Монголчууд өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох гэж олон жил ярьж байгаа. Тэгвэл энэ мөрөөдөл биеллээ олох гэж дуншиж байна. Өөрөөр хэлбэл Дарханд жилд хоёр сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихаар болсон. Эл үйлдвэрийн зураг төслийг Японы “Тоёо инженерниг” компани хийж байгаа бөгөөд ирэх сарын сүүлчээр бэлэн болох ажээ. Одоо Японы талтай үйлдвэрээ босгох хөрөнгийн зээл авах хэлэлцээр хийх юм.
Үүнээс гадна шатахууны нөөц хүрэлцээтэй эсэх талаар тодруулахад өчигдрийн байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 32 хоногийн нөөц байна. Тухайлбал, А-80 бензин 29, АИ-92 бензин 38, дизелийн түлш 32 хоногийн нөөцтэй аж. Монголбанкнаас шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлтэй зээл олгосон. Уг хөтөлбөрт 13 компани хамрагдан жилийн 3.8-4 хувийн хүүтэй гадаад валютын хөнгөлөлттэй зээл авчээ. Дээрх зээлээс “Жаст” компани 18 тэрбум төгрөг авсан. Гэвч үүнийхээ 12 орчим тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон аж. Иймд Монголбанк энэ мөнгөө татан дахиж дээрх зээлд хамруулаагүй байна. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Жаст компани өөр эзэнтэй болсон. Менежмент нь тогтворжоод ирэхээр шатахуун импортлогчдод олгодог хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулна” гэсэн билээ.