Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.СЭРЭЭНЭНДОРЖИЙН БҮРЭН ЭРХИЙГ ГУРВАН САРААР СУНГАВ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хороо ээлжит хуралдаанаа хийв. Хоёр талаас гурав, гурван хүн төлөөлдөг хорооны дарга В.Н.Морозов хурлыг удирдан явуулжээ. Тэрээр ОХУ-ын “РЖД” төмөр замын нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч юм. Харин хорооны орлогч даргаар Монголын Зам, тээврийн яам­ны газрын дарга Ё.Манлайбаатар ажиллаж байгаа. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга Н.Болдбаатар, Мон­голын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Эрдэнэ нар манай талыг төлөөлдөг. ОХУ-ын талаас Зам, тээврийн дэд сайд Ц.А.Самбуевич болон төмөр замын зөвлөх В.В.Морозов нар багтдаг. Өнгөрсөн онд болсон сүүлийн хуралдааныг Москвад зохион байгуулсан бол энэ жил Улаанбаатарт чуулж буй нь бодит байдалтай газар дээр нь танилцах давуу талтай гэж болох юм. Нийт 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн хуралдаан нэг өдрийн дотор дууссан бөгөөд хамгийн чухал асуудал нь нийгэмлэгийн даргын албан тушаалын томилгоо байв.

Даргын томилгоог дараа жил хүртэл хойшлуулав

Өнөөдрийн байдлаар “УБТЗ” нийгэмлэгийг Г.Сэрээ­нэндорж удирдан ажиллаж байгаа бөгөөд даргын үүрэг гүйцэтгэгч юм. 2012 оны аравдугаар сард тэрээр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш тус нийгэмлэгт ихээхэн ахиц дэвшил гарсан гэдгийг салбарын ажилтнууд онцолдог. Түүний удирдлага дор ажилласан нэг жилийн хугацаанд төмөр замчид хэр бүтээлтэй ажилласныг товч өгүүлье. Г.Сэрээнэндорж даргын хэлснээр “УБТЗ”-ын хамт олон Монгол Улсын хөгжилд түгжрэл биш түүчээ болж ажиллах зорилт тавьсан гэнэ. Тэр ч үүднээс тээвэрлэлтээ 2.7 хувиар өсгөж, оны эцэс гэхэд 21 сая тонн орчим ачаа тээвэрлэх төлөв гарчээ. Одоо тэд ойролцоогоор 16 сая тонн ачаа тээвэрлээд буй юм. Энэ нь төмөр замчид үйлчлүүлэгчдээ хүлээж бус, тосч ажилласны үр дүн гэж удирдлагууд онцолдог. Нөгөө талаас галт тэрэгний техникийн хурдыг нэмж, хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг аялуулдаг болсноор 340 галт тэрэг хэмнэсэн байна. Шатахуунаас л гэхэд дөрвөн тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасныг онцлох нь зүйтэй. Бусад салбарт ч маш их зардал хэмнэсэн гэдэг. Тийм ч учраас ажилчдын цалинг 15 хувиар нэмсэн байна. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг хэмээх 16 мянган хүнтэй том “айл”-ын дундаж цалин нь сая төгрөг болсон аж. Энэ онд төмөр замчид өөрсдийн хүчээр 60 км урт замд төмөр бетон дэртэй их засвар хийж амжуулжээ. Дөрвөн өртөө, зөрлөгт ажилчдын орон сууц барьж дуусгасан нь мөн л нийгэмлэгийн ажилтнуудын хүчин чармайлт.
Төмөр замчдын хийж хэрэгжүүлсэн өөр нэг чухал ажил бол “Улаанбаатар БҮК” хувьцаат компанид төмөр замын бетон дэрний шинэ үйлдвэр нээсэн явдал. Дэлхий дахинд 2010 оноос хойш хэрэглэж эхэлсэн чанартай бетон дэрийг хамгийн хямдаар нийлүүлэх боломж ийнхүү бүрджээ. Өдөртөө л 1130 ширхэг дэр гаргаж ажиллавал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд байгуулах 217 км замд шаардлагатай бетоныг жилийн дотор үйлдвэрлэж амжих гэнэ. Энэ мэтээр жилийн дотор төмөр замчдын хийсэн ажлыг тоочвол барагдахгүй. Урьд нь, эрх баригч нам, эвсэл, улс төрийн хүчний томилгоо авсан дарга тус нийгэмлэгийг тэргүүлдэг байлаа. Харин өнгөрсөн жилийн хугацаанд төмөр замын ажлыг багаас нь эхлэн хийж, дэвшсэн Г.Сэрээнэндорж удирдахад салбарын хэмжээнд үйл ажиллагаа гацаагүй, үр дүнтэй байсныг ахмадууд хэлдэг.
Өчигдөр болсон Ерөнхий хорооны зөвлөл хурлын сургаар УИХ-ын гишүүн асан Д.Одхүүг ээлжит дарга болгоно гэх мэдээлэл гарч эхлэв. Ээлжит улс төрийн томилгоог эсэргүүцсэн төмөр замчид өөр өөрийн хэмжээнд дээрх яриаг зогсоохын төлөө дуугарч байсан. Тухайлбал, мэргэжлийн хүн, салбараа мэддэг даргатай байхаа илэрхийлсэн нь олонтаа. Харин тэдний эсрэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэ­рийн захирлаар ажиллаж асан Д.Одхүүг дэмжигчид “ОХУ-тай эв зүй ололцох гарц” хэмээн түүнийг сайшааж байв. “Мэргэжлийн биш байлаа ч сайн менежер гэдэг зүйл бий” гэж твиттер хуудаснаа сануулан жиргэсэн нь “УБТЗ”-ын дарга болох сонирхлыг нь илтгэнэ. Гэвч хуралдааны үр дүн тун удахгүй гарч Д.Одхүүгийн талаар хэлэлцээгүйг эх сурвалж дуулгасан юм. Харин даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий зөвлөлийн дараагийн хурлаар дарга томилох асуудлыг хэлэлцэн шийд­вэрлэхээр болж, тэр хүртэл Г.Сэрээнэндоржийг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуу­лахаар болов. Ирэх оны эхээр Ерөнхий хорооны зургаан гишүүн дахин цуглаж нийгэмлэгийн өмнө тулгарсан болон хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэнэ. Нөгөөтэйгүүр даргын албан тушаалыг эзэнтэй болгож, баталгаажуулах эсэхээ ч шийдвэрлэх биз ээ. Г.Сэрээнэндорж даргын үүрэг гүйцэтгэхдээ багагүй үр дүнтэй, сайн ажилласан нь дээрхээс харагдана. Гэвч яагаад даргаар томилж, жинхлээгүй вэ гэдэг асуулт урган гарах юм. Үүнд одоогоор бүрэн хариулт өгөх хүн олдохгүй байгаа ч Монгол, Оросын талаас 50, 50 хувиар бүрдсэн Ерөнхий хорооны гишүүдийн санал хуваагдсан байх магадлалтай. Юутай ч “УБТЗ” нийгэмлэг албан ёсоор даргатай болоогүй байна.

