа. Нийтдээ 122,1 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийлээ. Замын зорчих хэсгийг 14, 21 метрээр өргөтгөснийг хөдөө орон нутгийн долоон метртэй харьцуулахад нийтдээ 250 орчим км замыг нэг жилийн хугацаанд барина гэдэг том амжилт. Гэхдээ богино хугацаанд маш их ажил амжуулсан ч чанаргүй байх вий гэж ойлгох нь өрөөсгөл. Яагаад гэвэл, замаа чанартай барихын тулд манай инженерүүдээс гадна томоохон объектод хөндлөнгийн зөвлөх компанийн үйлчилгээг өдөр тутмын хяналтаар авч ажиллуулсан. Энэ утгаараа зам чанаргүй баригдах учиргүй. Дээр нь, манай итгэмжлэгдсэн лабораторт замд хэрэглэх бүх материалыг шинжилж, зохиогчийн хяналт давхар хийсэн. Мөн НМХГ ээлжит хяналт шалгалтаа хийж, дүгнэлт зөвлөгөө өгч ажилласан. Тиймээс чанарын гологдол гарахгүй.

-Чанарын тухайд ярилтгүй гэлээ. Тэгвэл дэлхийн жишигт хүрсэн зам барилаа гэж хэлж болох уу?
-Дэлхийн улс орнуудын зам барилгын стандартад очсон гэвэл учир дутагдалтай. Учир нь, аливаа бүтээн байгуулалтын чанар чансаа хөрөнгө мөнгөнөөсөө хамаардаг. Жишээ нь, ОХУ, БНХАУ гэхэд асфальт, бетон хучилтыг доод тал нь хоёр үе, үе нь 10 см зузаан, ихэнхийг нь 3-4 үе, долоон см зузаантай хийдэг. Бүр 90, 80 см, эрс тэс цаг ууртай нь метр хүртэлх зузаан хучилттайгаар замаа барьдаг. Гэтэл манай улсын хувьд хөрөнгө мөнгө хомс,  бүтээн байгуулалтын ажлыг аль болох их хэмжээгээр явуулах шаардлагатай байгаа учраас тэрэндээ тохирсон чанар, технологи шийдлийг гаргамаар байна. Энэ утгаараа бид дэлхийн нийтийн жишигт хүрсэн зам барьсан гэж хараахан хэлж болохгүй.

-Энэ жил төсөв хөрөнгө хангалттай байсны хүчинд л их ажлын ард гарлаа гэж хэлж болмоор санагдаад байгаа?
-Ер нь, ажил сайн явсан нь төсөв хөрөнгө хангалттай байсны үр дүн. Үндсэндээ энэ жил улс, Хөгжлийн банк, нийслэлийн хөрөнгө оруулалт гэсэн гурван эх үүсвэрээр бүтээн байгуулалтаа хийсэн. Ялангуяа, Хөгжлийн банк, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудыг цаг хугацаанд нь хүлээлгэн өгч, тухай бүрт санхүүжилтийг нь шийдсэн. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр улсын төсвөөр ажил хийнэ гэдэг шат дамжлага ихтэй байна. Өөрөөр хэлбэл, Зам тээврийн сайдын багцад суусан хөрөнгийг нийслэлийн Засаг даргад эрхийг нь шилжүүлнэ гэсэн тушаал байдаг. Гэтэл энэ тушаалаараа явдаггүй. Энэ жил гэхэд захиалагчийн үүргийг манайх гүйцэтгэж, өдөр тутмын хяналтаа тавиад гүйцэтгэлээ хянан баталгаажуулахаар яаманд  өгөхөд Хөрөнгө оруулалтын газар болон Төрийн нарийн бичгийн дарга хянаж баталгаажаад Сангийн яам руу явуулдаг. Тус яамны хоёр газраар бас хянагдаж баталгаажаад боллоо гэвэл Төрийн сан руу шилжинэ. Төрийн сан нь хянаад ЗТЯ-руу ахиад явуулдаг энэ олон шат дамжлагаас болж санхүүжилт удааширч, заримынх нь  20 хоног,  сар болж шийдэгдсэн асуудал гарсан.

