Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Журмаараа л байна шүү

ШУТИС-ийн хонгилд хүн хүлээнгээ хэсэгхэн саатаж, хажуугаар зөрөх оютунуудын яриаг сонслоо. Ихэнхи нь үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийн тухай ярих аж. “70 мянга хэзээ бууна гэж байна. Сонссон юм байна уу”, “Энэ жил нэмнэ гэсэн биз дээ” гээд л оюутнууд сонссон дуулснаа баталгаажуулах гэсэн мэт өөр хоорондоо ярилцана. Их, дээд сургуулийн баклаврын болон магистр, докторын өдрийн ангийн суралцагчдад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлгийг өн­гөр­сөн оны нэг­дүгээр сарын 1-нээс оюут­нуу­дад олгож байгаа. Үүнд зориулан одоо­гийн байд­лаар 106 тэрбум төг­рөгийг үндэс­ний болон урам­шууллын тэт­гэл­гийг дав­хард­сан тоогоор 165 мянган оюутанд олгоод байна. 

Гэтэл тэтгэлэг олгох журамдаа Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна. Урамшууллын тэтгэлгийг су­рал­цагчийн сурлагын ам­жилтыг үндэслэн олгоно гээд заа­чихсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 190 мянган төгрөг болгоод удаагүй энэ үед оюутнууд тэтгэлгээ нэмүүлнэ гэх нь зөв. Гэхдээ ажиллаж, хөдөлмөр эрхлээгүй учраас анхнаасаа сургалтын тэтгэлэийг хөдөл­мөрийн хөлстэй уялдуулах шаардлагагүй мэт. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн учир тэтгэлгийн хэмжээг үүнтэй уялдуулан нэмэх учиртай ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахгүй байх тал дээр ажиллаж, одоо байгаагаар нь буюу 70200 төгрөгөөр тогтоох бодолтой бай­гаа аж. Энэ жилийн хувьд тэтгэлгийн хэмжээг нэмэхгүй гэдгийг БШУ-ы сайд Л.Гантөмөр ч мэдэгдсэн. “Тэтгэлгийг бүрдүүлэх сан­хүүжилт хүндрэлтэй бай­гаа учраас Сангийн яамнаас нэмэхээс татгалзсан. Бид хүсэлтээ хүргүүлсэн” хэмээн ярьж байсан юм.

Мэдээж, зүгээр мөнгө өг­нө гэдэг буруу. Энэ нь, та нар юу ч битгий хий, би мөнгө өгье гэх нь нийгмийг ядуур­лууж, ажилгүйдлийн тоог нэмэгдүүлж, бэлэнчлэх сэтгэлгээг нь улам бүр өөгшүүлж буй хэрэг. Гэхдээ тэтгэлгийн мөнгийг зөв зохистой ашиглаж, зарцуулж буй оюутнууд бий. Хичээл номныхоо хэрэгцээг хангахад ихээхэн нэмэр болж, эцэг эхээсээ авах татаасаа багас­гахад тустай байгааг ч ярьж байсан.

Гэхдээ үндэс­ний, урам­шуул­лын гээд яри­хаар нэг их мөнгө зүгээр өгөх гэж байгаа мэт хүмүүс төсөөл­дөг. Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу 70200 төгрөг, харин урамшууллынх нь улирал дараалан голч дүн сайтай суралцвал сар бүр урамшууллын мөнгө дансанд нь нэмж ордог. Энэ урамшуулал нь сургалтын амжилтаасаа хамаараад да­­раа­­гийн сардаа өмнөх сарын­хаасаа илүү ихээр нэмэгдэх учиртай. Тийм болохоор урамшууллын тэт­гэ­лэг эзэндээ зөв хүрч байна гэсэн үг.

Хичээлийн жил эхлээд даруй хоёр сарын хугацаа өнгөрөөд байхад оюутнууд тэтгэлгээ хүлээсээр. Яагаад удааширсан талаар Төрийн сангаас лавлахад “Шинэ оюутнуудын бүртгэлийг Боловсролын үнэлгээний төв хийж байгаа. Бүртгэл ирэхээр данс руу нь тэтгэлгийг нь шилжүүлнэ. Арванхоёрдугаар сарын сүүлээр л орох байх” гэлээ. Гэхдээ журамдаа бол “Комисс нь тэтгэлэг авах суралцагчийн мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор Сургалтын төрийн санд хүргүүлнэ” гэсэн байдаг. Гэтэл одоо хүртэл бүртгэл явуулсаар л байна.
Үндэсний тэтгэлгийг оюутнуудад олгох болсноор тэднийг архидан согтуурах нөхцөл боломжийг нь бүрдүүлж байна хэмээн дургүйцэж буй хэсэг байхад ирээдүйн боловсон хүчнийхээ боловсролд анхааран ол­гож байгаа нь сайн хэрэг хэмээн үзэж талцсан. Ингэж гэдсэндээ хөлөө жийлцэх цаг нэгэнт өнгөрсөн мэт. Оюутнууд гуйгаагүй байхад өгнө гэж дүрэм журам баталчихаад... Оюутнуудын сэтгэл санаа цаашлаад хоосон ходоодоор нь тоглох эрх хэнд ч баймааргүйсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан