Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та ажлаа аваад нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд нийтийн тээврийн салбарт хийсэн ажлаасаа танилцуулаач?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар метрог 2016-2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг батлуулсан. УИХ-аар Сэлбэ, Баянхошууг холбосон тусгай замын автобус буюу BRT төслийг хэлэлцүүлэх шатандаа явж байна. Энэ дэмжигдвэл нийслэлийн нийтийн зорчигч тээврийн салбарт том бүтээн байгуулалт эхлэх юм. Энэ жил нийтийн тээврийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, Нийслэлийн тээврийн газар болсон. Ингэснээрээ зөвхөн нийтийн тээвэр гэлтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа бүхий л автомашинд хяналт тавьж ажиллах шаардлагатай болсон. Үүний дагуу Замын цагдаагийн газраас олгож байсан ачааны машины замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг манай газар хариуцан ажилладаг болсон. Өмнө нь их чирэгдэл учруулдаг байсан энэ асуудлыг шийдэхийн тулд бүрэн цахим системд шилжүүлж нэг цэгийн үйлчилгээг нээсэн. Одоо аж ахуйн нэгж болон хувь хүн энэ зөвшөөрлийг цаг хугацаа алдалгүй, түргэн хугацаанд авах боломжтой болсон. Ер нь манай үйл ажиллагаатай холбоотой асар их гомдол иргэдээс ирдэг. Үүнийг нуух юм алга. Энэ бүх асуудлыг манайх үе шаттайгаар шийдээд явж байна. Ирэх жилээс хяналтын системээ сайжруулж, бүртгэлийн санд бүртгэгдсэн бүх автобусуудыг GPS системд холбож, камержуулна. Өнгөрсөн жилээс автобусуудыг нэгдүгээр эгнээгээр явуулж эхэлснээр түгжрэл тодорхой хэмжээгээр багассан. Тухайлбал, хотын төвөөр дунджаар цагт 10 км явж байсан автобус, нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр цагт 20 гаруй км -ийн хурдтай явдаг болсон. Үүний үр дүнд зорчигчид нийтийн тээврээр үйлчлүүлэх урсгал нэмэгдсэн. Нэг арга барилаар олон жил явсан учраас нийтийн тээвэрт өөрчлөлт хийхэд бэрхшээл багагүй бий. Жишээ нь, цоо шинэ чиглэл гаргана гэхэд л зорчигчид магадгүй 20 жил явсан чиглэлийг маань яагаад өөрчлөв ч гэдэг юм уу. Үнэ тарифийн хувьд гэхэд хотын нэг захаас нөгөө зах хүртэл 400 төгрөгөөр явдаг гэх мэт маш олон асуудлууд байна. Асуудал ихтэй хэцүү салбар гээд хуучнаар нь байлгалгүй эхнээс нь шийдээд явж байна.
-Тухайлбал?
-Та бүхэн мэдэж байгаа байх. Сурагчийн автобусыг туршилтаар явуулж эхлээд байна. Хотын захын улсын сургуулиудын хүүхдүүд ямар чиглэл маршрутаар, хаанаас хаа хүрдэг талаар Нийслэлийн боловсролын газартай хамтраад судалгаа хийж байна. Эндээс тулгамдаад байгаа газруудаа сонгож авсан. Нарангийн гол гэж Сонгинохайрхан дүүргийн эцсийн буудлаас цааш 62 сургууль хүртэл дөрвөн ерөнхий боловсролын сургууль дамжин автобус явуулж байгаа. Энэ бол энгийн үйлчилгээнд явдаг автобус. Манайхаас ажиглалт хийж үзэхэд иргэд ийм үйлчилгээнд талархалтай хандаж байна. Бас нэг асуудал бол захын буудлууд байгаа юм. Тэрэлж, Налайх, Сонгино, Биогоос ирдэг автобусууд шууд хотын төв хүртэл явдаг. Хол явах тусмаа эргэлтийн хугацаа нь удаан. Эргэлтийг хурдан болгохын тулд туулах замыг нь богиносгох ажил хийж байна. Ингэхээр иргэд илүү үнээр явах нь гэж ойлгох хэрэггүй. Жишээ нь, Биогоос 800 төгрөгөөр ирдэг байсан бол богино эргэлттэй болсноор Нисэх хүртэл 400 төгрөгөөр яваад, тэндээс хотын төв орохдоо хөгшид, оюутнууд гэх мэт хөнгөлөлт эдэлдэг хүмүүс хөнгөлөлтөөрөө үнэгүй явна гэсэн үг. Ер нь, богино эргэлттэй болсноор 800 төгрөгийг хувааж төлж байгаа гэсэн үг. Дэлхийн том хотуудад байдаг жишгийн дагуу “Чингис хаан” нисэх буудлаас аэропорт экспресс үйлчилгээ явуулах ажлыг эхлүүлсэн. Гэвч хоёр сар гаруй ямар ч орлогогүй байсан учраас зогсоогоод байна. Гэхдээ үүнд шантрахгүй, ирэх жилээс дахин эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн улсын их баяр наадмаар Дүнжингарав-Төв цэнгэлдэх хооронд үнэгүй автобусыг наадамчин олонд зориулан үйлчилгээнд явуулсан.