-Энэ жил зам засварын тендерийг эрт зарласан ч зарим нь нэлээн дуншиж байж гүйцэтгэгчээ олсон тухай мэдээлэл гарсан. Энэ юутай холбоотой байв?
-Ерөнхийдөө нийслэл, улсын Худалдан авах ажиллагааны газар зам засваруудын ажлын тендерийг зарласан. Аль, аль нь шинэ бүтэцтэй, шинэ хамт олон учраас асуудал байсан байх. Дээрээс нь, зураг төсөлтөй холбоотой хуулийн хэрэгжилтийг хангах, материалаа дутуу бүрдүүлсэн, олон удаа тендер зарласан, цаг алдсан зүйл ч бий. Тухайлбал, улсын төсөвт хөрөнгийг нь суулгасан Хайлаастын зам гэхэд хуулийн 30 хоногоор зургадугаар сараас хойш тендерийг нь зарлаж нээгээд, босго үнэ давсан гэдэг шалтгаанаар есдүгээр сар хүртэл гүйцэтгэгч нь тодроогүй. 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан, дээрээс нь Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ тасрах гээд байсан учраас Худалдан авах газартай энэ талаар олон удаа ярьж, өнгөрсөн есдүгээр сарын 23-нд шууд  гэрээ байгуулах зөвлөмж өгсөн. Ингээд ажлыг нь хийлгэж байтал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн  ажилд тодотгол ороод гүйцэтгэлийг нь удаашруулсан гээд жишээ яривал их юм бий.

-Нөгөөтэйгүүр, замын трасст орсон айл, албан байгууллага газраа чөлөөлж өгөхгүй байснаас зарим ажил санасан хэмжээнд хүрээгүй гэж сонссон?
-Энэ жилийн хувьд хугацаандаа хийгээгүй гэсэн асуудал гараагүй. Ер нь, сараар сунгасан, он дамжин хийсэн замын ажил бол бий. Гэхдээ гүйцэтгэл гэхээсээ илүү Улаанбаатарт зам барилгын газар чөлөөлөхөд олон асуудал тулгардаг. Зам дагуу байрлах троллейбусны шон, албан байгууллага, иргэдийн хашаа байшин гээд замын зурваст орсон бүх юмыг шилжүүлэх шаардлагатай болдог. Барилга барихын тулд тодорхой хэмжээний газрыг чөлөөлдөг бол зам барихад асуудал өөрөөр эргэдэг юм шүү дээ.

-Хамгийн их хэл ам дагуулсан нь Хайлааст, Нарантуул худалдааны төвийн зам байх аа?
-Нэг жишээ хэлэхэд, өнгөрсөн жил гуравдугаар хорооллын араар Бичил хороолол руу явдаг замд нэг караоке ажиллуулдаг нөхрийг газраа чөлөөл гэж шаардан өвөлжингөө ухуулан сэнхрүүлж, гуйж гувшаад бараагүй. Тэгээд энэ наймдугаар сард нөхөн төлбөрөө хүлээн зөвшөөрснөөр асуудал шийдэгдлээ шүү дээ. Нөгөөтэйгүүр, явган замын трасст орсон байгууламжуудыг ерөөсөө чөлөөлж чаддаггүй. Уг нь, боломжийн амьдралтай хүмүүс байх, хэрнээ тэр тусмаа л илүү мөнгө нэхээд байх юм. 19 дүгээр хорооллын арын замын хажууд “Эрэл”-ийн ажилчдын орон сууцны хашааны наана явган хүний зам тавих гээд жаахан дотогш нь татаад өгөөч гэтэл “чадахгүй” гээд бүр техникийг чинь эвдэнэ шүү гэсэн. Энэ талбай нийтийн эзэмшлийнх учраас “Эрэл”-ийн ажилчдад зориулаагүй гэхэд зөвхөн зорчих хэсгийн хашлаганы хоорондох зайг л гаргаж өгсөн. Одоо авто зам, хашаа хоёр тулчихсан учраас явган хүний зам тавих ямар ч боломжгүй.