Төмөр замын хөгжлийн хөтөлбөр

Хуралдаанаар нийт 15 асуудал авч хэлэлцэж, илтгэл өрнүүлсний дийлэнх нь санхүү, хөрөнгө оруулалт болон зарцуулалттай холбоотой тайлан, тооцоо, шалгалтын дүн байсан аж. Хаалттай үргэлжилсэн хуралдаанаас эдгээр мэдээллийг авах боломжгүй байсан. Гэвч хөтөлбөрт тусгасан зүйлсээс нэлээд анхаарал татах зүйл нь техникийн шинэчлэл, технологийн өргөтгөл. “УБТЗ” нийгэмлэг 2015 он хүртэл техникийн шинэчлэл төлөвлөж буйгаас нэн яаралтай буюу эхний ээлжинд хэрэгжүүлэх асуудлаа хөндөн ярилцжээ. Төмөр замын удирдлагуудын хэлснээр манай хөдлөх бүрэлдэхүүнүүд багагүй хуучирсан. Ялангуяа, вагон, зүтгүүр, зам үндсэндээ 25 жилээс илүү настай байгаа. Тиймээс нийгэмлэгийн дүрмийн санг Монголын та­лаас нэмэгдүүлж буй 125 сая ам.долларын хөрөнгөөр хөдлөх бүрэлдэхүүн ава­хаар төлөвлөжээ. Түүнч­лэн Монголбанкнаас олго­сон зээлийг ч зүтгүүр авахад зарцуулах гэнэ. Сүүлийн долоон жил ярьж, хэрэгжүүлсэн хөтөлбөр энэ онд бодит биеллээ олж “Хоёр Загал” хэмээх шинэ, хүч ихтэй зүтгүүрүүд хос хосоороо замд гарсан. Ерөнхий хорооны хурлаар хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг хянах дотоод байгууллагын шалгалтын дүнг хэлэлцсэнээс гадна 2012 оны үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийсэн нь ихээхэн анхаарал татаж буй юм. Түүнчлэн 2013 онд баримталсан үнэ, тарифын нөхцөл болон түүнд харгалзан ирэх жилийн үнэ тарифыг тодорхойлох, төлөв байдлыг тогтоох нь чухал асуудалд тооцогдоно.
Мөн цаашдын хөгжлийн хөтөлбөрийг эргэн харж, санал солилцсон байна. Хөтөлбөрийн талаар ЗТЯ-ны Төмөр зам, далайн захиргааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр танилцуулжээ. “УБТЗ”-ын шинэчлэлийн хөтөлбөр 2009 онд батлагдсан. Дотоод эдийн засгийн хөгжлийн гарцыг тодорхойлоход төмөр замын тээвэр зайлшгүй чухал учраас ийм бодлого боловсруулсан гэдэг. Мөн Ази Европыг холбосон хамгийн дөт зам учраас транзит тээвэр төдий хэмжээнд нэмэгдэх боломжтой аж. Тиймээс шинээр 5600 км шинэ төмөр зам барьж, үүний дагуу эхний ээлжийн 1800 км төмөр замын ажил энэ жил эхэлсэн. Шинэ төмөр замыг барьснаар ОХУ руу нэг, БНХАУ руу дөрвөн гарц шинээр нээнэ. Эдгээр гарцаар уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж далайн боомтод хүргээд бусад орон руу экспортлох тээвэр Логистикийн төвийг байгуулахаар зорьжээ. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадал эхний ээлжинд 45 сая тоннд хүрэх бол цаашид хос замтай болж 100 сая тонноос илүү тээвэр хийх хэтийн зорилготой. Мөн салбарын хөгжлийн хүрээнд Г.Сэрээнэндорж дарга “Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг тууштай дэмжиж, оруулах хувь нэмрээ өсгөж, нийгмийн хариуцлагаа мөрөн дээрээ авч, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө зүтгэнэ. Төмөр замын тээвэр хурдан шуурхай, зорчигчдод ая тухтай байхыг бид ирэх жилээс хэрэгжүүлнэ. Үйлчилгээгээ сайжруулна. Тосч үйлчилнэ” гэж байлаа.
Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан