Монголд газар үнэтэй байна. Хотын хойд хэсэг Дарь-Эхэд л гэхэд гэр хороолол дунд 0.07 га хашаа байшинтайгаа нийлээд 70 сая хүрчээ. Тэндээс арай наана, 1208 ам.метр хашааг 72 ам метр талбай бүхий тоосгон байшинтай нь хамт 185 саяар үнэлсэн байна. Тэндээс улам наашлахад 300 ам.метр талбайтай уулын энгэр дэх хоосон хашаа 30 сая гэж байх юм. Харин хотын төвд шахам 360 ам метр талбайтай газар 570 мянган ам.доллараар үнэлэгджээ.
Эртнээс ашигтай, үнэ цэнэтэй байсан газрын наймаа одоо ч саараагүй, их бүтээн байгуулалт өрнөж буй өнөөгийн Монголд улам ч цэцэглэж, зарим талаараа замбараагаа алдсан мэт санагдана.
Үнэндээ газартай хүн баян бөгөөд ирээдүйдээ сэтгэл төвдөхгүй нэгэн насыг элээх боломжтой.
Газрыг хэсэгчлэн худалдаж болно, тариалан эрхэлж жил бүр ашиг олно эсвэл барилга байгууламж босгоход ч ашиг өгнө. Гэтэл наймаалцах ханш өндөр, ашиг тус их байгаа газрын гэрчилгээгээ банкинд бариад очиход ханш нь навс унах. Иргэд зээл хөөцөлдөөд бүтдэггүйгээс энэ бүхэн илт харагдана. Арилжааны банкууд иргэн, аж ахуйн нэгжид газар, хашаа байшин барьцаалсан зээлээ хагасаар, хагасын хагасаар тооцож олгохыг хичээнэ. Саяхан нэг ах маань хашаандаа шинэ байшин барих санаатай 25 сая төгрөгийн зээл хөөцөлдөөд аргаа баржээ. Түүнийг хамгийн дээд тал нь 10 сая төгрөгийн зээл авахыг санал болгож. Гэхдээ цаад хугацаа нь дөрвөн жил. Үлдсэн 15 сая төгрөгөө ямар нэг эх үүсвэрээс олох, дөрвөн жилийн дотор өндөр хүүтэй зээл төлнө гэдэг ахын маань хувьд бэрх даваа. Товчхондоо, банкууд зээлдэгч иргэдэд эрсдэлтэй сонголт бий болгож буй юм. Харин зээлдүүлэгч буюу банкны хувьд энэ нь үл хөдлөх хөрөнгийг богино хугацаанд, боловсон аргаар өөрийн болгох боломж, хялбар “дээрэм” юм.
Яагаад банк ийм шахаанд оруулдаг талаар эдийн засагчдаас тодруулж үзлээ. Хувийн хэвшил зээлийн эрсдэлийг өөрөө хариуцдаг учраас хэнд мөнгө өгөх, зээл олгохоо өөрсдөө шийднэ. Хэн ч түүний хөрөнгийг хөндлөнгөөс удирдаж, зохицуулах боломжгүй. Түүнийг гагцхүү барьцаа хөрөнгө болон зээлийн нөхцөл л мэддэг гэнэ. Ер нь, аливаа барьцаа хөрөнгийн үндсэн үнийн дүнгийн талаас илүү хэмжээтэй тэнцэх зээл гаргахгүй гэсэн бичигдээгүй хууль байдаг аж. Эс бөгөөс тухайн зээлдэгч ямар нэг асуудал үүсэхэд их эрсдэл хүлээж, дампуурах магадлалтай гэнэ. Энэ тайлбараас үзвэл банкны шалгуурын өмнө үнэгүйдчихдэг газрын үнэ цэнийг нэмэх боломж хомс бололтой.
Орон сууц уу, гэр хороолол уу
Хотын газар нутгийн 70 шахам хувийг бүрхсэн гэр хорооллыг цэгцлэх ажил дээр, дооргүй өрнөж байна. Түүнийг цогцоор нь гэр хорооллын дахин төлөвлөлт гэж нийслэлийн удирдлагууд нэрлэжээ. Энэ нь, орон сууц барих эсвэл шинэ үеийн амины орон сууцны хороолол бий болгох гэсэн хоёр сонголттой бөгөөд оршин суугчид тухайн газрыг ямар болгохыг өөрсдөө шийднэ. Дэд бүтцэд холбогдсон амины сууцыг товчоор таун хаус гэж нэрлэжээ. Гэвч нийслэлчүүд орон сууц буюу нийтийн сууцыг түлхүү сонгож буй нь дараахь шалтгаантай. Монголбанкнаас жилийн найман хувийн хүүтэй зээл болох ипотекийн тогтолцоог хэрэгжүүлж эхлэв. Хөтөлбөрийн хүрээнд орон сууцыг маш их сурталчилсан. Түүнээс өмнө ч иргэдэд орон сууцтай болох хүсэл маш их байв. Учир нь, байшингаа өргөтгөж, байгаагаа сайжруулж, орон сууцны дайтай хаус болгоё гэхээр үл хөдлөх хөрөнгийг нь банкууд тоодоггүй, зээл олгодоггүй хүндрэлтэй. Тийм ч учраас одоо л нэг орон сууц руу нүүх боломж гэсэн шиг иргэд нийтийн орон сууц руу хошуурсаар. Нөгөөтэйгүүр орон сууцны өмнө газар, хашаа байшин гэх хөрөнгө үнэгүйдэж буйг дурдах нь зөв.