-Шийдэх асуудал олон байсан ч бас дэвшилттэй зүйл гарч ирсэн шүү дээ. Жишээ нь, дэд бүтцийнхэн гар нийлэн ажиллаж чадсан. Тийм ч болохоор зам засвартай холбоотой гомдол санал бага гарсан байх?
-Тийм шүү. Улаанбаатар дулаан, цахилгаан түгээх сүлжээ компаниуд босоо удирдлагатай байсныг энэ жил хотын дарга хэвтээ тал руу нь оруулж өгсөн. Хотын шуурхай зөвлөлгөөнд суулгадаг болгосноор харьцангуй дэвшил гарсан. Одоо бидэнд нэг өөрчлөх зүйл байгаа нь буруу тогтолцоо. Өнөөдөр бид зам барих гэж Улаанбаатар дулаан дамжуулах болон цахилгаан түгээх газраас зөвшөөрөл авдаг. Угтаа эсрэгээрээ тэд биднээс зөвшөөрөл авдаг байх ёстой юм. Энэ буруу тогтолцоог 2014 оноос хална.

-Энэ их хөрөнгө мөнгө, хүн хүчээр босгосон ажлынхаа арчлалт, хамгаалалтад одоо хэрхэн анхаарал тавьж байна вэ?
-Наадах чинь үнэхээр орхигдсон асуудал. Би энэ ажлыг авахдаа хотын мэрт асуудал болгож тавьсан нэг асуудал бол энэ. Өнөөдөр нийтийн эзэмшлийн байгууламжуудаас эзэнгүй нь авто зам. Хариуцсан эзэнгүй болохоор эвдэж байна, эргээд цас, бороо орохоор цэвэрлэх хүн ч алга. Хувийн хэвшилд шилжүүлж, хөрөнгө оруулалтыг нь шийдвэл өвөл нь цасгүй, зун нь шороо, чулуугүй байна гэсэн саналыг маань дэмжсэн ч олон задалж хувааж болохгүй нь гэсэн. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь гэж үзээд “Хот тохижилт”, “Улаанбаатар зам засвар арчлалт компани”, “Усны барилга байгууламж” гэсэн газрыг  татан буулгаад нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” нэрийн дор нэгтгэж хотын 380 орчим км замыг хариуцуулахаар болсон. Ингэснээр зам эзэнтэй болохоос гадна эдэлгээ нь ч уртсах юм. Энэ жилээс л  үр дүн нь харагдана даа.

-Замын хамгийн том дайсан бол ус гэж инженерүүд ярьдаг. Тиймдээ ч борооны ус зайлуулах шугамыг шинэ замуудад сайн тавьж өгсөн байна лээ?
-Гоё асуулт асуулаа. Загатнасан газар маажив уу гэлтэй. Борооны ус зайлуулах шугам тавих мөнгийг нь идчихэж гэж иргэдийг хардахад хүргэсэн Олимпын гудамжны замаар жишээ авъя. Биднийг ирэхээс өмнө ус зайлуулалтын системийг нь 2012 онд тавьсан юм билээ. Зураг төслийг нь харахаар замын хоёр талаараа тогтоол усаа татаж авах ёстой байтал нэг талд нь хийснээс зам биш үерийн далан болсон байв. Тиймээс бид энэ жил бетонон замын хашлагыг нь солиод асфальтан хучилт хийсэн. Ус зайлуулах шугамын тухай ярьсан дээрээ хэлэхэд, Улаанбаатар хот дөрвөн уулын дунд оршдгоос уулнаас буусан ус зам эвддэг. Тэгэхээр эхний ээлжинд хотынхоо дөрвөн талд ус зайлуулах том усны далан суваг барих шаардлагатай юм. Том хэмжээний далантай болсноор замаа эвдүүлээд байхгүй.

