Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хороолллыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Азийн хөгж­лийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хө­рөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүү­­жилтийн ерөнхий хэлэл­цээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баяр­сайхан танилцуулсан юм.
Манай улсын нийт хүн амын 1.3 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр зургаан хувиар өссөөр иржээ. Үүнээс үүдэн хотын төвд хэт нягтрал үүсч, гэр хорооллын иргэд нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүртэх болон эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдмал байсаар байгаа. Тиймээс тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтарч “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр тусгаад байгаа юм байна. Хөтөлбөр хэрэгжих 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх бай­гууламж, дулааны үйлчил­гээг нэмэгдүүлэх, ний­­гэм, эдийн засгийн дэд бүт­цийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төс­лийг хэрэгжүүлэх байгуул­лагыг чадавхижуулах ажлыг гүйцэтгэхээр зорьжээ. Хөтөл­бөрийн хүрээнд гэр хо­роол­лын зургаан дэд төв байгуулагдах юм байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, дээрх төслийн талаархи санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.Үүний дараа “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2013 оны 41 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг мөн хуралдаанаар шийдлээ. Энэ төслийг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн юм.Төслийн танилцуулгад дурдсанаар, олон улсын туршлагыг судлан үзэхэд Засгийн газрын үнэт цаасны арилжааг төв банкаар эсхүл Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах нийтлэг зохицуулалт байх­гүй бөгөөд энэ нь тухайн орны санхүү, эдийн зас­гийн бүтэц, онцлогоос ха­маар­даг юм байна.Монгол Улсын санхүүгийн сал­барт арилжааны банк давамгайлсан бөгөөд нийт хөрөнгийн 96 хувийг эзэлж байгаа. Энэ тохиолдолд зөвхөн арилжааны банкууд Засгийн газрын үнэт цаасны хөрөнгө оруулагчид байж чадах бөгөөд өнөөгийн нөхцөлд бусад оролцогчдын оролцоо маш бага ажээ. Тиймээс Монголбанкаар “зууч­лагч”-ийн үүргийг гүй­цэтгүүлж, тус банкаар дамжуулан Засгийн газрын үнэт цаасны зах зээлийн арилжааг гүйцэтгэх нь манай нөхцөлд илүү тохиромжтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг хөгжүүлэхийн тулд Засгийн газрын үнэт цаасыг худалдах, худалдан авах, шилжүүлэх, барьцаалах, репо хэлцэл хийх шат дамжлага бага, хялбар байх ёстойгоос гадна зардал, шимтгэл нь зохимжтой түвшинд байх нь зүйтэй юм байна. Гэвч өнөөгийн байдлаар дээрх гэрээ хэлцлийг хийх шимтгэл, зардал хэт өн­дөр, шат дамжлага ихтэй байгаагийн улмаас хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварт сөргөөр нөлөөлж буй аж. Тиймээс дээрх тогтоолд буй “хөрөнгийн зах зээлийг дэмжих бодлогын хүрээнд Засгийн газрын урт хугацаат өрийн хэрэгслийг Хөрөнгийн биржээр дам­жуулан арил­жаалах арга хэмжээг авах” гэсэн заалтыг хасахаар тусга­сан байна. Ингээд гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн саналтай байсан учир тэрхүү санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан