УБЦТС ХК нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд нийслэлийн бүх дүүрэг, Төв аймгийн 16 сумын нийт 242000 хэрэглэгч цахилгаан эрчим хүчийг түгээх, зохицуулалттай хангах үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэгтэй төрийн өмчит хувьцаат компани юм.
Цахилгаан эрчим хүчийг найдвартай, тасралтгүй түгээх үндсэн үүргээ биелүүлэхээс гадна техникийн тасралт саатлыг устгаж, ирсэн дуудлага, санал гомдлыг барагдуулан ажилладаг байгууллагын хувьд хэрэглэгчийн хүсэлтээр олон төрлийн нэмэлт үйлчилгээг үзүүлэх шаардлага бидэнд тулгарч байдаг. Тиймээс хэрэглэгчийн хүссэн нэмэлт үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх, өдөр тутмын үйл ажиллагаагаа алдагдалгүй хэвийн явуулах үүднээс холбогдох дүрэм, журмыг баримтлан ажиллаж байна. Тухайлбал Эрчим хүчний зохицуулах газар /хуучнаар/-ын Зохицуулагчдын зөвлөлийн 2002 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “УБЦТС ТӨХК – ХЭРЭГЛЭГЧ ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ”-ийн 3.13 дахь заалт: Хангагч нь хэрэглэгчийн хүсэлтээр төлбөртэй үйлчилгээг үзүүлж болно. Үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг компанийн гүйцэтгэх захирал батална гэсний дагуу нэмэлтээр үзүүлэх үйлчилгээнд зарцуулах ажлын материал хөдөлмөр, цалин хөлс гэх мэт нэмүү өртөгийг тооцож, нэр төрлөөр нь ангилан тариф тогтоон тушаалаар баталсан. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч нэмэлт үйлчилгээ авахыг хүссэн тохиолдолд УБЦТС ТӨХК тодорхой тогтсон үнээр тэр үйлчилгээг нь хүргэх боломжтой л гэсэн үг.
Нэмэлт үйлчилгээг бид Эрчим хүчний яамнаас олгосон “Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх /0.4 – 35 кВ/”, “Цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах /35 кВ хүртэл/”, Стандартчилал хэмжил зүйн газраас олгосон “Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур гүйдлийн трансформатор засварлах, суурлилуулах, худалдах” гэсэн тусгай зөвшөөрлүүдийн дагуу хэрэглэгчдэд үзүү лэх эрхтэй. Тиймээс гүйцэтгэх захирлын 2011 оны 159, 2008 оны 166 тоот тушаалаар хангах, түгээх болон тоолуурын лабораторын чиглэлээр гаргасан 386 нэр төрлийн нэмэлт үйлчилгээг үнэ төлбөртэй нь баталж гаргасан. Эдгээр үйлчилгээний 336 нэр төрөл нь чөлөөт зах зээлийн тарифд тулгуурлан явуулахаар байгаа. Жишээ нь: Техникийн нөхцөл авсан хэрэглэгч нөхцөлд заагдсан шугам тоноглолын угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий компаниар хийлгэх шаардлагатай байдаг. Монгол Улсад 1000 шахам компани энэ ажлыг гүйцэтгэдэг. Зураг төсөв зохиодог 50 орчим компани байгаа. Манайх ч мөн тэдэнтэй адил хэрэглэгч хүсвэл энэ үйлчилгээг батлагдсан тарифын дагуу үзүүлж болох жишээтэй. Гэхдээ бид хэзээ ч хэрэглэгчдэд энэ үйлчилгээнүүдийг заавал ав гэж тулгадаггүй. Олон хэрэглэгч манайхаас нэмэлт үйлчилгээ авдаг ч түүнээс олон хэрэглэгч эрчим хүчний зах зээлд өрсөлдөж байгаа компаниудаас сонголтоо хийж л байгаа шүү дээ. Үлдсэн 52 нэр төрлийн үйлчилгээний хувьд Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагчдын зөвлөлийн хурлаар баталсан дүрмээр тариф нь баталгаажсан бөгөөд зөвхөн цахилгаанаар хангагч байгууллагаас буюу УБЦТС ТӨХК-иас хэрэглэгчдэд үзүүлэх боломжтой ажил юм. Харин энэхүү 52 нэр төрлийн төлбөрт үйлчилгээний нэрийг оновчтой тогтоох, мөрдөж буй тарифын зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Компанийн тухай товч танилцуулга
УБЦТС ТӨХК нь Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний худалдан авсан цахилгаан эрчим хүчний 50 хувийг түгээж, борлуулалтын 46 хувийг хийж гүйцэтгэдэг, эрчим хүчний салбарын ууган компаниудын нэг юм.