-Замын үндсэн гол түүхий эд хайрга. Гэтэл хот орчмын хайрга дууссанаас айлын буурийн чулууг ашигласан гэх яриа өнгөрсөн жил олон хүнийг цочирдуулсан. Энэ жил асуудлыг хэрхэн шийдэв?
-Бас нэг хүндрэлтэй асуудал. Богд уул дархан цаазтай учраас болохгүй гэнэ. Баруун тийш Сонгинохайрхан болохоор суурьшлын бүс. Зүүн тийшээ Баянзүрх, хойшоо Чингэлтэй хайрхан гээд дархлагдсан, суурьшлын бүс учраас ухаж болохгүй гээд их асуудалтай байсан. Замын ажлын 60-70 хувь нь шороо хайрганаас бүтдэг учраас яаралтай шийдэх үүднээс хотын даргын захирамжаар Морингийн даваа, Баянхошуу, Гүнтийн даваа, Ургах наран хороолол орчимд хайрганы карьер нээн асуудлаа шийдсэн. Харин ч бид карьераа ашиглаж дуусаад нөхөн сэргээдэг туршлага нэвтрүүлэх гэж байна.

-Энэ жилийн их бүтээн байгуулалтын ажлын айдас нь валютын ханшийн өсөлт байсан. Ялангуяа, замын салбарт битумны өртөгт их нөлөөлдөг шүү дээ?
-Үйлдвэрлэлийг хугацаанд нь амжуулах, дэмжих зорилгоор нийслэлийн төсвөөс тавдугаар сард 5,9 тэрбум төгрөг гаргасан. Хүчин чадлаас нь хамааруулаад асфальт үйлдвэрлэдэг зургаан  үйлдвэрт хувааж өгсөн юм. Тэгэхдээ энэ мөнгөөрөө битумаа аваад нөөцөл, тонныг нь 170 мянган төгрөгөөр нийлүүл, нийслэлийн Авто замын газар захиалга өгөхөд саадгүй үйлдвэрлэ гэсэн гэрээ байгуулсан.  Ингэж гэрээ байгуулснаар валютын ханшаас үүдэлтэй үнийн асуудал энэ жил яригдаагүй. Нөөцөө бэлдэж амжаагүй байхад нь долларын ханш өссөнөөс өндөр үнээр авсан компаниуд хэцүү байна гэж ярьсан ч гэрээгээрээ явъя гэхэд дуугарч чадаагүй. Өнөөдрийг хүртэл нэг тонн битумыг 170 мянган төгрөгөөрөө нийлүүлж, энэ жилийн ажлын ард гарч чадсан.

-Төр бүтээн байгуулалтаа хянана гэж байдаггүй нь өнгөрсөн хугацаанд ажиглагдсан алдаанаас харагдсан. Харин зөвлөх, хөндлөнгийн хяналтаа хувийн хэвшлээр хийлгэсэн нь шинэлэг хандлага юм?
-Үнэхээр манайхаас шал өөр хянаж байгаа. Манай хяналтын инженер өглөө ажил дээрээ ирээд цаас бичгэндээ хариулт өгнө гээд суугаад хариуцсан талбай руугаа явдаг. Тэгээд  орой 6, 7цаг боллоо үгүй юү гэртээ очоод хэвтээд өгчихдөг. Харин хувийн хөндлөнгийн хяналтын компани бол өглөөнөөс орой хүртэл хянаж байна. Авто замын  ажил олон шат дамжлагатай учраас хөндлөнгийн компанид хяналтаа хариуцуулах нь туйлын хэрэгтэй. Азийн хөгжлийн банкных гэхэд хөрөнгө оруулалтаа үр ашигтай байлгахын тулд заавал зөвлөх үйлчилгээний болон хөндлөнгийн хяналтаа хувийн хэвшлээр хийлгэхийг шаарддаг. Харин улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа замуудын хяналтыг манайх хариуцдаг. Өртөг, зардлын асуудлыг нь шийдээд хөндлөнгийн хяналт тавиулж ачааллаа багасгах нь зайлшгүй чухал.

