“Евро, Азийн тээвэр-Бүс нутгийн оролцоо” сэдэвт Олон улсын бага хурал Төрийн ордонд боллоо. УИХ-ын дарга З.Энхболд бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс нь өргөн уудам газар нутагтай, Евро-Азийг холбосон хамгийн дөт төмөр замын болон авто замын сүлжээг байгуулах өргөн бололцоотой, улстөрийн хувьд харьцангуй тогтвортой зэрэг хүчин зүйлс нь транзит тээвэр хөгжүүлэх нэн зохимжтой гэдгийг харуулж байна. Бага хурлын үр дүнгээс гарах санал дүгнэлт нь цаашид бүс нутгийн дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлэх, Европ Азийг холбосон сүлжээ байгуулах ажилд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Монгол Улсын тээврийн талаархи төрийн бодлого, түүний хэрэгжилтийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавив. Монгол Улсын 2012 оны тээврийн статистикийг 2000 оныхтой харьцуулахад ачаа эргэлт тав дахин, зорчигч тээвэр 3.4 дахин өсчээ. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 718.7 сая зорчигч тээврийн үйлчилгээ авч, 53.3 сая тонн ачаа тээвэрлэсэн байна.
Манай улс олон улсын тээврийн 18 гэрээ конвенци, есөн протоколд нэгдсэн. Манай улс далайд гарцгүй, хоёрхон хөрш оронтойн хувьд агаарын тээвэр болон далайн тээвэр чухал ач холбогдолтойд тооцогддог. Энэ талаар олон улсын далайн болон агаарын тээврийн гэрээ конвенцид Монгол Улс хэдийнэ нэгдэж, өдгөө далайд гэхэд л Монгол Улсын далбаатай хэд хэдэн хөлөг онгоц зорчдог. Монгол Улсын нийт төмөр замын урт 1815 км бөгөөд ачаа эргэлтийн 90 хувь, зорчигч тээврийн 40 хувийг төмөр замаар тээвэрлэдэг байна. Одоогийн байдлаар 2008-2020 оны мастер төлөвлөгөө, 2008-2016 оны автозамын салбарыг хөгжүүлэх үндэсний хөгжлийн цогц бодлого, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтын дагуу тээврийн салбарыг хөгжүүлж буй юм. Цаашдаа төмөр замын тээвэр, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тээврийн салбарын бүс нутаг дахь сүлжээ чухал үүрэгтэй аж.
“Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов хурлын төлөөлөгчдөд хандан үг хэллээ. Тэрээр, юуны өмнө УБТЗ-ын өнөөгийн үйл ажиллагааны талаар болон “РЖД” НХН-т итгэмжлэгдсэн удирдлага шилжсэн цагаас эхлэн юу хийж амжуулаад байгаа талаар хэдэн үг хэлэхийг хүсч байна гээд, итгэмжлэгдсэн удирдлага шилжиж байх тэр үед “УБТЗ” ХНН-ийн үндсэн үйлдвэрлэлийн сангуудын техникийн байдал нь замын тээх, нэвтрүүлэх чадварт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хүлээгдэж буй тээврийн хэмжээ түүний дотор дамжин өнгөрөх ачааны урсгалыг хүлээн авахад саад тотгор болж байсан тухай дурдлаа.
Мөн тэрээр “2012 онд ачаа тээврийн хэмжээ түүхэн дээд төвшиндөө хүрч 20,4 сая тонн боллоо. Гэхдээ УБТЗ-р тээвэрлэж байгаа дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 1,5 сая.тонн байгаа нь үлэмж бага тоо юм. “УБТЗ” ХНН-ийн ажлын эерэг үр дүнгийн зэрэгцээ өнөө хүртэл шийдэгдээгүй байгаа тарифын индексжүүлэлтийн асуудлаас болж сөрөг нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.
УИХ-ын даргын захирамжаар 2013 оны долдугаар сард байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд авто тээвэр, агаарын тээвэр, авто зам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн сүлжээ, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын сүлжээ, нефть, хийн хоолойн сүлжээ, логистик сүлжээний судалгаа хийхээс гадна “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” Эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Олон улсын стратеги судлалын хүрээлэн, Их Британийн Кембриджийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн болон бусад холбоод, ТББ-уудтай хамтран “Монгол Улсын тээврийн логистик: өнөөгийн байдал, цаашдын хөгжил” Онол, практикийн бага хурал зохион байгуулсан юм.