Эзэмшдэг тусгай зөвшөөрлүүд:
1. Цахилгаан эрчим хүч түгээх
2. Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
3. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх /0.4 – 35 кВ/
4. Цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах /35 кВ хүртэл/
5. Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур гүйдлийн трансформатор засварлах, суурлилуулах, худалдах
6. 35/10/6/0.4 кВ-ын хүчдэлийн хуваарилах байгууламж, дэд станц, шугам тоноглолын ашиглалтын засвар үйлчилгээний ИТА, монтёруудын мэргэжил олгох, дээшлүүлэх давтан сургалт
Ажил үйлчилгээний хүрээ:
-Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай зэрэг найман дүүрэг,
-Төв аймгийн Зуунмод, Батсүмбэр, Баянчандмань, Баянцогт, Баянхангай, Аргалант, Лүн, Алтанбулаг, Сэргэлэн, Баянцагаан, Баянжаргалан, Баян, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Баян-Өнжүүл зэрэг 16 сум.
• Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд:
Хангах үйл ажиллагааны хүрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас худалдан авсан цахилгаан эрчим хүчийг борлуулах, бичилт хийх, орлого төвлөрүүлэх чиглэлээр хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр дамжуулан хэрэглэгчдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэгтэй. Цахилгаан эрчим хүчний борлуулалтын бичилт хийх, орлого цуглуулах ажлыг орчин үеийн хэмжүүр, багаж хэрэгсэл ашиглан төлбөр төлөлтийн олон хэлбэрт системтэй уялдуулан хөгжүүлж байна.
Улаанбаатар хотын хэрэглэгчдийн тоо жил бүр дунджаар 20 хувиар өсөн нэмэгдэж байгаа ч бид сүүлийн гурван жил дараалан цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг 101,0-102,6 хувиар биелүүлж, алдагдлыг хамгийн их байсан 2004 оноос эхлэн 30.6-18.4 хувь болтол бууруулаад байна. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлсэн билээ.
Холбогдох ажил үүрэг:
-Хэрэглэгчидтэй гэрээ байгуулах, шинээр холбох
-Цахилгаан эрчим хүчний тооцоо хийж, орлого цуглуулах
-Хэрэглэгчдэд 380 В хүртэлх төвшинд техникийн үйлчилгээ үзүүлэх
-Мөнгөн тооцооны болон баланс хяналтын тоолуур, хэмжих хэрэгслийн засвар үйлчилгээ, тохируулга, програмчлал, баталгаажуулалт хийх
-Хэрэглэгчтэй харилцах харилцааны менежментийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн сайжруулах
Техник, технологийн шинэчлэлт
-Хэрэглэгчид интернэт, гар утас, АТМ, биллинг ашиглаж цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх шинэ хэлбэрийг нэвтрүүлсэн;
-Урьдчилсан төлбөрт тоолуурын шинэ үе болох “keypad” төрлийн тоолуурыг амжилттай туршиж байна. Дотроо ачаалал хязгаарлагчтай уг тоолуур нь нууц кодоор цэнэглэдгээрээ хэрэглээнд байгаа урьдчилсан төлбөрт тоолуураас давуу талтай;
-Интернэтийн сүлжээ ашиглан төв цэгээс удирдах, заалт авах, таслах, залгах боломжтой, гурван тарифт смарт тоолуурыг нэвтрүүлж, орон сууцны хэрэглэгчдэд суурилуулж эхэлсэн.