-Жилээс жилд өргөтөх, шинэчлэх зам нэмэгдэнэ гэсэн. Гэтэл багахан хүчин чадалтай лаборатор маань ачааллаа дийлэх үү?
-Манай лаборатор 2008 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө  шинэчилсэн. Дутуудаа биш. Гэхдээ бүрэн хангагдсан гэж хэлж болохгүй. Тоног төхөөрөмжөөс илүүтэй сэтгэл зүрхээрээ ажиллаж чадах боловсон хүчин, чадвартай хүн нь хомс.  Эрдмийн тал руугаа тооцооны үндэслэл дээр шийдээ гаргадаг болохоор залуус залхдаг. Эрхлэгчийг нь гэхэд хоёр удаа солилоо. Дургүйд хүчгүй гэгчээр үйл ажиллагааг нь сайжруул гээд хүчээр шахуу тавьчихаар үр дүн гардаггүй. Инженер болох залуусыг эхлээд лабораторт ажиллаж юм сур гэхээр нэг л сэтгэлтэй ажиллаж өгөхгүй юм. Ямар ч гэсэн шахна, сайжруулна даа.

-Хот руу орж ирэхэд шалгах товчоод мөнгө хураадаг. Дэндүү болхи гэж хатуухан шүүмжилж болох энэ үйлчилгээг яаж сайжруулах вэ?
-Бас нэг чухал асуудал. Бид 22-ын товчоог хоёр задлаад нэг хэсгийг нь 361 дүгээр гармын наад талд аваачаад, баруун талынхыг нь Эмээлтийн оройд тавьчихсан. Нэгд, үйлчилгээ хурдан шуурхай болно. Хоёрт, орчин үеийн телекамер тавьсан. Орж ирсэн машины дугаарыг бүртгээд тоолоод гаргадаг. Сая аравдугаар сарын 4-нөөс ажиллуулах гэж оролдоод хэл ам дагуулаад их л хэцүүхэн юм. Тиймээс хувийн хэвшилд шилжүүлбэл гэсэн бодолтой байна. Товчоогоор орж ирсэн мөнгөний 60 хувь нь нийслэлийн төсөвт, үлдсэн нь үйл ажиллагаандаа зарцуулагддаг байхаар. Хоногт л хотын хойд талаас 2800-3000 орчим машин орж ирж байна. Нэг машин  500 төгрөг гэхээр хоногт сая 500 мянган төгрөгийн орлоготой байх нь. Төрийн үйлчилгээний ажилтан гээд хөнгөлөлт эдлэх хэрнээ авсан тасалбарын мөнгөө халаасалсан  гээд бөөн хэл ам дагуулдаг. Хэрвээ хувийн хэвшилд шилжүүлбэл сард төдөн төгрөг тушаана гээд зардлыг нь батлаад өгчихвөл хүнийхээ цалин, халаалт, цахилгаанаа яаж шийдэх нь тухайн компанийн менежментийн л асуудал байх юм.

-“Гудамж төсөл” танай зам засварын ажилтай уялдаж явсан. Гэхдээ бүхэл бүтэн хэрэгжүүлэгч агентлаг гэж байхад төсөл хэлбэрээр бие даан явах хэрэг байсан уу гэсэн яриа өнөөдөр ч яригдаж л байна?
-Цаг үеэ олсон зөв төсөл үү гэвэл зөв. Гэхдээ бүтцийн тухайд хүмүүсийн яриатай санал нийлэх, нийлэхгүй ч  зүйл бий. Уг нь, Засгийн газрын тогтоолоор хотод 33 уулзвар барьж, хурдны зам, хотын дахин төлөвлөлтэй холбоотой дэд бүтцийн асуудлыг шийднэ гэсэн байдаг. Би ойлгохдоо эдийн засгийн сайд Батбаярт даалгадаг нь хөрөнгө оруулалтыг нь шийдэж өг гээд бүтцийг нь хотын мэрт даалгажээ гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Авто замын газрын бүтцэд Гудамж төсөл байх нь гэж бодсон. Гэвч тэгсэнгүй. Эдийн засгийн яамны “Гудамж төсөл” гээд яваад байгаа нь эрх зүйн орчиндоо яаж нийцдэгийг нь мэдэхгүй. Шийдвэр гаргах түвшиндээ  нэг тийшээ болгох байх. Хийж байгаа ажлын хувьд энэ жил их хэмжээний ажил хийж өглөө шүү дээ.

