Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуулиант шүүх ажиллагаанууд


Шүүх ажиллагаа болгон хэн нэгний хувь тавилан ирээдүйг шийдэж байдаг болохоор тус бүрдээ л оролцогч талуудын хувьд хамгийн хамгийн байх нь мэдээж.  Гэхдээ энэ олон хамгийн хамгийн гэсэн шүүх ажиллагааны дотроос зарим нь тухайн улсын төдийгүй дэлхий дахины түүхэнд асар чухал нөлөө үзүүлсэн байдаг юм.

Нацистуудыг шүүсэн нь

Дэлхий дахинд нөлөөлсөн хамгийн анхаарал татах шүүх ажиллагаа нь 1945 онд Германы Нюрнберг хотноо болсон олон улсын шүүх юм. Энэ шүүхээр дэлхий дахинд үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө 1945 онд нацист Германы экс удирдагчдыг шүүсэн. Тавин сая хүний амийг авч одсон аймшигт дайныг олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөрчин өдөөсөн, эзэлсэн газар нутагтаа яс үндэс, шашин шүтлэгээр ялган хоморголон устгах ажиллагаа явуулсан гэх мэт хэрэгт нацист нам, түүний удирдагчдыг буруутгасан. Шүүх 403 удаа хуралдсан бөгөөд эцэст нь шүүхээс Герман Геринг, Иоахим фон Риббентроп, Вильгельм Кейтел, Эрнст Кальтенбруннер, Альфреда Розенберг, Ганс Франк, Вильгельм Фрик, Юлиус Штрайхер, Фриц Заукел, Артур Зейсс-Инкварт, Мартин Борман, Альфред Йодль нарт цаазаар авах ял оноосон. Цаашлаад Рудольф Гесс, Вальтер Функ, Эрих Редер нарт бүх насаар нь хорих ял оноосон юм. Нюренбергийн шүүх нь цаашдаа хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шүүдэг олон улсын шүүхийн үндэс болсон билээ.

Хувьсгалын эсэргүү нарыг шүүсэн нь

Манай улсын хувьд улс төрийн том үр дагавартай олон шүүх ажиллагаа болж байлаа. Эдгээрээс Лхүмбийн хэргийг онцлох нь зөв болов уу. Намын Төв хорооны нарийн бичгийн дарга байсан Лхүмбэд Японы тагнуул, хувьсгалын эсэргүү бүлэг байгуулах гэсэн хэмээн зохиомол хэрэг тулган шүүсэн энэ шүүх ажиллагаа цаашид олон жилийн туршид Монголд үргэлжилсэн Их хэлмэгдүүлэлтийн эхийг тавьсан юм.  Сталин болон түүний гар хөл бологчид нь өөрсдийн явуулж байгаа хэлмэгдүүлэлтийг олон нийтийн өмнө зөвтгөх, хуулийн дагуу мэт болсон гэж харагдуулахын тулд зохиомол шүүх ажиллагаа явуулдаг онцлогтой байв.
Зөвлөлтийн хувьд улс төрийн хамгийн аймшигт үр дагавартай нь тухайн үеийн Ленинград хотын намын хорооны дарга байсан Кировыг алсан Николаев гэгчийг шүүсэн хэрэг юм. Цэвэр хувийн өс хонзонгийн сэдлээр үйлдэгдсэн гэмт хэргийг улс төрийн болгон хувиргаж Сталины заналт дайсан Троцкийн талыг баримтлагч Зиновьевийн байгуулсан  бүлгийн даалгавраар үйлдсэн гэж хэд хэдэн хүнийг хилсдүүлэн цаазаар авах ял өгөөд ялыг цагийн дараа гүйцэтгэсэн байдаг. Энэ хэргийн дараанаас “Троцкист ” гэсэн ялаар сая сая хүн хилс хэргээр шүүгдэн хэлмэгдсэн.

Дарангуйлагчийг шүүсэн нь

Араб дахинд том нөлөө үзүүлсэн улс төрийн шинжтэй өөр нэг шүүх ажиллагаа нь Иракийн дарангуйлагч асан Саддам Хусейнийг шүүсэн ажиллагаа байлаа. Америкчууд Хуссейнийг үй олноор устгах зэвсэг үйлдвэрлэж байна гэж буруутган Иракийг байлдан эзэлж, дарангуйлагчийг олзолсон. Гэвч тийм зэвсэг илрээгүй учраас эвгүй байдалд орсон.  Тиймээс эзэлсэн зорилгоо яаралтай өөрчлөх шаардлагатай болоход харгис дарангуйлагчаас  иракчуудыг чөлөөлсөн дайн болж хувирсан. Ингээд чөлөөлснийхөө дараа Саддамыг шинээр байгуулсан Иракийн шүүхээр шүүлгэсэн юм. Шинэ Иракийн шүүх нь Саддамыг улс төрийн хэлмэгдүүлэлт явуулсан, иргэдийнхээ эсрэг зэвсэг хэрэглэсэн, улсын өмч шамшигдуулсан гэх мэт олон хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон. Энэ шүүх ажиллагаа нь ардчиллыг тогтоохын төлөө гадаадаас тусламж авч, дарангуйлагчийг түлхэн унагаж төр эргүүлсэн бусад орны хувьсгалчдад үлгэр жишээ болсон юм.