-Хүмүүс такси хөлслөөд нисэх буудал хүрч чадахгүй учраас буухиа автобустай байх шаардлага бол байгаа биз дээ?
-“Чингис хаан” нисэх буудлынхнаас мэдээлэл авахад өнгөрсөн онд 1,5 мянган хүн үйлчлүүлж байна гэсэн судалгаа байна. Манайд одоо таксигаар үйлчлүүлэх эсвэл хүнээр тосуулах хоёр л сонголт байна шүү дээ. Том автобус явуулдаггүй юм бол жижиг оврын автобус явуулахаар судалж байна.
-Хотын хөгжил хааш хаашаа тэлж байгаа нөхцөлд автобусны богино эргэлт зайлшгүй шаардлагатай. Энэ ажлыг аль чиглэлээс хийж эхэлсэн бэ?
-Био, Туул тосгон, Нисэхийн хооронд энэ төрлийн зохицуулалтыг хийгээд эхэлсэн. Туул тосгоноос нисэхийн эцэс хүртэл богино эргэлт хийж байгаа. Өмнө нь Туул тосгон-нисэх-хотын төв ортол нийтдээ 68 км явдаг байсан бол богино эргэлт хийснээр иргэд 48 км замд ямар нэг түгжрэлгүй явж дараагийн унаандаа суух боломжтой болж байгаа юм. Биогоос Баруун 4 зам хүртэл явдаг байсныг Биогоос Сонсголонгийн замаар вокзал гэсэн байдлаар төлөвлөөд байна. Энэ төлөвлөлт нь Сонсголонгийн иргэдэд зөвхөн М12 чиглэл үйлчилж ачааллаа дийлэхгүй байна гэсэн санал гомдлын дагуу нэмэлт автобус гаргаж давхар шийдэж өгч байгаа юм. Дараагийн ээлжинд Налайх, Орбит, Зүүнсалаа болон Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлүүдийг судалгааны үндсэн дээр богино эргэлтэд оруулна.
-Тэгэхээр автобусны тоог нэмж таарах байх. Ер нь одоо хэдэн автобус үйлчилгээнд явдаг юм бэ?
-Манай бүртгэл мэдээллийн санд 1000 гаруй автобус бүртгэлтэй байдаг. Өдөрт 890-ээд автобус үйлчилгээнд гарч байна. Гэхдээ оргил ачааллын цагаас харахад тодорхой хэсгүүд дээр автобусны тоо хүрэхгүй байгаа. Ирэх жил парк шинэчлэлийн сангаас том болон дунд оврын автобусны шинэчлэл хийх гэж байгаа. Ингэхээр автобусны хүрэлцээ сайжрах байх гэж бодох байна. Гэхдээ оргил ачааллын цагаар таван автобус явж байсан бол арав болгочихьё. Тэгээд ачаалал багассан цагуудад тоог нь багасгая. Энгийн үед бол 700 автобус үйлчилгээнд явахад хэвийн үйл ажиллагааг хангана гэж үзэж байгаа.