-Гэхдээ хийх ажлаа булаацаалдаад байгаа юм биш үү?
-Давхардсан гэж ярьдаг ч, Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Гантөмөр эл төслийн удирдлагын хорооны даргын албыг хашдаг. Ажлаа авахдаа ч тэрээр “Энэ төсөл нийслэлийн Авто замын газрын нэгж гэж ойлгож явах ёстой шүү” гэж хэлсэн. Үнэндээ, Саппорогийн зам доторхи уулзварыг шинэчилснээс биш замаас ангид ажил биш шүү дээ. Энэ утгаараа заавал уялдах ёстой. Хурдны, гудамжных байна уу заавал нийслэлийн Авто замын газартай зөвшилцөж, зураг төслөөс нь эхэлж явах ёстой гэсэн. Эхний удаа болохоор цаг хугацаанд шахагдаад, шинэ бүтэц болохоор ойлголцоогүй, буруу зөрүү явсан юм бий. Одоо Техникийн зөвлөл хашдаг даргыг миний бие учраас хурлаараа хийх ажлаа хэлэлцээд давхардах асуудал гараагүй. Гарах ч үгүй.

-Замынхан төдийгүй Замын цагдаагийнхны “шүдний өвчин” бол хүнд даацын машин. Бүтээн байгуулалтын төлөө нойр, хоолоо умартан ажиллах тэднийг зам эвдлээ гэж нүд үзүүрлэхийн оронд тэдэнд зориулсан зам баръя гэсэн асуудлыг БХБЯ-наас ярьж байна лээ?
-Үндсэндээ замыг хүнд даацын машин л эвдэж байна шүү дээ. Хууль хяналт, манайх ч өдөр, шөнөгүй үзэж тарах юм. Стандартыг нь заасан байхад л зардал хэмнэх нэрээр тонноо хэтрүүлж ачаад замаа эвддэг. БХБЯ-ныхан Шувуун фабрикийн замыг хүнд даацын машинд зориулж бариад өг гэдэг. Яахав, бид барьж өглөө гэхэд хот дотор ороод энгийн зам руугаа салахаар асуудлыг шийдэж чадахгүй. Арга ядахдаа Өлзийт хороолол уулын дундаар хайрганы машин явдаг зам өөрсдөөр нь бариулсан. Гэтэл тэр замаараа явдаггүй,  хурдан, амрыг нь бодоод  хот руу орж ирдэг гол замаар яваад байдаг. 

-Хотын гэр хорооллын  дундуур авто зам тавина гэж байгаа. Энэ хэзээ хэрэгжих вэ?
-Уг нь, 2013-2016 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрт хотод 212 км зам барьж, 350 км замыг өргөтгөн шинэчилнэ гэж байдаг. Өнөөгийн байдлаар 350-иасаа 100 гаруйг нь энэ жил  хийчихсэн. Шинээр барина гэдэг нь хотын гадна тойруу буюу 22-ын товчооноос Орбит-Баянхошуу-Хайлааст-Дарь эх гээд зүүн тийшээгээ холбосон зам байдаг. Тэрнийгээ урагш нь холбосон 212 км зам барина гэж хотын ерөнхий төлөвлөгөөнд байдаг. Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал яригдаад зарим зүйлд нь өөрчлөлт орох бололтой. Тэгэхээр “Гудамж төсөл”-ийн хүрээнд гэр хороололд зам баръя гэж ярилцаад замын трассыг нь нийслэлийн Авто замын газар гаргая гэсэн байдлаар шийдэж байгаа.

