Германд жил болгон зохиогддог бавгар ба живэр сахалтнуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний үеэр оролцогчдыг сахлаа хэр донжтой засч, янзалсан байдлаар үнэлэн шалгаруулдаг. Германы Лайнфельден-Эхтердинген хотод болсон энэ оны аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 20 орны 300 эрэгтэй, 13 эмэгтэй оролцжээ. Олон жилийн түүхтэй тэмцээний түүхэнд анх удаагаа шүүгч нар гарцаагүй ялгарсан ганц ялагчийг тодруулж чадаагүй гэдгээрээ энэ жилийн тэмцээн онцлог болжээ.
Рок хөгжимчин Берк Кенни нь "Бавгар сахал болгож донжилсон живэр сахал" номинацийн нэг ялагч болжээ. Ингэснээр Кенни нь энэ тэмцээнд гурав дахь удаагаа ялж байгаа юм.
Германы Карл Хайнц Хилле нь "Эзэнт гүрний үеийн бавгар сахал" номинацид ялжээ.
Америкийн Сиэтлээс ирсэн Кэйт Убрич "Чөлөөт стилиэр янзалсан живэр сахал" номинацид ялжээ. Убрич нь дунд сургуулийн долдугаар ангиасаа сахал тавьсан хүн юм байна.
Германы Вили Шевалье "Бавгар сахал ба хялгас" номинацид шилдгээр тодорчээ.
Уралдаанд дэлхийн 20 орын төлөөлөгчид оролцсон ч нийт дүнгээрээ германчууд ба америкчууд хол тасархай байжээ.
Арне Белефельд "Чөлөөт стилиэр зассан урт бавгар сахал" номинацид ялсан байна. Үүнээс гадна бавгар сахалтнууд "Гарибальди", "Испани", "Шадар цэргийн бавгар сахал" гэсэн номинациудад өрсөлдөсөн аж.
Өвөрмөц байдлаар зассан живэр сахлаараа Америктаа алдартай Майкл Жонсон нь харин энэ удаагийн тэмцээнээс шагнал авч чадаагүй гэнэ.
Америкийн "тамирчин" Эрик Янссон.
Британийн "тамирчин" Фрейзер Копен.
Германы "тамирчин" Герхард Кнапп.
Австрийн "тамирчин" Норберт Топф.