Бүрэн дуусч, ашиглалтад хүлээн аваагүй орон сууцыг ипотекийн зээлээр авахад барьцаа шаардаж буй. Гэтэл гэр хорооллын иргэдэд амьдарч буй хашаанаас нь өөр барьцаалах хөрөнгө үгүй. Түүнийг нь банкууд тоодоггүй. Энэ талаар учир мэдэх хүмүүст дуулгаж, болохгүй байгаа шалтгааныг тодруулав. Улсын комисс хүлээж авсан орон сууцанд л зээл олгоно гэх журамтай. Хэрэв дуусаагүй бол өөр орон сууц барьцаалж болно гэсэн. Хашаа байшин барьцаалъя гэж байгаа иргэд заавал дуусаагүй орон сууцанд зээл авч эрсдэл хүлээхийн оронд ашиглалтад орчихсон өөр орон сууц сонгохыг зөвлөе. Цаашид олон мянган орон сууц ашиглалтад орно шүү дээ хэмээлээ. Нөхцөл байдлаас үзвэл орон сууцны өмнө газар, хашаа байшин мөн л “сөхөрч” үнэгүйджээ.
Газрын эзэн байх нь ашигтай. Ялангуяа орон сууцнаас ялгаагүй дэд бүтэц, халуун ус, дулаантай холбогдчихсон байхад орон сууцны эрэлт огцом буурна. Нэгэн хэвийн, нийтийн орон сууцнаас сонголт хийж, умгар байрыг өндөр үнээр авахын оронд хашаатай хүн хүссэнээрээ амьдрах боломжтой. Гаднаа гараж, тоглоомын талбайтай, мод ургуулж, хүнсний ногоо тариалах гэхчлэн хавьгүй идэвхтэй амьдралын хэв маяг оршдог. Нөгөөтэйгүүр хүссэн хэмжээгээр байшингаа өргөтгөж, өөрийн таалалд нийцүүлэн загварчлах боломжтой. Жишээ нь, сүүлийн үед нэвтрээд буй канад модон технологиор хүссэн загварын байшин босгоход дунджаар 50 сая төгрөгийн зардал гардаг аж. Харамсалтай нь, энэ их мөнгийг иргэнээс зээлэх, хамаатан саднаас авах боломжгүй, гагцхүү банк л олгоно. Өнөөх банк нь газар хэмээх үл хөдлөх хөрөнгийг тоодоггүйг дээр дурдсан. Гэвч Монголбанк, Засгийн газар амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болох талаар ярьж буй. Хэзээ шийдэгдэж, хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй ч дэд бүтцэд холбогдсон амины орон сууцыг зээлээр авах боломж нээгдэх нь дамжиггүй. Тэр цагт газрын үнэ нэмэгдэж, гэр хороолол орон сууцнаас ашигтай болох нь илт мэдрэгдэнэ.
Нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлж буй дахин төлөвлөлт хэрэгжиж дуусвал одоо байгаа газрын үнэ ханш нэмэгдэх нь дамжиггүй. Улмаар хот цэвэр агаартай, эмх цэгцтэй болох юм. Хотын бүтээн байгуулалттай холбогдуулан нэг өрхийн хашаа, байшинг 25 сая төгрөг, албан байгууллагын хөрөнгийг 100 сая төгрөгөөр тооцож нөхөн олговор олгох гэнэ. Үүнээс гадна нүүх зардал, завсрын үеийн нөхөн сэргээх зардал, өөр хашаа, орон сууц авах хүртэл амьдрах түрээсийн байрны мөнгө, нүүхтэй холбогдон ажлаас цалинтай чөлөө авах, шинээр худалдан авах газрын бүртгэл, татвар, хураамж, газраа хугацаанд нь чөлөөлсний 10 хувийн урамшуулал олгох аж. Мэдээж эдгээр нь дундаж үзүүлэлт юм. Энэ мэтээр таны үл хөдлөх хөрөнгийг 25 сая төгрөгөөр дундажлаж байгаа ч дэд бүтэцтэй болчихсон, тохилог амины сууц болсон хойно бүр илүү үнэ хүрэх талтай. Тэр цагт Улаанбаатарын агаарын бохирдлын 50 хувийг үүсгэгч 180 мянган гэр хороолол үгүй болж, агаар хоёр дахин цэвэршинэ. Адилхан дэд бүтэцтэй гэр хороолол, орон сууцны аль нь ашигтайг дэнслээд үзээрэй.