-Ирэх жилийн ажлаа төлөвлөсөн үү. Мэдээж, харьцангуй их ажил амжуулна гэж хөрөнгө оруулалтаа шийдэж байгаа байх?
-Төлөвлөж л байна. Хамгийн түрүүнд, улс, бонд, нийслэлийн хөрөнгө оруулалтын аль нэгээр нь суурьшлын бүс нь тодорхой болсон, ач холбогдолтой хэд хэдэн замыг өргөтгөх, шинэчлэх асуудлыг тавиад байна. Тухайлбал, 1985 онд барьж ашиглалтад орсноос хойш нөхөөсөөс өөр юм хийгээгүй Улиастайн уулзвараас Гачуурт хүртэлх 10,3 км зам байна. Мөн суурьшлын бүс болчихсон Найрамдал зуслангийн болон Дамбадаржаагийн цагдаагийн постоос Шарга морьтын гүүр хүртэлх замыг тус бүр дөрвөн эгнээ болгох асуудал яригдаж байна. Энэ мэтчилэн засч янзлах, шинээр барина гэж төлөвлөсөн олон зам бий.

-Авто замын тухай хууль  өнөөгийн шаардлага хангахгүй байна гэсэн яриа гарсан байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Хотын хууль эрх зүйн асуудлыг үнэхээр сайжруулах хэрэгтэй байна. Хүн амынх нь 70 гаруй хувь нь оршин суудаг, бүх соёл үйлчилгээний 80 хувь нь төвлөрсөн Улаанбаатарт амьдрал буцалж байна. Эрх зүйн орчныг нь сайжруулж хотоо хөгжүүлэхгүй бол улс хөгжихгүй. 1999 онд батлагдсан Авто замын тухай хууль өнөөгийн шаардлагад нийцэхгүй байгаа. Улаанбаатар хотын тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй энэ хуульд аймаг, нийслэлийн авто замын байгууллагын эрх гээд ерөнхий л заачихсан байдаг. Тиймээс ЗТЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хуулийн төсөл өргөн бариад  өнөөг хүртэл шийдэгдээгүй.   Уг нь, санаснаар болдог бол улс, хотын авто замын байгууламжийн бүрэн эрх гээд тусдаа бүлэг орж ирэх учиртай юм. Санхүүжилтээ өөрсдөө шийддэг болохын тулд зам ашигласны, агаарын бохирдлын, авто сэлбэг оруулж ирсний татвар авдаг болъё. Ядаж, нэг хоёрыг нь аваад замынхаа засвар арчлалтын санг бүрдүүлэх  хэрэгтэй.  Түүнчлэн сүүлийн үед яригдаад байгаа хотын татвар гэгч хэрэгжвэл их боломжийн. Талхан дээр 20 төгрөг л нэмчих. Тэр нь Улаанбаатар хотын санд л орно.

-Гэхдээ амьдрал хэцүү байгаа өнөө үед энэ татвар олон хүний эсэргүүцэлтэй тулгарах байх даа?
-Татвар биш шүү дээ. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай, худалдаа үйлчилгээний газраар иргэн хүн үйлчлүүлж байна. Хотод суурьших л юм бол тэр багахан хэмжээний татварыг төлөх чадвартай л байх хэрэгтэй. Хатуухан хэлэхэд, хүн болгон хотод амьдрах албагүй шүү дээ.  Энэ маань төвлөрөл сааруулахаас гадна хотын нийгэм, эдийн засгийн тулгамдын асуудлыг ч багасах зорилготой. Нэгжээрээ мэдэгдэхгүйг, нийтээр нь авч үзвэл далайд дусал нэмэр болж  хотдоо их дэмжлэг болох юм.

0 Сэтгэгдэл
khotiin zam, yabgan khunii zamiig barilga barij bgaa companiudiin khund daatsiin mashinuud shuniin tsagaar deeguur ne garch ebdelj suitgej bgaag khyanad gazar bna uu 13 r khoroololiin naturiin /odoo buulgaj bgaa/ baruun talaar uragshaa oron suutsnuud ruu orson zam, yabgan zam ashilaltand orood 4-5 sar ch boloogui baikhad barilgiin khund daatsiin mashin zambaraagui yabsnaas bolj ebderch duusakh nee
Хамгийн их уншсан