Ливийн дарангуйлагч Каддафийг олзолсон хүмүүс тэр дороо хөнөөгөөгүй байсан бол яг ийм төгсгөл хүлээж байлаа. Египетийн экс Ерөнхийлөгч Мубаракийг шүүх ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Гэхдээ Йемен ба Тунисын дарангуйлагч нар босогчидтой тохиролцоо байгуулан сайн дураар эрх мэдлээ шилжүүлснээр шүүгдэлгүй өнгөрсөн. Гэвч улс төр нь ийм тогтворгүй байгаа үед ээлжит удаагаа төр эргэсний дараа энэ хоёрыг ч шүүхийг шаардахгүй гэх газаргүй.

Алан хядагчийг шүүсэн нь

Олны анхаарлыг маш ихээр татсан бас нэг хэрэг нь Норвегийн алан хядагч Бревикийг шүүх ажиллагаа. Цуврал алан хядах ажиллагаа үйлдэж, 77 хүний аминд хүрсэн түүнд Норвегийн шүүхээс хуулийн дээд хэмжээ буюу 21 жил хорих ял оноосон нь дэлхийн нийтийг ёстой л алмайруулж орхисон. Брейвик нь гэмт хэргийг анхнаасаа төлөвлөн, хэргээ бүрэн ухамсарлаж байсан гэдгээ мэдэгдсэн. Гэсэн атлаа  улсад олон соёлт нийгэм байгуулах бодлогоос  Норвеги улсыг хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж мэдэгдээд өөрийг нь цагаатгахыг шаардаж байлаа. Улс төрийн шалтгаан эсвэл алдар нэрд гарахын тулд ямар ч гэмгүй олон хүний аминд хүрсэн хэрэг олноор гарах болсон үед ийм аймшигт хэрэгт оноосон ял олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татсан билээ.
 
Авлигын эзэнг шүүсэн нь

Сүүлийн үед гарсан өөр нэгэн дуулиант хэрэг Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийг шүүх ажиллагаа байв. Берлусконийг насанд хүрээгүй эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, өөрийн  мэдэлд байдаг компаниудаа татвараас бултуулсан, их хэмжээний авлига авсан гэж гурван ял тулгасан шүүх ажиллагаа дэлхий нийтийн анхаарлыг татсан бас нэгэн шүүх ажиллагаа байлаа. Эцэст нь Берлусконийг  компаниа татвараас бултуулсан хэрэгт буруутай гэж үзэн дөрвөн жил хорих ялаар шийтгэсэн ч цагаатгалын хуулиар гурван жилийг нь хасаад, нас дээр гарсныг нь харгалзан үзээд үлдсэн нэг жилийг гэрийн хорионд өнгөрүүлэхийг зөвшөөрснөөр энэ шүүх ажиллагаа дууссан. Ер нь сүүлийн тав зургаан жилд төрийн эрх барьж байсан хүмүүс тушаалаасаа буумагцаа шүүхийн хаалга татдаг хандлага ажиглагдаад байгаагийн нэг жишээ нь энэ. Өөр жишээ гэвэл Оростой хэлэлцээр хийхдээ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Украйнд алдагдалтай гэрээ байгуулсан гэж долоон жилийн хорих ял авсан ЮлияТимощенко байна.

Тэрбумтан нарыг шүүсэн нь

Тэрбумтнууд гэдэг үнэхээр л тэрбумтнууд байдгийг харуулсан бас нэгэн дуулиант шүүх хурал энэ жил Лондонд болж өнгөрсөн. Абрамович ба талийгаач Березовский хоёрын маргааныг шийдэхээр явагдсан энэ шүүх хурал дэлхий нийтийг үнэхээр алмайруулсан гэж болно. Березовский агсан нь 1990 онд наймаа хийхдээ таван тэрбум гаруй ам.доллар дутуу авснаа нөхөж авахаар Абрамовичийг шүүх өгснөөр энэ дуулиан эхэлсэн. Тэр хоёр Британийн хамгийн үнэтэй гэсэн өмгөөлөгчид хуульчдын багийг ухаан санаанд багтамгүй өндөр үнээр хөлслөн шүүхээр нэгийгээ үзсэн. Шүүх хурлын явцад 1990 оны зэрлэг капитализмын үед хүмүүс хэрхэн баяждаг, улсын хөрөнгийг яаж иддэг байсан, үүнд нь улс төрийн өндөрлөгүүд ямар үүрэг гүйцэтгэдэг нь олон нийтэд ил болж байлаа. Эцэст нь шүүхийн шийдвэрээр Абрамович ямар ч мөнгө төлөх ёсгүй болоход ялагдсан Березовский нь ялсан талын шүүхийн зардал болох 100 сая ам.долларыг төлөхөөр болж таарсан юм. Березовскийг нас барахад энэ шүүхийн гаргасан шийдвэр нэлээд нөлөөлсөн байх гэж үздэг.