-Парк шинэчлэлийг жил бүр хийдэг үү?
-Үнэндээ сүүлийн таван жил манайх парк шинэчлэл хийгээгүй гэж болно. Хамгийн сүүлд 2009 онд Солонгосын “Дэйвү”-гээс 400 автобус оруулж ирсэн. Түүнээс хойш шинэ автобусаар парк шинэчлэл хийгээгүй.
-Манайх дотооддоо троллейбус үйлдвэрлэж байгаа. Парк шинэчлэлийн хүрээнд дотоодын үйлдвэрлэлээ дэмжихдээ танайх ямар бодлого баримталж байна вэ?
-Цахилгаан тээвэр компанийн хийж байгаа троллейбус улам сайжирч байна. Нэгдүгээрт өнгөрсөн хугацаанд 20 гаруй троллейбус үйлдвэрлэсэн. Энэ жил 10 гаруйг үйлдвэрлэх гэж байгаа шүү дээ. Өнгөрсөн жил нэг шугам ашиглалтад оруулсан. Хоёрдугаарт, монголчууд автобус угсарч эхэлж байна. Ямар ч гэсэн монгол инженерийн ур ухаанаар бүтсэн монгол автобус гарч ирвэл манай байгууллага дэмжинэ. Эхний ээлжинд “Эрдү” гэж компани автобус үйлдвэрлэсэн, түүнийг үйлчилгээнд явуулж байгаа.
-Автобусанд GPS суулгаснаар ямар давуу талтай юм бэ?
-GPS суулгаснаар тухайн автобус цагаараа, маршрутаараа явж байна уу гэдгийг хянана. Үйлчилгээний шинэчлэлтэй холбоотой бас нэг чухал зүйл бол цахим төлөлтийн асуудал. Өдгөө дэлхий нийтэд автобусны мөнгөө утсаараа, цахим картаараа, бүр түлхүүрийн оосроороо хүртэл уншуулж байна. Бид 5-10 мянган төгрөгөөр утсаа цэнэглээд яриад болоод байдаг шүү дээ. Түүн шиг заавал өдөр болгон тасалбар аваад явахгүйгээр шийдэж болно. Төлбөрийн систем бол гурван үе шаттайгаар томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Үүнийг ирэх жилээс тодорхой шугам дээр цахим төлбөрийн системийг оруулж ирэхээр ажиллаж байна. Санхүүгийн асуудал шийдэгдчихвэл энэ жил ч хийх боломжтой.
-Зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээ гэлтгүй бусад төрлийн тээврийг танайх хариуцаж байгаа. Энэ тал дээр ямар бэрхшээл байна вэ?
-Ачааны том оврын автомашинуудын асуудал байна. Нэг сэтгэл эмзэглэж байгаа зүйл гэвэл стандартын бус гэж нэрлэдэг даац хэтэрсэн автомашинууд хотын замаар явж байна. Гэтэл тэр замыг хэдэн тэрбум төгрөгөөр заслаа. Үүнд анхаарал тавих зайлшгүй шаардлагатай байгаа. Ер нь аль ч хотын нүүр царай нийтийн тээврийнхээ үйлчилгээнээс харагддаг. Үүн дээр ч хотын дарга их ач холбогдол өгч байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2016 он хүртэл нийслэлийн тээврийн бодлого стратегийн хөтөлбөрийг оруулж, батлуулах гэж байна. Үүнд төслөөр болон төсвөөр ямар хугацаатайгаар, ямар байгуулагатай хамтарч ямар ажлууд хийхээ тодорхой заана. Өөрөөр хэлбэл нийслэлийн нийтийн тээврийн салбар 2016 он хүртэл юу хийх нь тодорхой болно гэсэн үг. Ярианыхаа төгсгөлд Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ойн баярын мэндийг нийт Улаанбаатарчууддаа хүргээд, соёлтой үйлчлүүлэхийг уриалъя. Ирэх жил нийтийн тээврийн салбарт томоохон бүтээн байгуулалтын жил болно.