• Цахилгаан эрчим хүч түгээх тусгай зөвшөөрлийн хүрээнд:
Түгээх үйл ажиллагааны хүрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас цахилгаан эрчим хүчийг 35 кВ, түүнээс доош хүчдэлд шилжүүлэн авч өөрийн эзэмшлийн шугам, дэд өртөөгөөр дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэдэг. Шугам тоноглолын ашиглалтын найдвартай байдлыг хангахаар Баруун, Зүүн, Өндөр хүчдэл, Налайх, Зуунмод түгээх төвүүд 24 цагийн туршид тасралтгүй ажиллаж байна. Түгээх сүлжээний ашиглалтад нийт 35 кВ-ын дэд станц 41 иж бүрдэл, агаарын шугам 902.3 км, 6-10 кВ-ын хуваарилах байгууламж 30 иж бүрдэл, 6-10 кВ-ын дэд станц 1522 иж бүрдэл, агаарын шугам 1463 км, 6-10 кВ-ын кабель шугам 495.2 км, 0.4 кВ-ын агаарын шугам 1829.5 км, 0.4 кВ-ын кабель шугам 495.2 км байна. Манай хамгийн алслагдсан хэрэглэгчид Улаанбаатар хотоос баруун урагш 145 километрийн зайд байрлах Төв аймгийн Баян-Өнжүүл сум, өмнө зүгт 180 километрт Төв аймгийн Баянцагаан суманд оршин суудаг.
Холбогдох ажил үүрэг:
-Хэрэглэгчдийн дуудлагыг хүлээн авч шуурхай барагдуулах
-Гэмтэл аваар саатлыг илрүүлэх, сэргээн засварлах
-Засвар үйлчилгээ хийх
-Шугам тоноглолын ашиглалтын төвшинг дээшлүүлэх
-Зураг төсөл боловсруулах
-Техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын өргөтгөл, шинэчлэлт хийх
-Шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх
Техник, технологийн шинэчлэлт:
•Евростандартын аюулгүй, найдвартай, засваргүй технологийг түгээх сүлжээнд нэвтрүүлсэн;
• Кабелийн гэмтэл тодорхойлогч, бүрэн автоматчлагдсан явуулын лабораториудыг нэвтрүүлсэн;
• АНУ-ын технологиор үйлдвэрлэгдсэн NV532B маркын газар доогуур сүвлэгч машиныг нэвтрүүлсэн;
• Реле хамгаалалт, хэмжилт туршилтын багаж төхөөрөмжүүд болох:
-Кабель, хатуу, шингэн диэлектрикийг хувьсах ба тогтмол өндөр хүчдэлээр туршигч зөөврийн төхөөрөмж АИД -70М аппарат;
- Анхдагч ба хоёрдогч гүйдэл, тогтмол хувьсах хүчдэлийн үүсгүүр LED-400-RDC төхөөрөмж;
-Гүйдэл хүчдэлийн вектор диаграм авагч, гүйдэл хэмжигч Вольтамперфазометр Парма Ваф-А;
-Реле шалгах төхөөрөмж РТ;
-Газардуулгын хүрээний эсэргүүцэл хэмжигч KEW-4106;
-Трансформаторын тос турших BAUR-DPA аппарат зэргийг нэвтрүүлсэн;
•Түгээх сүлжээний автоматжуулалтад мэдээлэл технологийн хөгжлийг ашиглан бодит үр дүнд хүрсэн ажлуудыг хийж байна.
Дуудлагын төвийн үйл ажиллагааны талаар:
Дуудлагын төв нь тасралт саатал, төлбөрийн мэдээлэл гэх мэт цахилгаан эрчим хүчний үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, лавлагаагаар хэрэглэгчдийг хангаж ажиллах үүрэгтэй. Хэрэглэгчидтэй 70047004 дугаарын утсаар болон 137004 мессеж дугаар, цахим сүлжээний callcenter@ubedn.mn, ubedn_sanal@yahoo.com, https://facebook.com/ubedn, https://twitter.com/ubedn1 хаягуудаар харьцаж ажилладаг.