“Pussy Riot”-ийн шүүсэн нь

Дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн их татсан бас нэгэн шүүх хурал нь оросын “Pussy Riot” нэртэй панк хамтлагийнх байлаа. Панк чиглэлээр тоглодог энэ хамтлаг нэрд гарахын тулд хачин содон зүйл хэд хэдийг сэдэж байсан ч тухай бүр хэсэгхэн хүний анхаарал татсан болоод өнгөрдөг байж. Ингээд аргаа бардгийн даваан дээр хамтлагийн охид нэрд гарах мэргэн арга сэджээ. Москвад байдаг Оросын үнэн алдарт шашны хамгийн гол дугана болох Аврагч Христийн  дугана руу нүүрэндээ баг углан дайрч ороод лам нар уншлага уншдаг тавцан дээр гарч “Ариун дарь эх минь Путинийг зайлуулж хайрла” гэсэн үгтэй панк залбирал унших нь тэр. Гэвч үүнээсээ хэдхэн хоногийн дараа цагдаад баригдан түр саатуулагдлаа, хүний сүсэг бишрэлийн доромжилсон гэж эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээр шийтгэгдэх болов. Энэ үйлдэл тэр даруй л дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархан олон нийтийн анхаарлыг татсан юм. Өрнөдийн хэвлэлүүд Путинийг доромжилсан хамтлагад ямар шийтгэл  ногдуулах талаар өдөр болгон шахуу мэдээлж, тайлбарлаж байв. Хамтлагийн гурван гишүүнд тус бүр хоёр жил хорих ял оноосны дараагаар тэднийг суллахыг шаардсан кампанит аян дэлхийн олон оронд болсон. Дэлхийд нэртэй одод, улстөрчид Путинд хандан захидал бичиж тэднийг нэн даруй суллахыг шаардаж байв. Тэр ч бүү хэл Холливудын нэг продюсер шоронд байгаа гишүүдтэй гэрээ байгуулж суллагдмагц нь тэдний талаар кино хийх зөвшөөрлийг олон саяар авсан тухай ч яригдаж байсан. Дэлхий нийтээр Путины Орос орон ямар муухай харгис хатууг гайхан шүүмжилсэн. Харин оросууд өөрийнхөө улсад болсон гээд бодоод үз гэсэн ганц л хариу өгсөн. Жишээлэхэд  хамтлаг Саудын Аравид лалын шашны сүмд ийм үйлдэл хийсэн бол яах байсан бэ? Амьд гарч ирэхгүй л байсан байх гэсэн. Ямартай ч энэ шүүх ажиллагаа нь хэн ч мэдэхгүй, авьяас тааруу охидын байгуулсан хамтлагийг дэлхийн хамгийн нэртэй брэнд болгож хувиргасан юм.

Бо Силайг шүүсэн нь

Хятадын улс төрийн хамгийн ирээдүйтэй залуу боловсон хүчин, ханхүү гэх мэтээр цоллогдож, 10 жилийн дараа Хятадыг удирдах магадлалтай гэгдэж байсан Бо Силайд бүх насаар нь хорих ял оноосон шүүх ажиллагаа дэлхийн нийтийн анхаарлыг маш ихээр татсан. Хятадын эрх баригчид намын өндөр дээд албан тушаалтнуудтай холбоотой мэдээллийг тэр бүр олон нийтэд ил болгоод байдаггүй. Гэтэл энэ удаад хятадын элитүүд хөнжил дотроо хөлөө сайн жийлцсэн бололтой “ханхүү” Бо Силайг шүүх ажиллагааны талаар дэлхийн хамгийн нэртэй хэвлэлүүд мэдээлж, олон нийт гайхан уншиж байлаа. Хөөрхий Бо Силайг баллах боломж гаргасан хүн нь эхнэр нь.  Энэ эмэгтэй Британийн нэгэн бизнесменийг санаатайгаар хордуулан алсан болохыг Хятадын олон нийтийн аюулгүй байдлын яам олж мэдсэний дараа хамаг хэрэг эхэлсэн байна. Эхлээд эхнэрт нь хоёр жил хойшлуулсан цаазаар авах ял оноож, нөхрийг нь улс төрийн товчооноос, дараа нь намаас гэх мэт шат дараалан бууруулж давхар шүүсээр эцэст нь бүх насаар нь хорих ял оноосон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан