Сүүлийн үед тусгай албад нэр алдартай улстөрчөөс эхлээд жирийн иргэн хүртэл хэдэн зуун сая хүний утсыг өдөр болгон сонсдог байсан нь илэрч ихээхэн дуулиан тариад байгаа. Гэхдээ зөвхөн тусгай албад хүний утсыг нууцаар чагнадаг гэвэл том төөрөгдөл болно. Бизнесийн өрсөлдөгчдөөс эхлээд хартай эхнэр хүртэл хэн ч нууцаар чагнаж болно. Иймд гар утасны чинь яриаг нууцаар чагнаж байгаа гэдгийг яаж мэдэх вэ гэдэг чухал асуудал болж хувирлаа.
Утас ухаалаг болохын хэрээр гар утсанд суулган яриа, мессеж зэргийг нууцаар чагнадаг олон янзын тусгай программ бий болжээ. Ийм программыг алсаас суулгаж болдог бөгөөд утсанд суусны дараагаар утасны яриа, SMS-ийг хуулбарлаад өөрт нь суулгаж өгсөн дугаар руу илгээдэг. Мөн утасны бүртгэлд байгаа дугаарыг хуулж явуулах, утасны байгаа байрлалын талаарх мэдээллийг явуулахаас гадна утсаар яриагүй байсан ч эргэн тойронд болж байгаа яриаг чагнах боломж олгодог.
Ийм хулгайч программ утсанд суусан байж болзошгүйг илтгэдэг хэд хэдэн шинж тэмдэг байдаг аж.
1.Утасны зай хэт хурдан суух
Утасны зай хэт хурдан суух нь нууц программ суулгасны шинж тэмдэг байж болно. Мөн утасны зай байнга халуун байдаг мөн л таагүй шинж тэмдэг. Гэхдээ утсанд өөрт нь асуудал байгаагаас ийм зүйл үүссэн байж болох талтай тул ямар нэгэн программ нууцаар суулгасан байгаа эсэхийг мэргэжлийн хүмүүсээр шалгуулж үзэхэд илүүдэхгүй.
2.Утасны ажиллагаанд доголдол үүсэх
Утсыг унтраахад хэт удах, өөрөө гэнэт рестарт хийх, товчлуур дараагүй байхад дэлгэцний гэрэлтүүлэг гэнэт асах зэрэг нь мөн л нууц программ байгаагийн шинж тэмдэг байж болно.
3.Хөндлөнгийн дуу чимээ
Утсыг нууцаар чагнаж байгаа тохиолдолд хүн ярьж байхад хөндлөнгийн дуу чимээ, бүр огт өөр хүний яриа, шуугиан орж ирж сонсогддог.
4.Бусад төхөөрөмжинд үзүүлэх нөлөө
Чанга яригч, зурагтын хажууд тавьсан утсанд гаднаас дуудлага ирэх үед өвөрмөц дуу гардаг гэдгийг та мэдэж байгаа. Гэтэл гаднаас дуудлага ирээгүй, таныг яриагүй үед ингэж дуу гараад байвал нөгөө нууц программ чинь мэдээлэл дамжуулдаг нууц дугаар руугаа залгаад эхэлсний шинж тэмдэг байж болно.
5.Холбогдох гэж удах
Хүн рүү залгахаар холбогдох гэж их уддаг болсон, салгахад мөн л тасрахгүй уддаг болсон бол нууцаар чагнаж байгаагийн бас нэг шинж тэмдэг байж болно. Нууц программ асаад хүний яриаг чагнаж эхлэх хүртэл тодорхой хугацаа шаардлагатай байдаг болохоор ингэж уддаг.