Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Үнэхээр ч Б.Ууганбаатар гарын ур дүйгээ зөв ашиглаж, өөрийн ур ухааныг шингээсэн гутал урлан хэнээс ч ажлын байр гуйхгүйгээр амьдралаа залгуулж байна. Тэрээр 1989 онд Өвөрхангай аймагт төрсөн бөгөөд багадаа нүдээ гэмтээсэн тул ажлын байр олдохгүй хэцүүхэн байж. Иймээс хувиараа гутал хийж сурсан гэнэ. 2011 онд энэ мэргэжлийг эзэмшсэн бөгөөд өнөөг хүртэл гутал хийж амьдралаа залгуулж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй хамаатныхаа хоёр хүнийг болон аавыгаа сургаж өнөөдөр тэд гутал оёж нутагтаа сайхан амьдарч байна. Түүнийг “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд залуусын оролцоо” чуулга уулзалтад оролцохоор хотод ирээд байхад нь ярилцсан юм.
-Юуны өмнө хоёулаа яриагаа яагаад энэ мэргэжлийг эзэмших болсон талаар эхлүүлье. Одоо цагт залуу хүн тэр болгон өөр шиг чинь гутал оёж амьдралаа залгуулъя гэхгүй л болов уу?
-Би Өвөрхангай аймгийн хоёрдугаар арван жилийг төгсөөд хотод ирж “Газарчин” дээд сургуулийг уул уурхайн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилд орох гэтэл нүдний гэмтлээс шалтгаалж, ажилд авахгүй байсан. Иймээс би гэдэг хүн энэ мэргэжлээрээ ажиллахад тэнцэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Оюутан байхдаа нэг гутал хийдэг хүний туслахаар нь ажилладаг байлаа. Тэгээд амьдрах, өөрийгөө тэжээхийн тулд гутал хийж эхэлсэн. Хүний сурсан юм гэдэг хэзээ ч алга болохгүй. Түүнийг нь хэн ч булааж чадахгүй. Өнөөдөр магадгүй би мэргэжлээрээ ажиллаж байсан бол мэдлэг, чадвар дутуу гэдэг ч юм уу эсвэл эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, ажлын байраа бусдад алдахыг ч үгүйсгэхгүй. Иймээс хаана ч сурсан зүйлээ хийгээд явж байхад надад хэн ч саад болохгүй. Замыг минь хаахгүй. Гол нь хийж байгаа ажлаа сэтгэлээсээ, чанартай хийх хэрэгтэй.
-Хувиараа бизнес эрхлэхэд борлуулалтын асуудал хүнд байдаг. Өөрийн тань хувьд борлуулалтаа хэрхэн хийж байна вэ. Захиалга хэр байдаг юм бэ?
-Одоогоор зах худалдааны төв дээр хийсэн гутлаа зараад сүйд болсон юм байхгүй. Тэр хавийнхан маань намайг гутал оёдог гэдгийг мэддэг болохоор захиалга өгөөд оёж байгаа. Долоо хоногт ойролцоогоор арван захиалга авдаг. Одоо арваннэгдүгээр сар ид ажлын үе байдаг юм. Ажлын байраа өргөжүүлчих юм бол зах дээр лангуу аваад гутлаа зарах санаа байна. Хүмүүс их сонирхдог юм. Үнийн хувьд ч боломжийн гэдэг шүү.
-Гар аргаар урласан гээд монголд үйлдвэрлэсэн гутал үнэтэй байдаг. Өөрийн тань хувьд оёсон гутлаа хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ?
-Орж байгаа материалаас нь хамаараад 140 мянган төгрөгөөс эхэлж үнэлдэг. Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг Улаанбаатараас авдаг. Мөн хонины нэхий, адууны арьс зэргээр гутлаа хийдэг. Миний оёж байгаа гуталнууд гол нь Хятад бараа шиг хэврэг биш. Нэг гутлыг хоёроос гурван жил өмсчихдөг. Дээр нь монголынхоо арьс, нэхийгээр хийж байгаа болохоор чанартай, эрүүл мэндэд ч хоргүй.
-Орон нутагт залуучууд ахуйн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна уу. Аль чиглэлээр түлхүү ажилладаг юм бэ. Ер нь, залуу хүн энэ салбарт ажиллахад ямар бэрхшээлтэй тулгарч байна?
-Байгаа. Залуучууд нь ихэвчлэн авто засвар, гагнуур, дугуй засварын чиглэлээр ажилладаг. Найзуудаараа нийлээд засварын газар ажиллуулдаг залуучууд ч бий. Харин эмэгтэйчүүдийн хувьд үсчин, гоо сайхны газар ажиллуулдаг. Миний хувьд өнөөдөр ажлын байр л хүндрэлтэй байгаа. Гутлаа гэртээ хийдэг болохоор үс, тоос их, цавууны үнэр гээд хэцүү. Тиймээс эхний ээлжинд ажлын байрны нөхцөлөө л сайжруулахыг хичээж байна.
-Ер нь ажлын байраа сайжруулах, үйлдвэрлэлээ өргөжүүлэх талаар зээл хөөцөлдөж үзэв үү?
-Аймгийнхаа Хөдөлмөрийн хэлтэст ажлын байрны орчноо сайжруулах талаар тавдугаар сард төсөл бичээд явуулсан. Одоогоор хариу ирээгүй л байна. Очоод асуухаар санхүүжилт орж ирээгүй гэдэг. Гэхдээ одоо хариу өглөө ч өвөл байшин барина гэж юу байх вэ. Хэрэв зээл маань бүтчих юм бол ирэх хавраас л барих байх даа. Гэхдээ таван сая төгрөгийн зээл авах гэж л бөөн юм болно. Хашаанд гэрт амьдардаг болохоор барьцаа хөрөнгө гээд байх юм байхгүй. Гэтэл зээл авахын тулд заавал барьцаа хөрөнгө шаардлагатай гэдэг. Банкны шалгуурыг давах хэрэг гардаг. Залуу хүмүүс болохоор үл хөдлөх хөрөнгө гэх юм байхгүй. сурсан мэдсэнээ л ашиглаж хөдөлмөр хийж мөнгө олох санаа байдаг. Уг нь зээл аваад үйлдвэрлэлээ өргөжүүлэх юм бол олох ашиг орлого ч нэмэгдэнэ шүү дээ. Гэтэл орон нутгийн бидэнд тийм боломж алга.
-Өнөө цагт залуучууд заавал их дээд сургуульд сурна гэдэг болж. Гэтэл төгсөөд ажлын байргүй олон хүн байна. Тэдэнд хандаж юу хэлмээр байна?
-Нэг юм хийгээд сурна гэдэг насныхаа хоолыг бэлдчихлээ л гэсэн үг. Аав, ээжүүд эд хөрөнгө өвлүүлэхээс илүүтэй үр хүүхдэдээ юм зааж сургаж байгаасай гэж би хүсдэг. Эд хөрөнгийг бол үрээд, зарж идээд дуусна. Харин сурсан зүйлээ хийгээд явахад хоолоо олоод иднэ. Их сургуульд сурч байна гээд аав, ээжийнхээ мөнгийг үрэн таран хийж сурсан ч юм байхгүй төгсөөд, эргээд тэднээрээ тэжээлгэж байгаа олон залуу бий. Тэгвэл одоо бид ээж аавыгаа тэжээж ачийг нь хариулах цаг болсон. Ядаж тэжээдэггүй юм аа гэхэд өөрийнхөө хоолыг өөрөө олж идэх хэрэгтэй. Аав маань хэдийгээр нас өндөр гарсан ч миний ажилд одоо ч тусалсаар байгаа.